Засгийн газар хуралдаж ТНБД нарыг томилсон долоо хоног

147469056757e5fe071ad68Таван яамны ТНБД нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо.

Тодруулбал, Энэ сарын 12-нд болсон төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт тэнцсэн Г.Баясгаланг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Г.Нандинжаргалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Л.Баяртулгыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо.

Шаардлага хангаагүй 27 барилгыг буулгана

Нийслэлд баригдсан шаардлага хангахгүй, хууль дүрэм зөрчиж барьсан барилгуудыг буулгахаар боллоо. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эхний ээлжинд 27 барилгын жагсаалтыг гаргасан бөгөөд эдгээр 27 барилга нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг илтэд зөрчсөн, мэргэжлийн хяналтын байцаагч нарын удаа дараагийн актыг үл хайхарсан гэх асуудалтай юм байна.

Тухайлбал, дэргэдэх орон сууцтай хаяа дэрлэсэн, эсвэл нар тусах боломжгүй болгон, цонх таглаж барьсан, зураг төслийн дагуу бариагүй зэрэг зөрчилтэй барилгууд байгаа аж.

Гэхдээ одоогоор барилгуудыг хэзээнээс нурааж, стандартад нийцүүлэн барих эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нийслэлийн Засаг даргын эцсийн шийдвэрийг хүлээж байгаа юм байна.

Төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн харьяа төрийн байгууллагад ажилладаг ч орон сууц авахад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх журмын төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас боловсруулжээ.

Тус журмыг “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-өөр барьсан орон сууцыг борлуулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан бөгөөд эмч, багш болон бусад төрийн албан хаагчид хамрагдах боломжтой юм байна.

Энэхүү журмыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, энэ сард нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх юм байна. Хэрэв батлагдвал шаардлага хангасан иргэд нийслэлээс дэмжлэг авч, зээлд хамрагдан ирэх сараас ашиглалтад орох гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн орон сууцуудаас худалдан авах боломж бүрдэх аж.

Дашрамд, Нийслэлийн харъяа төрийн байгууллагад ажилладаг албан хаагч нь тус байгууллагадаа гурваас доошгүй жил ажилласан байх ёстой юм байна.

Ахмадуудад “Насны хишиг” олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Тус төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.

Зургаан сартай хүүхдүүдийг улаанбурхны вакцинжуулалтад хамруулна

Өнгөрсөн тавдугаар сард орон даяар Улаанбурхан өвчний дархлаажуулалт явагдаж, 18-30 насныхныг үнэ төлбөргүйгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тухайн үед нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 74 мянга нь вакцин хийлгээгүй аж.

Тэгвэл ирэх аравдугаар сарын 3-наас эхлэн зургаан сар хүрсэн хүүхдүүдэд улаанбурхны вакцин хийж эхлэхээр болжээ.

Улаанбурхны вакцинжуулалтыг өмнө нь есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаа урьдчилан сэргийлэх үүднээс “0” тунгаар хийхээр болжээ.

Нярайн ванцинжуулалтыг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудад болон Нийслэлийн есөн дүүргийн харьяа эмнэлгүүдэд хийх юм байна.

Багш, сурагчид ирэх сарын 1-нээс хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй

БСШУС-ын сайд Ж. Батсуурь ирэх аравдугаар сарын 1-нээс ЕБС-ын сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байлгах тушаал гаргажээ. Тус тушаалд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагч, багш нар хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх талаар тусгасан байна. Энэ нь хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж, сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай аж. Энэхүү тушаал нь зөвхөн ухаалаг утас биш бүх төрлийн гар утсанд хамааралтай юм байна байна.

Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг энэ оныг дуустал олгоно

Энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж баталсан. Тодруулбал, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг энэ оныг дуустал олгох ба шинэ оны эхнээс бүрэн зогсоохоор тусгаж төсвийн тодотголыг баталсан. Мөн хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох, 2019 оноос аваагүй үлдсэн хүүхдүүдэд нөхөж олгохоор тусгасан билээ. Оюутнуудад дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд 61 мянган оюутан тус тэтгэлэгт хамрагдсан юм.

Цэрэг татлага 10 дугаар сарын 21-нд эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Мөн зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүнийг нөхөн хангахаар цэргийн жинхэнэ албанд дүүргүүдээс тэнцүүлэн татах болон гэрээт цэрэгт элсүүлэх хяналтын тоог баталсан билээ. Гэрээт цэргийн албанд элсүүлэхдээ “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг  элсүүлнэ.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн хувьд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь хангасан бол Нийслэлийн тээврийн газар 69,2 хувьтай буюу хамгийн бага хувийн биелэлттэй байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургуульд болон халаалт авах 13 эмнэлэгт халаалт өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар 542,1 тогнн давс, 639,3 тонн зориулалтын бодис нөөцөлжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих