300 хүүхдийн эрх ашиг тоосгон ханаар хэмжигдэж байна
Баянгол дүүргийн III хороонд байрлах “Наран” ерөнхий боловсролын сургуулийн хаалгыг хааж тоосгон хана барьснаас болж тус сургуулийн 300 гаруй хүүхэд хохирч байна.
Эдгээр сурагчид сургууль руугаа орж гарах эрхээ хасуулснаас гадна хагас км тойрч явж одоогийн орж байгаа компанийн хаалганд хүрч байгаа юм. Ингэж тоосгон ханыг тойрч явахдаа машин зам сүлжиж байгаа нь сургуулийн удирдлага болон эцэг эхчүүдийг айдаст автуулаад байгаа аж. Тэгэхээр энд хүүхдүүдийн аюулгүй байдал ч бас хөндөгдөж байна. Уг нь салбарын яамнаас сургууль, цэцэрлэг заавал тусдаа орж гарах хаалгатай байх ёстойг журамлачихсан. Гэтэл нэг компанийн балгаар түмний хүүхэд эрдэм мэдлэг олж авахын тулд хэдэн давхар хаалга дамжиж, цаашлаад амь насанд эрсдэлтэй замаар өдөр бүр цаг тутам алхаж байна.
“Наран” сургуулийн зүгээс хаалга хааж барьсан Хурд групп-д хэд хэдэн удаа хүсэлт тавьж, заавал тоосгон ханыг бүгдийг нураах биш сургуулийн хаалганы хэсэгхэн зайг чөлөөлөөд орц гарцтай болгоод өгөөч гэсэн албан бичгийг олон удаа өгсөн гэдгийг тус сургуулийн захирал Г.Цэцэгжаргал ярьсан юм. Тэрээр “Манай сургуулийн 1-12 дугаар ангид 300 гаруй хүүхэд суралцдаг. 14 жил тогтмол үйл ажиллагаа явуулсан. Хурд болон Нарны хорооллоос гэхэд 40 гаруй өрхийн 60 гаруй хүүхэд элсэн суралцдаг.Хашааг буулгах талаар эцэг эхчүүд маш их гомдол гаргаж байгаа. Ялангуяа бага ангийн сурагчдын аав, ээж хүүхэд нь машин зам дагуу холуур тойрч явж байгаад айдастай байна. Цас ороод хальтиргаа гулгаа үүсвэл хүүхдүүд олуулаа машин замаар явах эрсдэлтэй. Сургууль руу орж байгаа компанийн үүдэнд өглөө оройгүй машины зогсоол дүүрэн байдаг учраас хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах боломжгүй. Ер нь өөрийнхөө сургуулийн хаалгыг таглуулчихаад өөр газраар дамжина гэдэг байж боломгүй зүйл. Манай сургуулийн байр баригдсаны дараа хаалгыг нь таглаж тоосгон хана босгосон. Бид БСШУСЯ-нд албан бичиг хүргүүлсэн. Шат шатны байгууллагад ч хандах болно. Хамгийн чухал нь энд нэг барилгын асуудал биш хэдэн зуун хүүхдийн эрх ашиг яригдаж байна. Ямар ч хөрөнгө мөнгөнөөс илүү хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодох хэрэгтэй. Эцэг, эхчүүд нэгдээд сургуулийнхаа хаалгыг чөлөөлүүлэхээр тэмцэнэ гэснийг түр болиулчихаад байна Ямар ч байсан олон хүүхдэд боловсрол олгож байгаагийн хувьд бид эхлээд холбогдох байгууллагуудад хандаж эцсээ хүртэл явна” гэсэн юм.
“Наран” ерөнхий боловсролын сургууль шинэ байрандаа энэ жил нүүж иржээ. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн олон тийш бичиг цаас өгч авалцсаар хичээлийн жилтэй золгосон ч өнөөдрийг хүртэл хаалгаа чөлөөлүүлж үр дүнд хүрээгүй гэдгийг сургуулийн багш, ажилчид учирласан юм.
Ийнхүү 300 хүүхдэд сургууль руугаа орох орц, гарцыг хэзээ чөлөөлж өгөх талаар Хурд группын төслийн ажилтан н.Буянбатаас тодруулахад “Наран сургуулийн барилга манай хашаанаас сүүлд баригдсан. Анх үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгыг сүүлд нь сургууль болгосон. Сургуулийн өмнө гарц гаргах боломжгүй. Манай хорооллын утга учир алдагдана” гэсэн хариултыг өгөв.
Г.Эрдэнэзул
URL: