2017 оны төсөв буюу архиар шараа тайлах сонголт
МАН цөөнх байхдаа “Монгол Улсын өр зээлийн бодит байдал”-ыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж байлаа. Энэ бол 2016 оны эхэн үе. Даргаар нь одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд ажиллаж, “Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адилхан” гэсэн ярилцлага өгч байлаа. Тэгвэл одоо 2016 он шувтрах шатандаа орж, МАН ч УИХ-д олонхи болжээ. Нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу. Энэ асуултад бодитой бөгөөд тодорхой хариу өгөх өдрүүд ойрхон иржээ.
Ирэх долоо хоногт УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. М.Энхболд даргатай, 65-ын бүдүүн бүлэгтэй энэ парламент анхны намрын чуулганаараа хэлэлцэх асуудал нь ч тодорхой гарчээ. Аль ч парламентын намрын чуулганаар хэлэлцдэг гол хууль нь ирэх оны төсөв, мөнгөний бодлого байдаг. Энэ удаад ч ялгаагүй. Өмнөхөөсөө ялгаатай нь урд жилүүдэд төсвийн хэлэлцүүлэг олохоо хэрхэн үрэх тухай өрнөдөг байсан бол энэ удаад үрчихсэнээ хэрхэн төлөх тухай яригдана. 2017 онд төлөх хуваарьтай Хөгжлийн банкны 580 сая ам.долларын үндсэн төлбөр, “Чингис” болон бусад бондын хүүгийн төлбөр гээд төлөх ёстой өрийн уртаас урт жагсаалт Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хүлээж байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн мэдэгдэж буйгаар 2017 онд Монгол Улсын төлөх өр, хүүгийн төлбөрийн хэмжээ 6.6 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Энэ бол 2016 онд олсноосоо, магадгүй 2017 онд олохоосоо ихийг ч өрөндөө төлөх ёстой гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний мөнгө төлөх боломж Засгийн газарт байна уу. Яг одоогийн нөхцөл байдалд Монгол Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас дутахаас биш, давах нь ховор болоод байна. Эдийн засгийн уналт, валютын ханшийн өсөлт гээд тооцвол нөхцөл байдал улам ч хүндрэх дүр зураг хүлээж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх “Онцгой хөтөлбөр”, 2017 оны төсвийн төслөөс л ерөнхий чиг шугам харагдах учиртай.
Тэгвэл хуулиараа аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьж, улмаар намрын чуулганы эхэнд УИХ-аар хэлэлцүүлдэг ирэх оны төсвийн төслийг Засгийн газар ерөнхийдөө боож дуусч буй бололтой. 2017 оны төсөв тойрсон ерөнхий мэдээллүүд ил тод болж эхэлжээ. Засгийн газрын хуваарьт хуралдаанаас гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өрөөнд болж буй “уулзалт”-уудаас харахад Монгол Улс өрийг өрөөр дарах буюу архиар шараа тайлахтай адил замыг сонгох магадлал өндөр болжээ.
Юу гэвэл, ирэх оны төсвийн орлогыг 5.9 их наяд төгрөгөөр тооцож УИХ-д оруулах гэж буйг Сангийн дэд сайд нь мэдэгджээ. Энэ бол 2016 оны төсвөөс даруй 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлогыг бууруулж тооцож оруулж ирэхээр дүн. Дээр нь татвар нэмэх, цалин хасах зэрэг төсвийн тодотголоор оруулж ирсэн саналууд нь МАН-ын бүлгээс улс төрийн дэмжлэг аваагүй учраас 2017 оны төсөвт ч орж ирэхгүй гэсэн мэдэгдлийг Засгийн газрын зүгээс хийгээд байгаа. Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ тухай “Ирэх оны төсвийн төсөлд татвар нэмэх санал оруулж ирэхгүй” гэж мэдэгдээд байсан бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа ч “УИХ, намын бүлгээр дэмжигдээгүй татвар нэмэх төслийг 2017 оны төсөвт оруулж ирэхгүй” хэмээн бататгажээ.
Цалин хасахгүй, татвар нэмэхгүй, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсээ үнэд хүргэж чадахгүй бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар ирэх онд төлөх ёстой 6.6 их наяд төгрөгийн өрийг хаанаас санхүүжүүлэх вэ. Гүйцэтгэх засаглалын төсөөлж байгаачлан Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Гацууртын ордыг хөдөлгөж, төмөр замын төслөө зүтгүүлсэн ч ганцхан жилийн дотор дөрөв, таван жилийн тансаглалын төлбөрийг төлж чадах нь юу л бол. Тиймээс л “Өрийг өрөөр дарах буюу архиар шараа тайлах” хувилбар руу хүссэн ч, эс хүссэн ч явж буй бололтой. Энэ тухай Сангийн дэд сайд “Ойрын хугацаанд энэ их өрийг дарах арга бол өрийг өрөөр дарах” гэсэн бол сайд Б.Чойжилсүрэн нь “Төсвийн зардалд хамгийн их ачаалал болж байгаа зарцуулалт бол өр. Тиймээс Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хүү багатай зээлж хайж байгаа. Нуух юм байхгүй. Бүтвэл УИХ-д оруулж ирээд ил тодоор танилцуулна” гэж тодотгол батлах үед мэдэгдсэн билээ. Энэхүү зээлийг авах урьтал бэлтгэл ажлууд ч УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан гэдгийг сануулъя. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг өсгөсөн нь Б.Чойжилсүрэн сайдын хэлсэн нэмж авах зээлтэй холбоотой бизээ.
ОУВС уу, Хятад уу
Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, гаргасан бондууд олон улсын хөрөнгийн зах зээл дээр “хог” болж байна. Хөрөнгө оруулагчид дайжиж, том төслүүд ч гацаад байна. Эдийн засгийн ийм хүнд нөхцөлд сүүлд авсан 11 хувийн хүүтэй ам.долларын зээлээс илүү нөхцөлтэй зээл олдох болов уу. Өмнөх зээлээ төлөхийн тулд нөхцөлөө улам муутгах хувилбарыг Засгийн газар оруулж ирвэл “татвар нэмэх, цалин хасах” санал шиг нь нийгмээс дэмжлэг авах боломж муу. Тэр тусмаа өөрсдийнхөө ярьж байсныг үгүйсгэсэн бодлогыг хоёр дахь удаагаа явуулна гэвэл улс төрийн хувьд орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-д хасах оноо л авчирна. Тиймээс БНХАУ-аас урт хугацаатай зээл авах, эсвэл ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт дахин хамрагдах гэсэн хоёр хувилбараар арга саам эрэлхийлж буй бололтой. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын ирэх сард БНХАУ-д хийх ажлын айлчлалын тов ч нэгийг өгүүлж байх талтай.
Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ОУВС-гийнхний уулзалт сүүлийн үед тогтмолжиж буй нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах магадлалыг нэмэгдүүлж байгааг эдийн засагчид хэлэх боллоо. Өчигдөр л гэхэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн суурин төлөөлөгч Нил Сакерийг хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалт дээр гүйцэтгэх засаглалын тэргүүн “Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ОУВС-тай цаашид хамтран ажиллахад бэлэн” гэсэн байр суурь илэрхийлжээ.
“Стэнд бай”-г хэрэгжүүлсэн улс орнууд зарим тохиолдолд хүндрэлээ давж гардаг ч олж авсан эдийн засгийн эрх чөлөөгөө алддаг сул талтай. Тиймээс ч олон давтамжтай энэхүү уулзалтуудаас илүүтэй БНХАУ-тай зээлийн “шинэ хөтөлбөр” ярилцах хувилбарт анхаарал тавьж байх магадлалтайг эх сурвалж өгүүлсэн. Гэхдээ аль ч тохиолдолд “өрийг өрөөр дарна гэдэг архиар шараа тайлахтай адилхан” юм.
Төсөв эрүүлжих эхлэл тавигдах уу
Монгол Улс олсныхоо хэрээр биш, хүслийнхээ хэмжээгээр төсөв баталдаг болоод удаж байна. Үүнийг батлах дүн бол жил бүрийн төсвийн орлого, зарлага юм. УИХ 2010 онд төсвийн орлогыг 1.9 их наяд, зарлагыг 2.1 их наяд төгрөгөөр баталж байжээ. Энэ бол одоогоос зургаахан жилийн өмнөх дүн. Гэвч энэхүү тоо өссөөр 2016 онд төсвийн орлогыг 7 их наяд, зарлагыг 7.9 их наяд төгрөгт хүргэж УИХ баталж байв. Олохгүй мөнгийг олох мэтээр, байхгүй орлогыг үрэх мэтээр хандсан энэхүү хандлагаас болж жилдээ төсвөө 2-3 удаа тодотгодог болсон.
Харин 2017 онд энэ хандлага засагдах болов уу. Засгийн газар дээр урьдчилж ярьсан тооцоогоор бол ирэх оны төсвийн орлогыг дээр өгүүлсэнчлэн 5.9 их наяд төгрөгөөр тооцжээ. Үүнийгээ дагаад зарлагаа танах улс төрийн эр зориг байгаа эсэх нь хэдхэн хоногийн дараа олон нийтэд ил болно. Өөрөөр хэлбэл, 2017 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан даруйд орлогоо яагаад бууруулж тооцсон тухай болон бусад мэдээлэл нь тодорхой болно. Хамгийн гол нь төсвийн зардлыг хэдэн их наяд гэж тооцох нь анхаарал татаж байна. Учир нь, УИХ саяхан 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа Засгийн газарт тогтоолоор урсгал зардлаа бууруулах үүрэг өгсөн. Гэвч Засгийн газар төсвийн зарлагыг хүссэн хэмжээгээр бууруулж чадах болов уу.
С.ШИЙЛЭГТӨМӨР /АРДЫН ЭРХ сонин/
URL: