Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын даргыг шинээр томилжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫГ ШИНЭЭР ТОМИЛЖЭЭ
Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын дарга нарыг шинээр томилжээ.
- Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,
- Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга,
- Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан,
- Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун,
- Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар,
- Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү,
- Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ,
- Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Нацагдоржийн Батсүмбэрэл нар тус тус томилогджээ.
Шинээр томилогдсон дарга нарыг Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
33 БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЗОХИЦУУЛАГЧ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй болон зөвшөөрлийн зөрчилтэй барилгын ажил явуулж байгаа, хөдөлмөр аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж ажиллаагүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгуулах, дугуй түгжих асуудлыг хуулийн хүрээнд дахин хэрэгжүүлэх шаардлага байгааг үндэслэн журмын төслийг шинэчлэн боловсруулж танилцуулах, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг өөрчлөх саналыг боловсруулж, танилцуулах, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, зохицуулагч ажиллуулах тухай шийдвэрийн төслийг яаралтай боловсруулж шийдвэрлүүлэх зэрэг үүргийг холбогдох газруудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өгсөн. Энэ үүрэг даалгаварын дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй 27 барилгын ажилд хуулийн дагуу арга хэмжээ авч , албан даалгаварын биелэлтийг ханган ажиллажээ.
Харин дугуй түгжих журмыг шинэчлэн боловсруулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг дээр хоёр ч удаа хэлэлцэн энэ асуудлыг Авто зогсоолын шинэчилсэн журамтай уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Авто зогсоолыг ашиглах журамд явган хүний зам эвдсэн, гарц дээр зогссон, ногоон байгууламж дээр гарч зогссон, зогсоолын төлбөр төлөөгүй зэрэг тохиолдлуудад дугуй түгжигчийг ашиглахаар заасан байна. Одоогоор журмын төслийг боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ.
СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУДЫН ЦАГИЙН ХЯЗГААРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Захирамжийн төсөлд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санал авч нэтгэсэн байна.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүн ам олноор төвлөрдөг томоохон худалдаа үйлчилгээний 50 аж ахуйн нэгжид гаднах авто зогсоолдоо зохицуулагч ажиллуулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгээр хугацаатай үүрэг хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 33 байгууллага, аж ахуйн нэгж шуурхай арга хэмжээ авч зохицуулагч ажиллуулж эхэлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: