Түймрийн утаа зуун мянган хүний аминд хүрчээ
Индонезийн ойд дэгдсэн түймрийн утаа Зүүн Өмнөд Азийн нутгийг бүрхэж, өнгөрсөн жил 100 мянган хүн амь алдах шалтгаан болсныг хорт утааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний тухай судалгаанд дурдсан байна. Харвард, Колумбын их сургуулийн судлаачид долоогоос аравдугаар сарын хооронд бүс нутгийг бүрхсэн байнгын утаа Индонезид хамгийн их хохирол учруулж, энд 92 мянган хүний аминд хүрсэн гэж тооцжээ.
Даваа гарагт Environmental Research Letters гэдэг шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн тайланд түймрийн хорт утаа Малайзад 6500, Сингапурт 2200 хүнийг үхэлд хүргэснийг дурдсан байна. Үхлийн шалтгаан нь голдуу зүрх судасны өвчлөлтэй холбоотой. Харин амьсгалын замын өвчний цөөн тохиолдол илэрснийг судлаачид тэмдэглэжээ. Тэд гол төлөв насанд хүрэгсдийн үхлийн шалтгаанд анхаарсан аж. Харин цаашид утаа хүүхдэд хэрхэн нөлөөлснийг тогтоох юм.
Өгүүллийн нэг зохиогч Харвардын нийтийн эрүүл мэндийн сургуулийн ахлах эрдэмтэн Сэм Майерс 2015 оны утаа Индонезид ханиад томуугаар нас барсан хүүхдэд нөлөөлсөн байж болзошгүйг онцлов . Судалгааны үр дүн түүнчлэн Индонезийн жижиг газар эзэмшигчид тариаланд зориулан талбай цэвэрлэхдээ янз бүрийн арга хэрэглэдэг асуудлаар улс төрийн маргааныг хурцатгах бололтой. Индонез дэх Гринписийн төлөөлөгч Иуюн Индради “Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол хөнөөлт утаа аймшигт хохиролд хүргэнэ. Аж үйлдвэрийнхэн болон Засгийн газар тариалангийн зориулалтаар ой, намгийг цэвэрлэх ажиллагааг зогсоох бодит арга хэмжээ авах ёстой” гэсэн юм.
Сингапурын албаныхан Индонезид хандан галдан шатаах замаар талбай цэвэрлэж байгаа компаниудыг хянахад хамтран ажиллахыг санал болгожээ . Гэвч хөршөөсөө дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо хэмээн дургүйцсэн хариу сонссон аж. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо дөрөвдүгээр сард далдуугийн тос үйлдвэрлэгчид талбайгаа өргөтгөхийн оронд бүтээмжээ өсгөх ёстой гэж хэлж байсан. Хэдийгээр Жакарта залуу ойг цэвэрлэх болон намгийг хуурайшуулахад хориг тогтоосон авч хэрэгжүүлэх арга хэмжээ дутагдалтай байгааг байгаль хамгаалагчид шүүмжилдэг. Судлаачид түймрээс ялгарсан хорт утааг тооцож, цаг агаарын мэдээлэлд тулгуурлан тархах замыг тогтоосон байна.
Түүнчлэн нас баралтын мэдээг судалсны үндсэн дээр эрүүл мэндэд аюултай буюу нарийн ширхэгтэй бодист холбогдох үхлийн хувь хэмжээг гаргажээ. Доктор Майерс “Бид утаагүй үеийн нас баралтыг түймрийн үеийнхтэй жишиж ялгааг тооцсон” гэж хэлсэн юм. Үүний зэрэгцээ агаарын бохирдол, байгаль орчны хүчин зүйл Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун хэсгийн ядуу орнуудад нас баралтын томоохон шалтгаан болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсан байдаг.
Живан Васагар
Засгийн газрын мэдээ
URL: