М.Ичинноров: Төрийн цагдаа хохирогчийн өмгөөлөгчийн байр сууринд ажиллах ёстой
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг эргүүлэн татаж, багц хуулийн төслөөс салган намрын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтсон билээ. Тэгвэл энэ асуудлын хүрээнд Хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа.
-УИХ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан, мөн Эрүү, зөрчлийн хуулийг хойшлуулж, холбогдох багц хуулиудыг буцаалаа. Үүнийг зарим улс төрийн хүчин мөн хүний эрхийн төлөө тэмцэгчид маш том ухралт гэж харж байна. Таны хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ, шалтгаан нөхцөл нь юу юм бол?
-Шулуухан хэлэхэд, хүний эрхийг дордуулсан алхмуудыг хийж байна. Энэ нь эрх зүйн үндсэн зарчмыг зөрчсөн бөгөөд Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүд юм. Мөн энэ улстөрчид, тэдний хань хамсаатнууд, ойр дотнынхны дунд хүчирхийлэл үйлдэгчид олон байдаг тухай сонсогддог.
Тэд ч өөрсдөө төрийн хяналтын гадуур байхыг хүсдэг биз. Нөгөөтэйгүүр тэдэнд хүний эрхийн талаар мэдлэгтэй, мэдрэмжтэй, сэтгэлтэй хүн байхгүй нь ингээд батлагдлаа.
Хүний эрхийн боловсрол бол маш том боловсрол бөгөөд тухайн улстөрчийн болон улс төрийн институцийн соёлыг илтгэдэг. Тэдэнд хэдэн тэр бумаар үнэлэгдэх их мөнгийг цацаж гарч ирсэн, бас хань хамсаатнуудаа төрийн өндөр албадад томилуулахаар наймаалцсан наймааныхаа тухай л өдөр шөнөгүй бодохоос өөр сэтгэл чилээх асуудал байдаггүй юм шиг л санагдах юм.
-Саяхан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэвтрүүлэг Ийгл ТВ-ээр гарч олон хүнд хүрлээ. Үүнээс харахад, УИХ-ын гишүүд энэ хуулийг уншиж үзээгүй байж хүчингүй болгосон байдлыг илчилсэн. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Эрэгтэй гишүүд бүү хэл эмэгтэй гишүүд нь ч энэ миний мэдэх ёстой асуудал биш, энэнээс ч асуу, тэрнээс ч асуу, энэ миний имиж биш, тэрний имиж гэх мэт ичгүүртэй зүйлс ярьж сууна билээ. Ийм юмаар имиж хийнэ гэж байдаггүй юм.
Хэн нэгний имиж чимэг болоод явдаг ч асуудал биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөөний асуудал, хүний амь нас, эрүүл мэнд, бүрэн бүтэн байдлын тухай ноцтой асуудал, нийгмийн маш хурц бөгөөд эмзэг асуудал юм.
Ийм улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож чаддаг иргэний нийгмийн, олон нийтийн гал цогтой тэмцэл үгүйлэгдэж байгааг илтгэж байна. Хуулиа уншиж үзээгүй байж энэ хэрэггүй гэж буцаадаг, хойшлуулдаг ямар гээч улс төрийн соёл вэ. Өөрөөр хэлбэл, яасан бүдүүлэг, соёлгүй, замбараагүй байдал вэ гэж асуумаар байна.
-Есдүгээр сарын 1-нээс энэ хууль болон бусад багц хуулиуд хэрэгжээд эхэлсэн бол хоёр ч эмэгтэйн алтан амийг аварч болох байлаа хэмээн олон нийт, мэргэжлийн хүмүүс үзэж халагдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тиймээ, үнэхээр харамсалтай зүйл боллоо. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль төдийгүй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль Прокурорын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд хамтдаа хэрэгжиж, Монгол төр иргэдээ хүчирхийллээс хамгаалдаг, төр өөрөө хохирогчийн өмгөөлөгч, хамгаалагчийн байр сууринд байж чадах байлаа.
Наад үйлдлээс чинь олон хүний нус нулимс, зовлон тарчлаан үнэртэж байна шүү гэж бид эрх баригчдад сануулж байсан. Үнэхээр л энэ батлагдаж байна.
-Эрх баригчид ГБХ-ийн тухай хуулийг сайжруулаад дахин өргөн барина гэж хэлсэн. Энэ хэр боломжтой вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц шалдан хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн зовлон тарчлаан, нулимс үхэл хагацлаар харлаа. Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг АН-ын засаглалын үед хийсэн.
Цагдаа, шүүхийнхэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан. Хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдох тодорхой заалтууд байдаггүй байсантай энэ бол холбоотой л доо.
Тэгэхээр энэ хуулийг дангаар нь УИХ-д өргөн бариад сайжруулаад оруулж ирнэ гэж байгаа нь үнэндээ бол заль. Олон нийтийн эсэргүүцлээс айсан хэрэг. Нөгөөтэйгүүр энэ бол сайн алхам угаасаа биш. Хууран мэхэлсэн, дүр эсгэсэн үйлдэл.
-Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг татан буулгалаа. Та Гэрч, хохирогчийг хамгаалах газрын даргаар ажиллаж байсны хувиар энэ тал дээр юу гэж бодож байна вэ?
-Манайд Тахарын албыг хэт хожуу байгуулсан. АНУ-ын Маршалын алба гэж алба байдаг, тэр нь зохион байгуулалттай, мафийн, цагаан захтнуудын зэрэг хүнд төрлийн гэмт хэргийн гэрчийг хамгаалалтад авч, сэжигтэн, яллагдагчийг хуяглан хүргэх болон оргон зайлсан сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах үүрэгтэй байгууллага л даа.
Харин хохирогчийг цагдаагийн газар болон холбооны мөрдөх товчоо хамгаалалтдаа авч бүх төрлийн туслалцаа дэмжлэг үзүүлэн төрийн нэрийн өмнөөс тэдний өмгөөлөгчийн байр сууринаас ханддаг.
Гэтэл манайд гэрч, хохирогчийг хамгаалах функцийг хоёуланг нь Тахарын албанд өгсөн. Уул шугамдаа бол хохирогчийг цагдаа хамгаалах ёстой юм байгаа юм. Гэхдээ шинэ институцийн хувьд Тахарын алба дээр хөрөнгө мөнгө ч сайтай байсан, хохирогч хамгааллын бүтцийг хийж, хүмүүсээ сургаж бэлтгэсэн байсан.
Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг хэрхэн яаж хэрэглэхийг хууль сахиулагчдад, шүүгч, прокуроруудад анхнаасаа сурталчлан зааварчилж өгөөгүй дутагдал оршиж байсан.
Одоо нэгэнт гэрч, хохирогчийг хамгаалах функцийг цагдаад шилжүүлж өгч байгаа тул бие бүрэлдэхүүнийг маш сайн сургаж, цэнэглэж, хохирогчтой харилцах сэтгэлгээ, арга барилын хувьд ихээхэн дэвшил авчрах хэрэгтэй.
Энэ үйлст биднийг зөвлөхөөр оролцуулж болно шүү дээ. Төрийн цагдаа бол хохирогчийн өмгөөлөгчийн байр сууринд ажиллах ёстой юм шүү дээ.
-Саяхан болсон жирэмсэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хэргийн талаар олон нийт санаа зовниж, энэ хэрэг бас л шударга бусаар шийдэгдэх байх гэж хардаж байгаа?
-Үнэхээр тийм шүү. Нэг ч гэсэн хүний амь насны асуудалд буруутгагдахгүйн тулд эрх баригчид хэргийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдүүлж, арьсаа хамгаалах даалгавар өгсөн байх гэж би хардаж байна.
Орон дээрээсээ өөрөө унаад гэмтээд үхчихсэн ухааны юм бүрдүүлэх бололтой. Бүтэн долоон жил хүчирхийлэлд байсан гэж хөршүүд нь ярьсан байна лээ. Зөрчлийн тухай хуулиар туслалцаа үзүүлж, мэдээлэл өгөх иргэд, байгууллагуудын хариуцлагыг хуульчилсан байсан.
Мөн эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад нэн даруй хариу үйлдэл үзүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн айлын хаалгыг нь хүртэл эвдээд орох эрх нээгдэж байсан юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг айлгах замаар өргөдөл татаж авдаг байдлыг таслан зогсоох заалтууд орсон байсан. Тун харамсалтай юм боллоо.
-Шинээр шорон барина, их зардал гарна, сургалт хийгдээгүй гэх шалтгаар эрх баригчид зөрчлийн хууль, эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс татгалзаж, хойшлуулсан?
-Нэгэнт батлагдсан хуулийг хойшлуулах, буцаах, хүчингүй болгох Үндсэн хуулийн бус бусармаг алхмуудыг хийж байна. Үүнийг би цэвэр улс төрийн шалтгаантай гэж бодож байна. Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд зэрлэг, бүдүүлэг, хатуу догшин эрүүгийн эрх зүйн орчинтойгоо орохыг хүсч байгаа байдал юм.
Угтаа бол ялын бодлого хүмүүнлэг, энэрэнгүй, засан хүмүүжүүлэх, үр дүнтэй, эдийн засгийн хэмнэлттэй, зөв тогтолцоо руу шилжиж байсан юм. Шорон нэмэх нь бүү хэл харин ч шоронгийн тоо хасагдах байсан.
-Эдгээр болон нийгмийн бусад эмзэг асуудалд хамгийн сонор соргог, тууштай хандах ёстой байсан эмэгтэй гишүүд нь намынхаа бодлогыг барин, аялдан дагалдах байр суурьтай байна гэж олон нийт зэвүүцэж байна?
-Тийм шүү. Үнэхээр нэлээд олон эмэгтэй гишүүдтэй болсон. Гэтэл, асуудал тоондоо гэхээсээ чанартаа байдаг юм байна гэж бодогдоход хүрч байна. Эмэгтэйчүүдийг улс төрд гаргана, тоог нь нэмнэ, тэгснээр нийгмийн байдал сайжирна гээд маш олон сая ам.долларын төслүүд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын дунд хэрэгждэг.
Улс төрд ялгаагүй л хэн их мөнгө төлнө тэр нь бялуугаа хуваах зарчим эмэгтэйчүүдийн хувьд ч хэрэгждэг бол зөв, мэргэшсэн, сайн эмэгтэй улс төрчид гарч ирэх боломжгүй. Нийгмийнхээ салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжин улс төрд гаргаж ирэх бодлого, стратеги үгүйлэгдэж байна.
Гэхдээ, түрүүчийн парламентад эмэгтэй гишүүд маань санаа нэгтэйгээр эдгээр нийгмийн эмзэг асуудлуудад хандаж, сайн ажилласныг бид сайшаадаг. Тухайн улс төрийн намын соёл нь нөлөөлдөг юм байна гэдгийг ч бас харууллаа.
URL: