Монголын түүх бол АН, МАН хоёрын булаалдаж тоглодог тоглоом биш

h2gw6rtknv

Саяхан Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгон өөрчилсөн билээ. Ийнхүү АН-ын эрх барьж байх үед гарсан өөр олон шийдвэр МАН-ын үед эргэн өөрчлөгдөх, эс бөгөөс бүр үгүйсгэгдэх нөхцөл үүсээд байна. Хоёр намын үзэл суртлаас үүдсэн энэхүү утгагүй өрсөлдөөний хөлд тэгвэл хэн, юу, хэрхэн хохирох вэ.

Юун түрүүнд, Монгол Улсын түүхэнд үнэн юм гэж үгүй болно. Хэн дуртай нь төрийн эрхэнд гарч ирээд тэрхүү түүхийг үгүйсгэж, эсвэл нулимж, эцэст нь өөрийнхөө дур зоргоор шинэчлэн зохионо гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилд Ардын хувьсгалын түүхт ой гэдэг шошгыг үндэсний баяр наадмын тодорхойлолтоос авч хаях гэсэн санаархал шиг л дэмий, элий балай алхмууд хийгдэнэ. Тэгвэл өнөөдөр түүхийг эргээд л үзэл сурталжуулах өнөөх хэнээ дахин сэдэрлээ.

Сүхбаатарын талбай юу, Чингисийн талбай юу гэдэг нэр булаалдах тоглоом болж хувирлаа. МАН-ын засаг барьж байх үед төв талбай нь АН-ын автор бүхий нэртэй байж таарахгүй учраас л өнөөдөр нэрийг нь буцаан солилоо. Улс нийтийн, үндэсний түүхийг өмчилж, өөрийн хаяг, шошгыг тавих энэ мэт хэнээрхлүүд цаашид ч үргэлжилнэ. Гэвч эцсийн дүндээ улс орон, ард түмэн хохирно. Алсуураа асар их хор уршиг тарина. Аль нэг нам нь гарч ирээд үндэсний бахархлыг дун зоргоороо өөрчилдөг жишиг тогтох юм бол үндэстний хувьд нэг үзэл санаа, үнэт зүйл гэж байх боломжгүй болно. Үндэсний нэгдсэн уламжлалгүй, бахархалгүй болж, “Манай нам, танай нам” гэсэн үзэл суртлын яахаас ч буцахгүй талцал хуваагдал бий болно. Бодитой жишээ нь мөнөөх л манай төв талбай шүү дээ. Чингисийн талбай болгож нэрийг нь өөрчлөхийг эсэргүүцэж байсан хүмүүсийг тухайн үед улаан коммунист, МАН-ын бууны нохой гэж хочилж жигшиж байсан. Тэгвэл одоо эргээд Чингисийн талбай гэж нэрлэхийг дэмжиж байсан хүмүүсийг адгийн ардчилагч, АН-ын бөгс долоогч гэж хочлох уу.

Одоо АН-ын үед гаргасан алдааг бид засах болно гэж хэлээд МАН их олон зүйлийг өөрчлөх байх. Гэвч энэ нь алдааг засч байгаа хэрэг биш, харин түүхийг дахин дахин заазалж, шүүж байгаа үйлдэл болох аюултай.

Зүй нь Монголын түүхийн бүх тэмдэглэлт ой, түүхэн хүмүүс, тэдний алдар гавьяа, алдаа оноо аль нэг намд хамаатах өмч биш. Д.Сүхбаатарыг МАН, Чингис хааныг АН өмчилнө гэсэн хуваарилалтыг хэн ч хийгээгүй. Тиймээс эрх барьж буй МАН-ын хувьд АН-аас өмчөө булааж авч буй мэт аашлах хэрэггүй.Монголын түүх бол та нөхдийн булаацалдаж тоглодог тоглоом биш. Хэн дуртай нь эвдэлж, эсвэл эргүүлж засч байна гээд гар хүрдэг ч эд бишбайлтай.

 

Д.Дамдинжав

Эх сурвалж: Breakingnews.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих