Хууль бусаар хайгуул хийж байсан хятад иргэдийг албадан гаргав

Хилийн зөрчил ихсэх тусам үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учирна гэсэн ойлголт байдаг. Угаасаа ”улсын хил халдашгүй дархан байна” хэмээн Үндсэн хуулиндаа тунхагласан байдаг учраас дээрх ойлголт улам бүр баттай болж байгаа юм. Гэтэл сүүлийн үед Монголын хилээр алт, хар тамхины ургамал, эм бэлдмэл зэргийг хууль бусаар оруулах болон гаргах гэж байгаад баригдсан зөрчил удаа гарлаа.

Тухайлбал, Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр иреэн Монгол Улсын иргэн Д зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээний эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101 дүгээр ангийнхан илрүүлсэн байна. Тэрээр баралгетас, фаренгосент гэх хоёр төрлийн 704 таблетк, бифидумбактрин эм 223 хайрцгийг авч явж байжээ. Хэргийг тус аймгийн хилийн тагнуулын тасагт шалгаж байгаа аж.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гаpax гэж байсан галт тэргэнд зорчиж явсан иргэн мансууруулах төрлийн ургамал гаргахаар завдсныг таслан зогсоожээ. Түүнчлэн, 3524 дүгээр галт тэрэгний 18 дахь вагоны дугуйнд 200 грамм мансууруулах төрлийн ургамал, 30 дахь вагонд ачсан төмрүүдийн дунд 680 ширхэг хайрцаг нитросорбид гэх эм нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.

Ийнхүү Монгол Улсын иргэд өөрсдөө эх орныхоо хилийн халдашгүй, дархан байдлыг удаа дараа зөрсөн бол хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар-Токио чиглэлийн аяллын онгоцоор зорчих гэж байсан АНУ-ын иргэн хилээр алт гаргахыг завдсан.

Гаалийнхан шалгалтын явцдаа АНУ-ын иргэний гар тээшинд нарийвчилсан үзлэг хийхэд дөрвөн хайрцаг тамхи гарсан байна. Тамхи тус бүрийг нэг бүрчлэн шалгаж үзэхэд амсар нь дарагддаг гялгар уутанд хийсэн алтны агууламжтай байж болох нунтаг шороо нэлээд их хэмжээгээр илэрчээ.

Сорьцын хяналтын албанд тус шороог шалгуулахад алтны 864 сорьц, мөнгөний 146 сорьцтой нунтаг шороо байсныг тогтоосон байна.

Мөн энд саяхан гарсан өөр нэгэн хэргийн талаар дурдаж болох юм. Монголын эд баялагт шунасан гадныхан их багагүй Монголын хөдөө орон нутгаар тэнүүчилж зөвшөөрөлтэй, эсэх нь тодорхойгүй ашигт малтмал хайх болсон. Энэ тохиолдолд иргэд холбогдох байгууллага, албан тушаалтнуудад мэдээлдэг билээ.

Хамгийн сүүлд БНХАУ-ын 19 иргэн Баян-Өлгий аймгийн Толбо, Буянт сумын зааг Хар нуур гэдэг газарт зэсийн хайгуул хийж байсныг Гадаадын иргэн, харьяатын
асуудал эрхлэх газрын ажилтнууд илрүүлжээ.

Тэд “Вест Монголия” гэдэг компанид ажиллаж байсан. Тус компани нь дээрх газарт зэсийн хайгуул хийж байсан аж. Тэрээр манай улсад “В” ангиллын буюу 30 хоногийн хугацаатай визээр орж ирээд хайгуулын ажил хийж байжээ. Хууль журмын дагуу энэ компанийнхан гадаад хүн ажиллуулах тусгай зөвшөөрөл авч, ажилчдаа оруулж ёстой. Гэтэл хууль бус хайгуулын ажил эрхлүүлх байсан нь шалгалтаар илэрсэн аж.

Тиймээс эдгээр 19 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулимн 37 дугаар зүйлд заасан Эрх бухий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр болон Засгийн газрын 2010 оны Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад оруулахгүй байх хугацааг тогтоох журамд заасныг үндэслэн гурван жилийн хугацаанд орох эрхгүйгээр албадан гаргахаар шийдвэрлэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих