Кино урлагийн дэвшил буюу театруудын өрсөлдөөн

527-14752007709-30-3_700x700Намар бол кино уран бүтээлчдийн хамгийн идэвхтэй улирал.  Тэд зун, өвөл, хавар киноны санаагаа бодож, зураг авалт, монтажаа хийж, намар үзэгчдийг киногоор “бөмбөгддөг”.

Энэ намрын кино уран бүтээлчдийн өнгө аяс нэг л өөр, тайван байна. Учир нь кино театргүй гэх зовлон тэдэнд үгүй болжээ.  Кино зохиол  бичихтэйгээ зэрэгцэн киноныхоо нээлтийг хийх захиалгаа өгч, тэр л хугацаандаа амжуулах гэж яарч сандарч, амьсгаа өндөр яваа уран бүтээлчидтэй олон таарч байв.  Мөн киногоо нээхийг тулд “Тэнгис”,”Өргөө” кино театрын менежерт ардын жүжигчин, гавьяатууд маань өвдөг сөгдөх нь холгүй байдаг гэх элдэвтэй яриа ч бий.
 Гурван жилийн өмнө гэхэд “Зоорь” нэр­тэй аймшгийн ки­ног жүжигчин Т.Мөнгөн­тулга тэргүүтэй уран бүтээлчид хийж, гаргах кино театр олдохгүй байсаар тэдний хүч хөдөлмөр талаар болж байсан удаа бий.  Мөн “Тэнгис”, “Өргөө” гэх хоёр  кино театр монопол байдлаа ашиглан киноны ашгаас 50-60 хувийг нь хүртэж, мөн төлбөртэй авто зогсоол хүртэл ажиллуулдаг байв.  Тэдний “даварсан” гэмээр энэ үйлдэл одоо зах зээлийн хуулиараа хумигдаж байна.   Кино урлагийнханы шүдний өвчин болсон театрын хомсдол эхнээсээ арилж байна.  Энэ нь киноны салбарт наран мандаж байгаатай адил хэмээн Кино урлагийн академийн ерөнхийлөгч Д.Цогтбаяр хэлж байсан.
Түүх сөхвөл, 2003 онд орчин үеийн шаардлагад нийцсэн “Тэнгис” кино театр  нээгдэж, 2009 онд хуучны “Өргөө” кино театр мөн шинэчлэгдэн байгуулагджээ.  Удалгүй “Өргөө 2”, “Соёмбо” зэрэг кино театр үүдээ нээв. Харин одоо “Хүннү”, “Гэгээнтэн”, “IМAX”, “I cinema”,  “Corporate”  зэрэг дэлхийн хэмжээний дуугаралт,  өнгө ялгаралт бүхий театруудтай боллоо. “Тэнгис”, “Өргөө”-д кино үзэх, киногоо нээх нь  үзэгчид болоод уран бүтээлчдэд сонин биш болов. Хамгийн сүүлд гэхэд гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаад хадаг” кино “I cinema” театрын тайзнаа нээлтээ хийлээ. Мөн зарим кино театрын тухайд цоо шинэ технологи, тохижилт, орчинг бүрдүүлж  байгаагаараа үзэгчдийг татаж байна.
Тухайлбал, Монголдоо хамгийн том гэгдэх   “IMAX” театрын дэлгэц нуман хэлбэртэй бөгөөд дөрвөн давхар байшинтай тэнцэж байна.  Харин “Corporate”  театр  дуу, дүрсний гайхамшгийг мэдрүүлэх шилдэг 4К нягтралтай ажээ.  Энэхүү кино театр нь ОХУ-ын 1980-аад оны алдарт бүтээл болох “Экипаж” киноны хоёрдугаар анги болох “Нислэгийн баг: Амь өрссөн даалгавар” киногоор саяхан нээлтээ хийв. Нислэгийн үеийн буулт болон агаар дахь тулааныг яг хажуугаас нь үзэж буй мэт сэтгэгдлийг төрүүлсэн хэмээн үзэгчид нь сэтгэл өндөр байлаа.  “Гэгээнтэн” кино театрын тухайд багачууд болон өсвөр үеийнхний дунд илүүтэй  “моод” болоод байна.
“Би “Гэгээнтэн”-д очино” гэж хошуугаа унжуулан аав ээждээ эрхлэх  хүүхэд олон байна. Дэлхийд  нээлтээ хийгээд удаагүй байгаа хүүхэлдэйн кинонууд зөвхөн тэдний дэлгэцээр гарч байгаа.   Аав ээж нь хүүхдээ дагуулан очно, кино үзүүлж, тоглоом тоглуулна, дуртай зүйлийг нь авч өгнө.  Ийнхүү хүүхдийн тоглоомын төв болон хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадсан нь тус кино театрын маркетинг юм.  Энэ мэтчилэн  кино театр нэмэгдэх бүрт киноны тоо нэмэгдэж, энэ төрөлд эргэлдэх мөнгөн дүн ч чамлахааргүй хэмжээнд хүрч байна.  Өдгөө манай зах зээлд 500 орчим кино продакшн үйл ажиллагаагаа явуулж байна.  Монголд  2013 онд 22 кино нээлтээ хийж, кино театруудаас нийт 2.6 тэрбум төгрөгний орлого олжээ. 2014 онд  нээлтээ хийсэн киноны тоо 39-д хүрч киночид дөрөв орчим тэрбум төгрөгний орлого олжээ.
Харин өнгөрсөн онд 60 гаруй монгол кино нээлтээ хийв. Түүнээс киночид арав орчим тэрбумын орлого олсон гэсэн судалгаа бий.  2016 оны судалгаанаас илүү их тоо, илүү сайн мэдээ  сонсогдоно гэдэгт найдаж байна.  Олон улсын стандартад 20 мянган хүнд нэг кино ноогддог ажээ.   Тэгэхээр манай нийслэлд  дор хаяж 60 кино театр байж бид дэлхийтэй хөл нийлүүлэх юм.  Хоёрхон кино театртаа багтахгүй бухимдаж, уран бүтээлчид нь хоёр кино театрын суудалд захирагдан  санхүүгээрээ шатаж явсан цаг саяхан билээ.  Харин одоо бид том жижиг нийлсэн 10 гаруй кино театртай боллоо. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Кино урлаг хөгжил рүү алхаж байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих