ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР 200 ДОЛЛАР ХҮРЧ БАЙГАА НҮҮРСЭЭ ХЭДИЙ БОЛТОЛ 20 ДОЛЛАРААР ЗАРАХ ВЭ
Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн зургаан сарын дотор даруй 80 хувиар өсөөд байна. Өвөл, хаврын заагт 80 орчим ам.долларт хэлбэлзэж байснаа гуравдугаар сараас зугуухан өгссөөр өнгөрсөн сарын сүүлээр 140 ам.долларын босго давж, 2014 оноос хойшхи дээд үзүүлэлтдээ хүрээд байна. Энэ нь мэдээж хэрэг нүүрсний хамгийн том хэрэглэгч орон болох Хятад дахь нийлүүлэлт багасч байгаатай холбоотой. Энэ оны хоёрдугаар сард хэдэн жилийн хамгийн доод түвшиндээ хүрч байсан үнэ мягмар гарагт 14.80 доллароор, нийтдээ бараг 150 хувь өсчээ. Коксжих нүүрс тонн нь 195.70 ам.доллар болж, 2016 онд хамгийн өсөлттэй байгаа түүхий эдээр тодорлоо.
Тэгвэл коксжих нүүрсний энэ өсөлт нэг их удаан үргэлжлэхгүй байж магадгүй хэмээн шинжээчид хэлж байна. Тиймээс нэгэнт уул уурхай түшиглэсэн эдийн засагтай манай улс энэ богинохон олдох боломжийг ашиглаад урд хөршид нүүрсээ нийлүүлэх, цаашлаад одоо зарж байгаа нүүрсний үнээ жаахан өсгөөд борлуулах ч боломжтой юм. Гэвч саад бэрхшээл мундахгүй их байна.
БНХАУ-ын хэрэгцээ ихсээд ирсэн энэ үед бүх хүч чадлаа дайчлаад нүүрсээ борлуулах гэтэл хэдэн жил хэрэлдсэн өнөөх замын асуудал нь хамгийн том гай тарьж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн турш өргөн нарийн цариг гэж хэрэлдээд нэг ч км төмөр зам бариагүйн балаг өнөөдөр бидэнтэй нүүр туллаа. Нүүрсний эрэлт нэмэгдээд ирэхэд манайхан нүүрс зөөх машиныхаа тоог нэмэхээс өөр бодлого хэрэгжүүлэхгүй явж ирсэн энэ байдлаа ч халах цаг болсон.
Нэгэнт манайхан өөрсдөө үнээ нэмж борлуулах боломж хязгаарлагдмал тул их хэмжээгээр борлуулж тэр хэмжээгээр ашиг олно гэж тооцоолж ажиллах нь зүйтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Коксжих нүүрсний үнэ 100 гаруй хувиар өсчихөөд байгаа энэ боломжийг ашиглаад манайх үнээ нэмэх боломжийн тухайд албаныхан ирэх сараас 30 ам.доллар л давж өсөх хандлагатай гэсэн юм. Манайх өөрсдөө үнээ өсгөж чадахгүй байгаа гол шалтгаан бол Хятадын Чалко компанид төлөх ёстой өр. Тус компанид манай улс 350 сая доллар өгөх ёстойгоос 95 сая доллар нь үлдчихээд байгаа бөгөөд үүнийгээ төлж барагдуулсны дараа сая нэг өөрсдөө үнэ тогтоох боломжтой болох аж.
Мөхөл сэхлийн заагт байгаа эдийн засгийг аврах ганц боломж нь хөл дор хөглрөх нүүрсээ үнэд хүрч, эрэлт нэмэгдэж байгаа энэ үед олигтойхон менежменттэйгээр борлуулах юм бол хонгилын үзүүрт гэрэл аслаа л гэсэн үг. Харин боломжийг яаж ашиглах нь эрх баригчдын гарт байна.
URL: