“Цензургүй яриа”-ны шинэ ивээн тэтгэгч хэн бэ?
“Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгүүдийг яагаад гарахаа больсон, хаагдсан уу, айгаад амаа үдүүлсэн үү гэсэн асуулт сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд их ирдэг талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр үүнд “Манай 2 нэвтрүүлэг зуны саруудад амардаг бөгөөд уг нь есдүгээр сард эхлэх ёстой байсан боловч Цензургүй яриа нэвтрүүлэг цоо шинэ өнгө төрхтэйгөөр та бүхэндээ хүрэх гэж байгаа тул бэлтгэл ажлууд явагдаж байна. 10 дугаар сараас эхлэн үзэгчдэдээ хүрч эхэлнэ. Цензургүй сурвалжлага эрэн сурвалжлах нэвтрүүлэг ч мөн адил шинэчлэгдэж байна. Удахгүй шинэ өнгө төрхтэйгөөр эргэн уулзанаааа” гэсэн хариулт өгчээ.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан саяхан DYRBERG/KERN-ийн нүүр царай болж шинэ дүр төрхөөрөө гайхуулаад амжсан бол энэ удаад түүний уран бүтээлдээ хэрхэн өөрчлөлт шинэчлэл хийж байгаа нь сонирхол татаж буй. Урьд нь түүний ард Х.Баттулга байдаг, түүнийг тэтгэдэг гэлцдэг байсан. Тиймээс нэврүүлэг нь аль нэг талыг барьсан, захиалгат шинжтэй хэмээх шүүмжлэл газар авч эхлээд байв.
Тэгвэл хэдэн сараар завсарласан нэвтрүүлэг, хэрэг төвөгт холбогдсон асуудлаасаа хойш хэсэг хугацаанд таг болсон сэтгүүлчийг шинэ спонсортой болсон, маш их хэмжээний мөнгөн дээр туйлж байгаа гэх яриа чих дэлсэх болов. Аливаа уран бүтээл хийж гаргахад ивээн тэтгэгч маш их хэрэгтэй. Тэгэхээр энэ нэвтрүүлэг ихээхэн хөрөнгө хаясан уран бүтээл болох бололтой. Ямартай ч өөртөө өөрчлөлт хийсэн шигээ, нэвтрүүлэгтээ ямар тэсрэлт хийж, түүний нэвтрүүлгийн агуулга, өнгө төрх хэний талаас харагдах бол гэсэн олон талын хүлээлт үзэгчдийн дунд үүсч эхэллээ.
М.Ирмүүн
bataar.mn
URL: