Ч.Батцэцэг: Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй ижий минь

147493935357e9c9d9a8c61Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би ээжийнхээ
Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ санаа алдахыг нь мэдэрлээ
Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа
Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
Ачлал умартан тунирхахад минь өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөө гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан, ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би
Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход би “ЭЭЖЭЭ” дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад би уужирлаа
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би ижийнхээ амьдад
Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
Урсах нулимсыг нь өссөн цагаасаа барчихаад
Уучлаарай гэж хэлсэн бил үү би ижийдээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо үхэж чаддаггүйд тань
Ээж таньдаа хүү нь баярлалаа гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш ч сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй ижий минь.
Ч.Батцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих