Г.Дэнзэнгийн баривчилгаа Н.Алтанхуягт өгсөн сануулга уу?

11АН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчид рүү ирж буй дайралтууд үргэлжилсээр байна гэсэн таамаг цахим ертөнцөд өчигдөр хөвөрлөө. Ийм таамаг гарсан нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнг барьж хорьсонтой холбоотой бололтой. Учир нь, энэ явдлаас өмнө С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Э.Бат-Үүл ч бас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөртэй улстөрч билээ.

1.
Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг аливаа сонгуулийн хамгийн том акц болдог.Харамсалтай нь, бүхний анхаарлыг татдаг энэ хэргийн үнэн мөнийг тогтооход бус сонгуулийн өмнөх шоу болгодог болоод удлаа. Саяхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл хавтсан дээрээ С.Зориг агсны зураг бүхий ном барин хэвлэлийн бага хурал хийлээ. Ингэснээр түүнийг хоёр дахь удаагаа тус хэргийн сэжигтнээр татагдсаныг олон нийт мэдсэн юм. Түүний мэдэгдлийн дараа олон нийт асуудлыг янз бүрээр дүгнэж байна. Нэг хэсэг нь гүтгэлэг гэж харж байгаа бол нөгөө хэсэг Ерөнхийлөгчийн сонгууль угтсан бусармаг, зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байна хэмээн тайлбарлаж байна.Э.Бат-Үүл баатар ч, бас АН-ын жирийн гишүүд ч хэвлэлийн бага хурал хийж Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж магадгүй хэмээн мэдэгдсэн. Э.Бат-Үүлийн хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших хамгийн өндөр магадлалтай улстөрч. Сонгуульд өөрөө ялсан ч багаараа ялагдсан учир хотын мээрийн ажлаа дахин хийж чадахааргүй болсон. Тэгэхээр түүний дараагийн нүүдэл нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр байсан байж мэднэ. Харин бодсоноос нь ч хэцүү замыг тэрээр туулах “даалгавар”-тай болж байх шиг байна.

2.
АН-ын лидерүүдийн нэг болох Н.Алтанхуяг УИХ-ын сонгуулийн дараа нэг хэсэг чимээ шуугиангүй байлаа. Харин саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд хатуу үг дайсан  ярилцлага өгч эхэлсэн. Гэтэл үүнтэй зэрэгцэн түүний хүргэн дүү Г.Дэнзэнг өнгөрсөн лхагва гаригт АТГ-аас баривчиллаа. Ярилцлага, баривчилгаа хоёр холбоотой эсэхийг баталж чадахгүй ч цаг хугацааны энэхүү давхцал нь сэжиг төрүүлж буй. Учир нь, Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдын хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өмнө нь сэжигтнээр татаж шалгаж байгаад суллачихсан. Гэтэл одоо дахиад барьсан нь Н.Алтанхуягт өгсөн сануулга гэх таамаг олон нийтийн сүлжээнд “тэнэж” байна. Нөгөөтэйгүүр, Н.Алтанхуяг бол АН-ыг даргалж байсан, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан улстөрч. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй улстөрч. Иймээс л эхлээд Э.Бат-Үүл, дараа нь Н.Алтанхуяг гэж хардах хэсэг байгаа ажээ.

Эх сурвалж:

Г.Дэнзэнгийн баривчилгаа Н.Алтанхуягт өгсөн сануулга уу?


URL:

Сэтгэгдэл бичих