Задралын ирмэг дээрх АН
Эрх мэдэл ямар ч задралыг тогтоон барьж чадах хүчтэй ажээ. Үүнийг нотлох мэт үйл явдлууд өнгөрсөн дөрвөн жил өрнөлөө. 2012-2016 онд засаглахдаа АН-ынхан дотоод зөрчлөө тогтоон барихын тулд фракцууддаа албан тушаал санал болгодог байв. Сайдын суудлыг бялууны хэрчим шиг хувааж, албан тушаалд тавигдах гол шалгуураа аль фракцын харьяалалтай вэ гэж тогтоож байлаа. Тэгвэл УИХ-ын сонгуулийн дараа АН-д ийм эрх мэдэл үлдсэнгүй. Парламентад есхөн суудалтай, МАН-ын 65-ыг сөрөх ч тэнхэлгүй УИХ дахь бүлгийг нь эс тооцвол энэ намд эрх мэдэл нэгээхэн ч алга. Шийдвэр гаргах, томилгоо хийх, төрийн бодлого тодорхойлох гээд аль ч эрх мэдэл нь АН-аас алсран холджээ. Иймээс л энэ удаагийн ялагдлаа АН-ынхан “Зүрхэндээ тултал ялагдсан” гэж тодорхойлж буй биз.
Ялагдах нэг өдөр байхад, ялах өдөр дахиад ирэх л байх. Гэхдээ ийм өдрийг хүлээж чадах тэнхэл АН-д үлдсэн үү, үгүй юү гэдэг өөрөө асуултын тэмдэг дагуулах боллоо. Нэг ёсондоо сонгуулийн дүн АН-ыг бодит хөрсөнд нь буулгаж, дотоод зөрчлөө барьж тогтоох хөшүүрэггүй болгож орхижээ. Магадгүй албан тушаалаар аргацааж, эрх мэдлээр торгоож байсан бүхэн нь үгүй болохтой зэрэгцээд АН-ын фракцуудын механик нэгдэл задарч ч мэдэх дүр зураг үзэгдэх болов.
ЗАДРАЛ УУ, ШИНЭЧЛЭЛ ҮҮ
Үнэт зүйл, үзэл баримтлал, зарчим дээр тогтсон нам бол тийм ч амархан задарч унахгүй нь ойлгомжтой. Тэгтэл АН өөрөө тийм нам мөн үү. 2000 оны сонгуулийн дараа яг өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсч, эрх баригч МАХН УИХ-ын 72 суудлыг авсан улс төрийн нөхцөл байдал л АН бүрэлдэх суурь болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, 1996-2000 онд засаглаж байсан Ардчилсан холбоо эвсэл задарч, 1996-2000 оны УИХ-д 50 суудалтай байсан ардчиллын төлөөх намууд ганцхан кноптой үлдсэн гашуун сургамж дээр л өнөөдрийн АН бүрэлдсэн түүхтэй. “Намуудын ийм механик нэгдэл хол явахгүй” гэсэн дүгнэлтүүд ч 16 жилийн өмнө цухалзаж байсан нь хэвлэлийн хуудаснаа тодхон үлджээ. Тэглээ гээд АН задралгүй өнгөрсөн 16 жилд тогтвортой үйл ажиллагаа явуулж, улс төрийн хоёр том хүчний нэг болтлоо төлөвшсөн гэж хэлэх хүн байж болно. Гэвч таван намын нэгдэл механик байсныг тодотгох үйл явц энэ бүх хугацаанд өрнөсөөр байсан нь нууц биш.
Тэртээ 2000 онд МҮАН-аас тугийг нь, МСДН-аас бэлгэ тэмдгийг нь, МоАН-аас нэрийг нь авч байж байгуулагдсан АН өнөөдөр “Алтангадас”, МҮДН, МоАХ, МоАН санаачилга, “Нэг ардчилал”, “Шонхор” гэсэн тав, зургаан фракцад хуваагдаж байгаа нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, МҮАН, МСДН, МАСНМ, МоАН, МШАН гэсэн таван намын угшлаа дагасан таваас зургаан фракц эрх мэдэл, албан тушаал, бизнесийн сонирхол дээрээ тулгуурлан улам тусгаарлагдсаар ирсэн.
Ийм хуваагдлыг “Шинэчлэл” ярьсан залуусын үгээр, эсвэл “Шинэчилнэ” гэсэн хэн нэгний үгээр эмчилчихнэ гэдэг юу л бол. Механик нэгдлийг механик аргаар л барьж тогтоохоос биш, үнэт зүйлээр, үзэл баримтлалаар тогтооход түвэгтэй. Намын эрх ашгаас өмнө фракцынх байдаг, тэр эрх ашиг нь хангагдах эсэхээс АН тогтох, үгүй нь хамаарч ирсэн үйл явдлуудыг ухрааж нэг саная л даа.
АН засагласан 2012-2016 онд хэн хэн албан тушаалд очсон билээ. МҮДН-ын Н.Батбаяр, “Нэг Ардчилал”-ын Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, МоАН-ын Лу.Болд, “Шонхор”-ын З.Энхболд, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, “Алтангадас”-ын Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, МоАХ-ны Х.Баттулга, Р.Бурмаа нар сайд болсон шүү дээ. Аль нэг фракцыг бус, ганцхан АН-ыг төлөөлөх ямар лидер албан тушаалд очсон бэ. Тийм хүн байхгүй. Харин ч хэн нэгний эрх мэдэл нь дутвал нөгөөгийнхийгөө булаах процесс л энэ намд өрнөсөн. Гэтэл одоо фракцууддаа хувааж өгөх албан тушаал АН-д байгаа гэж үү. Байгаа бялуу нь ялагдчихсан намын даргын суудал л байна. Тиймээс АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэсэн асуулт ямар хариулттай байхаас задрал явагдах уу, шинэчлэл хийгдэх үү гэдэг нь хамаарчихаад байна. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ дарга аль фракцаас тодрох бол, тэр хүнийг бусад фракц нь хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь асуудал дагуулж байна.
ДАРААГИЙН ДАРГА ЗАДРАЛЫГ ТОРГООЖ ЧАДАХ УУ
Намын даргын суудалд шууд тэнцэх хүлээн зөвшөөрөгдсөн лидер АН-д алга. Фракцуудын эв зүйг олж, бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх боломж ер нь хэнд ч байхгүй болжээ. Яагаад гэвэл, нэгний эрх ашиг хангагдахад нөгөөгийх нь хумигдана. Өмнө нь ч ийм байсан, одоо ч ийм байгаа. Харин өмнөхөөсөө ялгаатай нь одоо АН-ын фракцууд бүгд хорслын бүлгүүдэд хуваагдаад байна. Ардчилсан Ерөнхийлөгч сонгогдож, АН бүх шатандаа ялалт байгуулсан жилүүдэд АН-ынхан өөрсдөө хамгийн их хохирсон учраас фракц бүр нь дор бүрнээ хорсол тээх болсон. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн тодорхойлж хэлснээр 2016 оны сонгуульд АН-аас бүтэн нэртэй, шарх сорвигүй хүн нэг ч ороогүй. Бүгд л шалгагдсан, баригдсан, хоригдсон гэх нэртэйгээр 2016 оны сонгуульд өрсөлдсөн. Ийм зүйл фракц бүр дээр бий.
Н.Алтанхуягаар жишээ татъя л даа. “Алтангадас” фракцыг тэргүүлдэг тэрээр өнгөрсөн дөрвөн жилээс юутай үлдэв. Намынхан нь нийлж өөрийг нь Ерөнхий сайдаас огцрууллаа. Зөвлөх Л.Гансүх нь одоо ч хоригдож байна. Хүргэн дүү Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой”-н Я.Батсуурь гээд түүний эргэн тойрныхон бүгд шалгагдлаа, зарим нь хоригдлоо. Ийм хувь заяаг “Женко” Х.Баттулга ч туулсан. АН-ын хамгийн нөлөө бүхий МоАХ фракцын тэргүүн тэрээр төмөр замын хэргээр шалгагдаж, ойр тойрны хүмүүс нь бас л хоригдсон. “Нэг Ардчилал”-ын Х.Тэмүүжин сайн ах “хөтөлбөр”-т хамрагдаж, Лу.Гантөмөрийг “мүүн”-ээр намнасан. Бүр нэг намынхан нэгнийгээ УИХ-д сонгож болохгүй хүмүүсийн жагсаалтад оруулж зарлаж байв. Одоо сүүлдээ Э.Бат-Үүлийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгаж байна. Дээр нь З.Энхболд руу чиглэсэн дайралтууд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягласан шүүмжлэлүүд гээд цааш жагсаавал АН-д хамаатуулж болох лидерүүд дотор шархлаагүй хүн үлдсэнгүй. Нэг нь намын даргын тамгаа Ерөнхий сайдын суудалтайгаа алдаж байхад, нөгөө нь дотнын нөхрийнхөө үхлийн буруутнаар сэжиглэгдэх хүртлээ АН-ын лидерүүд бүгд шархлаад байна. Ийм шархыг шинэчлэл гэсэн хоосон үгээр эдгээх хүн байгаа гэж үү. Лидер бүр нь, фракц болгон нь хорслын бүлэг болж хувиртлаа талцсан ийм намыг ямар ч лидер гарч ирээд зангидана гэдэг хэцүү биз. Харин зангидагдахаасаа задрах нь л хялбар байх талтай.
Ч.ГАНГЭРЭЛ /АРДЫН ЭРХ сонин/
URL: