НӨАТ-ын тухай хуулийг шинэчилнэ гэсэн цуурхал иргэдийг сулруулжээ

4groqchrghv0kljue3b3blmh8o

         НӨАТ-ын урамшууллын 14 дэхь удаагийн сугалааны хонжворын эздэд Гааль, Татварын мэдээллийн технологийн төвийн Ерөнхий захирал батламж гардууллаа. Энэ удаагийн сугалааны тохирлыг өнгөрсөн сарын 21-нд явуулсан бөгөөд нийт 6838 азтан тодорсон байна. Үүнээс дөрвөн иргэн тус бүр дөрвөн сая төгрөг хожсон тул ийнхүү батламж гардуулав. Харин 6157 иргэн 20, 594 иргэн 100, 58 иргэн 500 мянган төгрөгийн азтан болсон байна. Эдгээр азтаны мөнгөн урамшуулал ямар нэгэн шимтгэлгүйгээр ажлын 20 хоногт багтаж тухайн иргэний дансанд орох юм байна. НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцож, азтан болсон иргэдийн мөнгө заасан хугацаанд дансанд нь орохгүй тохиолдол олон гарч байгаа нь мэдээллээ шалгаж, хүсэлтээ баталгаажуулаагүйтэй холбоотой аж.

Тиймээс азтан болсон хүн бүр өөрийн мэдээллийг шалгаж, заавал баталгаажуулах ёстой бөгөөд ингэхдээ хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэйг албаныхан хэллээ. Нэгдүгээрт, овог нэрээ бичихдээ үг үсгийн алдаа гаргахгүй байх ба байрыг нь сольж болохгүй. Хэрэв нэг үсэг зөрвөл сугалааны хонжвор шилжихгүйгээр төрийн сангаас буцаагдах юм байна. Хоёрдугаарт, регистрийн дугаарын эхний хоёр үсгийг кириллээр бичих. Гуравдугаарт, хамтран эзэмшигчгүй, зөвхөн аль нэгэн банкны өөрийн харилцдаг дансны дугаарыг оруулах ёстойг зөвлөлөө. Эдгээр мэдээллийн аль нэгийг буруу оруулсан тохиолдолд сугалааны хонжвор орохгүй гэдгийг Гааль, татварын мэдээллийн технологийн төвийнхөн албан ёсоор мэдэгдэж байв. Хэрэв дээрх мэдээллийг өмнө нь тохируулсан бол дахин шалгаж үзээд “хүсэлт баталгаажуулах” гэсэн хэсгийг идэвхжүүлэх ёстойг анхааруулав. Азтан болсноо мэдэхгүй байх тохиолдол их гардаг учраас 131313 тусгай дугаарыг ажиллуулж, тохирол явуулсны дараа азтан болсон иргэнд мессежээр мэдэгддэг болжээ.

НӨАТ-ын тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, www. ebarimt.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 14 удаа сугалаа явуулахад өнөөдрийн байдлаар 53838 азтан тодорчээ. Эдгээр азтан нийт 2.2 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. Ингэхдээ 12 дахь сугалаанаас эхлэн зөвхөн бүртгүүлсэн баримт дундаас азтан тодруулдаг болжээ. Өөрөөр хэлбэл, сугалаа болох өдрөөс 24 цагийн өмнө бүртгүүлсэн баримт дундаас азтанг тодруулах журамтай аж. Тиймээс сугалаанд оролцох хүсэлтэй иргэд худалдан авалтынхаа баримтыг тухайн сардаа багтааж бүртгүүлэх бол хоёр хувийн буцаан олголт авах гэж байгаа нь энэ ондоо багтаж бүртгүүлэхэд болох юм байна. еbarimt-ын талаар зарим нэг тоон үзүүлэлтийг дурдвал, өнөөдрийн байдлаар 37098 цэгээр баримт хэвлүүлж, 819446 иргэн бүртгүүлснээр нийт 20.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байгаа аж. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүд НӨАТаас зайлсхийж, сүлжээ байхгүй гэсэн нэрийдлээр баримт хэвлэж өгөхгүй байгаагаас үүдэн иргэдийн идэвх суларчээ. Мөн НӨАТ-ын тухай хуулийг шинэчилнэ гэсэн цуурхал ч нөлөөлсөн байна. Ямартай ч он дуустал НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлж, үлдсэн дөрвөн сугалаагаа явуулж, азтан тодруулна гэдгээ хэллээ.

С.Аз

unen.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих