С.Зоригт: Би амьдрал дээр яг эсрэгээрээ хүн
Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй “алтан хамтрагч” хэмээгдэг дуучин С.Зоригт, А.Хишигдалай нарын “Хайртай хүндээ” тоглолт өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ нь тэдний анхны бие даасан тоглолт байлаа. Үеийн залуустаа зөв үлгэр дуурайл үзүүлж яваа хоёр уран бүтээлчийн нэг С.Зоригтыг энэ удаагийн дугаартаа урьж, ярилцлаа. Залуу уран бүтээлч хэдий ч, эгэл даруухан зантай, хөдөлмөрч тэрбээр хувийнхаа амьдралыг тэр бүр яриад байдаггүй нэгэн. Харин энэ удаа тэрбээр илэн далангүй ярилцлагыг маань зөвшөөрсөн юм.
-“Хайртай хүндээ” тоглолтоо амжилттай зохион байгууллаа. Тоглолтын дараах сэтгэгдэл ямар байна вэ?
-Тоглолтоо “Хайртай хүндээ” гэж нэрлэсэн минь учиртай. А.Хишигдалай бид хоёрын анхны уран бүтээл ийм нэртэй байсан. Гурван цагийн турш үргэлжилсэн бидний тоглолтод 3000 гаруй үзэгч ирлээ. 100 хувь амьд тоглолт хийсэн гэдгээ хамгийн түрүүнд хэлмээр байна. Бид хоёр тус бүртээ найм, хамтдаа 12 дуу дуулсан юм билээ.
Хүний итгэлийг дааж явбал олны танил байх сайхан
Хамгийн анхны бие даасан тоглолт байсан учир тухайн мөч бүрт сэтгэл догдолж байсан. Энэ тоглолтыг хийхэд бид маш их хичээж ажилласан. Ямар сайндаа л долоон килограмм туртлаа гадуур гүйсэн байх вэ дээ. Харин үр дүн нь гоё. Тоглолтын өдөр цахим ертөнц бид хоёроор амьсгалж, фэйсбүүкээр хүмүүс live буюу шууд дамжуулалт хийж байсан шүү.
-Анхны тоглолт байсан учир алдаа, оноо бий л байх. Уран бүтээл болон зохион байгуулалтын ямар сургамж авав?
-Бид нар шиг залуу уран бүтээлчдийн хувьд энэ хэмжээний том тоглолт зохион байгуулахад хүндрэлтэй зүйл гаралгүй яах вэ. Алдаа оноогүй зүйл гэж байхгүй. Мэдээж зарим талаар “үүнийг анхаардаг байж дээ” гэж бодогдох зүйл гарсан. Гэхдээ тэр нь биднээс нэг их шалтгаалаагүй. Тухайлбал, одоо Монголын эдийн засаг хямралтай байна.
Ийм үед тоглолтын ивээн тэтгэгч олох гэж их л чармайлаа. Ерөнхий зохион байгуулагчаар G entertainment, найруулагчаар рок Р.Мөнхсайхан ах маань ажилласан.
Туршлагатай хүмүүстэй хамтарсан тулдаа зорилгоо биелүүлж, тоглолтоо амжилттай зохион байгууллаа. Харин одоо тоглолтоо хөдөө орон нутаг болон зарим улсад ажиллаж амьдардаг монголчууддаа хүргэх зорилготой байна.
-Гоё мэдээ байна. Хаагуур аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа вэ?
-АНУ болон Европын зарим оронд очиж тоглохоор төлөвлөгөө гаргасан. Мөн Монголын төвийн бүсийн аймгуудаар үргэлжлүүлэн тоглоно. Хишигдалай бид хоёр уран бүтээл туурвихаас гадна тус тусын эрхэлсэн ажилтай. Ойрд тоглолтоо хийх гээд бусад ажлаа хэсэг хойш тавьсан. Тиймээс одоогоор бусад ажилдаа бас анхаарал хандуулж байна. Гэхдээ уран бүтээлээ тасралтгүй хийсээр байх болно.
-Нууц биш бол уран бүтээлээсээ гадна ямар ажил хийдэг юм бэ?
-Хувийн бизнестэй. Багахан хэмжээний газар тариалан эрхэлдэг.
-Таны талаар судлах гээд интернэтээс хайхад хувийн амьдралын тань талаар мэдээлэл байдаггүй юм билээ. Ер нь Зоригт гэж ямар хүн бэ?
-1990 онд Дархан-Уул аймагт төрж, тэнд өсөж өндийсөн. 2007 онд Улаанбаатар хотод оюутан болж ирсэн. Гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшийн удирдлага дор СУИС-д суралцаж, 2012 онд төгслөө. Энэ хугацаанд СУИС- ийн төгөлдөр хуурын ангид давхар сурсан.
Харин ч би мундаг хоолойтой охинтой дуулдаг азтай хүн
Яах вэ, өмнө нь Дарханд сонирхлоороо дуу дуулдаг, урлаг уран сайхны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Харин СУИС- д сурч байх хугацаанд буюу нэгдүгээр курсээсээ хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн. 2012 онд сургуулиа төгсөж, мэргэжлийн уран бүтээлч гэсэн нэр зүүснээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд урын сандаа хувийн болон бусад уран бүтээлчтэй хамтарсан 20 гаруй дуутай болсон байна.
-Бас кинонд тоглосон байх аа?
-Тав, зургаан кинонд туслах болон гол дүрд тоглосон.
БИ ХУРДАН ХОТОЖСОН ЖИНХЭНЭ ХӨДӨӨНИЙ ХҮН
-Танай гэр бүлд уран бүтээлч хүн бий юү. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манай өвөө урлагийн хүн. Насаараа цэргийн албанд хүчин зүтгэсэн. Тэгэхдээ цэргийн дуу бүжгийн ансамблейд дуулдаг хүн байсан. Харин ээж минь хөдөө байдаг. Би айлын том хүүхэд. Нэг эрэгтэй дүүтэй. Дүү маань дараа жил их сургуулиа төгсөнө. Ийм л нэг жирийн гэр бүлээс гаралтай. Одоо бол хотод ганцаараа амьдарч байгаа.
-Уучлаарай. Гэхдээ та аавынхаа тухай огт дурдсангүй?
-Аав, ээж хоёр маань намайг бага байхад салсан л даа. Би хөдөө өвөө, эмээ дээрээ өссөн.
-Дархан хотын төвд биш хөдөө өссөн гэхээр сонирхол татаж байна. Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу?
-Хүүхэд насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн хүн. Бусдын адил хурдан морь унадаг хүүхэд байлаа. Эр хүн гэхээрээ л бүгд адуу малтай ноцолдож өссөн болох гэдэг. Харин миний хувьд тийм биш шүү. Би хөдөөний амьдралыг дэндүү сайн мэднэ. Жинхэнэ эмнэг сургаж, хурдан морь унаж өссөн. Бас маш хурдан хотожсон. (инээв)
-Анх хотод оюутан болж ирэхэд ямар байсан бэ. Оюутны амьдрал хэр хэцүү байв?
-Би оюутан байхаасаа л видео болон дуу бичлэгийн студид давхар ажилладаг байсан юм. Зургийн дарга, менежер гээд бүх ажлыг нь зэрэг хийнэ. Тэгэхдээ хөдөлмөрийн хөлс гэж огт авахгүй. Харин оронд нь студид өөрийнхөө дууг бичүүлнэ. Мөн видео студид бартераар клипээ хийнэ.
Ингэж л уран бүтээл хийх гараагаа эхлүүлсэн. Харин сургуулиа төгсөх үедээ аль хэдийнэ гурав, дөрвөн клиптэй болсон байсан. “Хайртай хүндээ” хэмээх дуу маань яг ингэж бүтсэн юм. Гурван сарынхаа цалингаар энэ дуугаа хийлгэсэн. Тухайн үед дуугаа эмэгтэй хоолойтой хоршвол зүгээр санагдаад Хишигдалайд санал тавьсан. Эндээс л бидний уран бүтээл эхэлж, хамтдаа 12 дуутай болсон. Мөн хамтдаа тоглолт хийх түвшинд хүрчээ.
-Харин одоо тэр цаг үеэ бодохоор өөрөөрөө бахархдаг уу?
-Өөрөөрөө бахархах болоогүй байна. Дөнгөж эхэлж байна шүү дээ. Мөн бахдаад байх зүйл ч хийгээгүй байна. Магадгүй олимпийн аварга болбол өөрөөрөө бахархаж болох юм. Эсвэл хэдэн хүнийг тэжээх чадалтай, улсдаа хэрэгтэй үйлс бүтээсэн цагт тэр тухай бодох байх.Одоохондоо өөрийгөө л зохицуулаад, амиа аргацааж явна. Ер нь хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөлсөө дуслуулж, уйгагүй зүтгэсэн бүхний үр шим гарна. Би ямар баян айлын өв залгамжлагч биш, өөрийнхөө амьдралыг би л босгоно шүү дээ. Үүнийг манай гэрийнхэн ч байнга хэлдэг. Гэхдээ одоо аливаа зүйлийн учрыг олох тэнхээтэй болсон байна.
-Анзаараад байхад Зоригт хэвлэлд төдийлэн ярилцлага өгөөд байдаггүй. Яагаад тэр вэ?
-Тийм шүү. Хайлт хийгээд үзэхээр дандаа л миний уран бүтээлтэй холбоотой зүйл гарсан байдаг. Би тэр бүр хувийн амьдралынхаа тухай ярихыг хүсдэггүй. Нэг ч удаа сонинд ярилцлага өгч байгаагүй. Харин рекламны санал их ирдэг. Түүнээс биш нам гүм байхыг илүүд үздэг. Гэхдээ үүнийг оддын өвчин туссан байна гэж ойлгуузай. Жишээ нь, манай гэр Нарантуул захтай ойр байдаг.
Тиймээс хүнсээ захаас цуглуулна. Заримдаа хүмүүс намайг танина. Гэлээ гээд махны тасаг дээрээс мах аваад л зогсож байдаг. Би бүх зүйл дээр энгийн байх дуртай. Угаасаа ч тийм хүн. Урлагийн хүн хаана ч явсан биеэ зөв авч явбал болох нь тэр. Бас баар цэнгээний газар ороод, согтуу хөлчүү, хөгийн царайлаад яваад байх нь таатай биш. Ер нь хүний итгэлийг алдалгүй дааж явбал олны танил байх сайхан.
-Анх дуучин Хишигдалайтай хэрхэн танилцаж байв. Та хоёр үерхдэг үү?
-Бид яг дуэт дуучин биш л дээ. Тус тусын болон хамтын уран бүтээлээ ч хийнэ. Хүмүүсийн хэлдгээр “алтан партнёр”. Нэг нэгэндээ дэмтэй явдаг. Хишигдалайгийн хоолой надад маш их таалагддаг учраас “Хайртай хүндээ” дууг хамтарч дуулах саналыг би тавьсан.
Тэгж л бидний хамтын уран бүтээл эхэлсэн гэж хэлж болно. Харин ч би мундаг хоолойтой охинтой дуулдаг азтай хүн. Гэхдээ бидний хооронд хайр сэтгэлийн холбоо байхгүй. Уран бүтээл, амьдралын сайн найзууд. Хэрэв тийм байсан бол бид ийм амжилттай явахгүй байсан болов уу. Бас рэппэр NMN-тэй намайг холбодог. Бид ч бас ердийн л сайхан нөхөрлөдөг.
Баян айлын өв залгамжлагч биш, амьдралаа өөрөө босгоно шүү дээ
-Үерхэж найзалдаг хүн бий юү. Өөрийн тань нүдээр эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?
-Одоогоор ганц бие байна. Хийх ажил ч их. Эмэгтэй хүний тухайд мэдээж царай зүс, ааш занг нь харна. Даруухан эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь амьдрал, үр хүүхэд гээд бүх зүйл дээр хариуцлагатай хандах тийм хүн надад таалагддаг. Урлагийн хүн учраас өдөр шөнөгүй завгүй явдаг. Энэ бүхнийг ойлгож, ард минь бат бөх зогсдог хүн байх нь чухал. Гэлээ гээд эмэгтэй хүн гэртээ аяга таваг угааж, гэр орон цэвэрлэх ёстой гэсэн үг биш шүү. Хоёулаа хамт амьдралын төлөө зүтгэе л гэсэн бодолтой байдаг.
-Дуулахын хажуугаар жүжиглэх авьяастай шүү дээ. Алийг нь илүүд үздэг вэ?
-Хамгийн анх “Франц үнсэлт” кинонд жижиг дүр бүтээх санал тавьснаар жүжиглэж эхэлсэн. Ер нь жүжиглэх дуртай, энэ мэргэжилд хайртай. Ямар би тэс хөндлөн, цахилгаанчин хийж байгаа биш. -Кино, рекламанд ихэвчлэн хошин дүр бүтээдэг. Амьдрал дээр та хэр зэрэг хошин бэ? -Хошин дүр бүтээх их хэцүү. Одоо л суралцаж байна. Би их энгийн байгаа биз дээ. Гэхдээ хэт энгийн гээд таарсан бүхэнтэй марзаганаад байдаггүй. Миний тоглодог дүрүүд нэг тиймэрхүү байдаг болохоор намайг хүмүүс хошин гэж боддог. Гэхдээ амьдрал дээр яг эсрэгээрээ буюу даруухан талдаа.
-Мөрөөдөл тань юу вэ?
-Миний мөрөөдөл өдөр бүр л өөрчлөгдөж байна. Хүн амьдралд шуналтай байх хэрэгтэй. Энэ шуналыг зөөлрүүлж хэлбэл мөрөөдөл юм даа. Хүүхэд байхдаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Ямар ч байсан уран бүтээлээ туурвиад явж байна. Өөр олон сайхан мөрөөдөл сэтгэл дотор минь бий.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ
URL: