Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардлаа

11Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат “Урт наслах тусам надад тэтгэвэр олгоно шүү гэдэг бодолтой амьдраасай л гэж хүссэн учраас  Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэдхэн хоногийн өмнө хүчингүй болгосон. Тиймээс тэтгэврийг “Насны хишиг” гэдэг нэрээр үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн.

Харин үүнд Монголын ахмадын чөлөөт холбоо эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Г.Баасан “Хишиг, тэтгэвэр гэдэг бол тэс өөр зүйл. Хишиг бол өгсөн ч болно, өгөөгүй ч болно. Өгөхгүй байлаа гээд нэхдэггүй, өглөө гээд гомдох юм байхгүй зүйлийг хишиг гэдэг. Тэр бол төрийн хайр хишиг. Харин тэтгэвэр бол тэтгэврийн шимтгэл төлөөд түүнээсээ авч байгаа юм. Битгий андуур” гэсэн юм. Мөн тэрээр УИХ-аар баталсан хуулийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгосон нь эрх зүйт төрийг үгүйсгэж буй үйлдэл гэдгийг онцлоод Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Монголын ахмадын чөлөөт холбооныхон дээрх асуудлаар 21 аймагт санал асуулга явуулж байгаа бөгөөд одоогоор 15 аймгийн дүн ирсэн байна. Санал асуулгаар Сүхбаатар аймгийн хоёр суманд санал хуваагдан 50 хувь нь хүчингүй болгохыг дэмжиж, 50 хувь нь эсэргүүцжээ. Харин бусад аймгуудад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохыг эсэргүүцсэн байна.

Мөн тус холбооноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан бичиг хүргүүлж байгаа аж.

Ц.Соёл-Эрдэнэ Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих