Хөршийн улс төр “Нэгдсэн Орос” ялав
ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн думын долоо дахь удаагийн сонгууль боллоо. Энэ удаагийн сонгуульд эрх баригч “Нэгдсэн Орос” нам дахин ялалт байгуулав. Сонгууль холимог тогтолцоогоор явагдсан байна. Өөрөөр хэлбэл, нийт 450 гишүүний 225-ыг нь намын жагсаалтаар, үлдсэнийг нь нэг мандаттай тойргоос сонгожээ.
ОХУ-ын Сонгуулийн төв хорооноос санал асуулгын урьдчилсан дүнг танилцуулахад, нэг мандаттай тойргийн санал хураалтыг дүнгээр 225 суудлын 203-ыг “Нэгдсэн Орос” намынхан эзэлжээ. Хоёрдугаарт, “Оросын Холбооны Коммунист нам” 14 хувь, “Оросын Либерал-Ардчилсан” нам 13.9 хувийн саналаар удаалаад байгаа аж.
Сонгуулийн урьдчилсан дүн гарахад Ерөнхийлөгч Владимир Путин “Манай нам маш сайн үзүүлэлттэйгээр сонгуульд оролцож байгаа гэж бид баттай хэлж чадна” гэсэн бол Ерөнхий сайд, “Нэгдсэн Орос” намын дарга Дмитрий Медведев “Нэгдсэн Орос” намд саналаа өгсөн бүх дэмжигчиддээ талархал илэрхийлсэн зураг, бичвэрийг цахим сүлжээн дэх хуудсандаа оруулсан юм.
Сонгууль нийт 96.7 мянган сонгуулийн байранд явагджээ. Мөн гадаадын 145 оронд 372 сонгуулийн байр нээн ажиллуулсан байна. Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр гадаадад амьдарч байгаа тус улсын сонгогчдын тоо нэг сая 900 мянга орчим аж. Гадаад дахь оросууд Сонгуулийн төв комиссийн зөвшөөрсний дагуу урьдчилж саналаа өгөх тохиолдол ч гарчээ. Энэ нь Оросын сонгогчид алслагдсан дүүргүүдэд амьдардаг болон тэдний ажлын график, ОХУ-ын мэргэжилтнүүд тухайн улс оронд тусдаа цомхон амьдардаг, ихэнх тохиолдолд аюулгүй байдлаас нь хамааралтай юм.
Сонгуульд ялалт байгуулсан “Нэгдсэн Орос” намын талаар мэдээлэл хүргэхэд, намын лидер нь Дмитрий Медведев. Энэ нам 2001 оны 12 дугаар сарын нэгэнд байгуулагджээ. “Нэгдсэн Орос”-ыг Сергей Шойгу, Юрий Лужков, Минтимер Шаймиев нар үндэслэсэн байна.
“Единая Россия” бол хойд хөршийн улс төрийн намуудын цөм. Оросын хамгийн том нам. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү намыг удирдаж байв. Тэрбээр одоор намын удирдах зөвлөлд багтдаг. “Нэгдсэн Орос” нам 2007 оны Думын сонгуульд 64.4 хувийн санал авч амжилт нь дээд цэгтээ хүрч байсан ч 2011 оны сонгуульд 49.32 хувь болж буураад байв.
URL: