Хойд эх…
Гэрэлмаа онгоцны цонхоор харлаа. Бараан хар үүлсийг зүсэн урагш тэмүүлэх онгоц бүүдгэр тэнгэрийн уудамд ганцаараа дүүлж байхыг тэр харав.
Онгоц ялимгүй савлаж, доош дээш болох бүрийд түүний цээжинд нэг л том чулуу зүүлттэй байх шиг санагдана. Түүний амьдрал яг л энэ онгоц шиг нэг уруудаж, нэг өгсөж, нэг савлаж өнгөрч. Тэр тоолонд хөөрхий аав нь онгоцонд сууж байгаа зорчигч шиг нэг сандарч, нүдээ аниж, түүний төлөө шаналж, битүүхэндээ айж байсан даа гэж бодоод санаа алдав.Гэрэлмааг жаахан байхад ээж нь нас барж. Үнэндээ тэр ээжийгээ ямархуу хүн байсныг одоо ч сайн санадаггүй. Гэхдээ л ээжийгээ алдсан тэр хар өдрөөс хойш хөөрхий охинхэзээ ч эргэж ирэхгүй тэр хүнийгсанахын зовлонгоор бүхий л насаараа яллагдсан гэдгээ л мэдэж байлаа. Гэрэлмааг зургаан настай байхад аав нь хамт ажилладаг бүсгүйтэйгээ ханилж, Цээмаа хэмээх богинохон шар үстэй туранхай эмэгтэй гэрт ирж билээ. Анх ирсэн өдрөө л аавыг нь харахаар инээмсэглэдэг хэрнээ Гэрэлмааг тааламжгүй нүдээр харж байгааг тэр зөнгөөрөө мэдэрч байлаа. Аав нь эзгүй үед Цээмаа ээж хачин муухай ааштай. “Хн. Эхийнхээ толгойг залгисан хүүхэд. Яахаараа ийм том болчихсон юм байж идэхээс өөрийг мэддэггүй юм” гэж байнга үглэнэ. Гэрэлмаагийн залхуу завааныг дуудаж хараана. Үнэхээр л хар дарсан зүүд шиг өдрүүд үргэлжилдэг байлаа. Харин аавыг нь байхад юу ч хэлэхгүй. Балчир охин олон хоногоор хөдөө яваад ирсэн аавыгаа бараадан хормойноос нь зүүгдэн, амьхандаа л нөмөр нөөлөг бараадана. Гэвч аав нь “Том болчихоод, байнга битгий зүүгдээд бай. Дураар нь байлгаад байх тусам охин хүүхэд даврах юм. Цаашаа бай” хэмээн хөөнө. Түүнийг эзгүйд ямар их санасныг, бас ямар их загнуулсныг, Цээмаа түүнийг ямар их гомдоосныг аав нь мэдэхгүй загнаж зандрахыг хараад Гэрэлмаа учиргүй гомдож уйлдаг байлаа. Гэвч дахиад л загнуулна. “Уйлан дуугарсан муу ёрын хүүхэд. Эмэгтэй хүүхэд худлаа уйлахаар үйлс бүтдэггүй юм. Чи наадахаа цохиод аваач. Би л лав хүний хүүхэд зодож чадахгүй ” хэмээн Цээмаа ээж үглэж,аав нь нэг бус удаа охиныг зодож байлаа. Үнэндээ Гэрэлмаа “Аавыг байхгүй хойгуур чи намайг зодоо биз дээ” гэж хашгирмаар байсан ч чаддахгүй уйлаад л өнгөрнө. Түүнийг сургуульд орсны дараахан Цээмаа ээж амаржиж, Гэрэлмаа охин дүүтэй болсон. Шөнө дүүгээ уйлахад айлын том охин босох ёстой. Хоол ундаа айлын том нь хийх ёстой. Гэр орноо ч айлын том хүүхэд л цэвэрлэж, угааж арчих ёстой гэсэн хатуу шаардлага, байнга үглэж, янших хойд эхээсээ охин салахыг туйлын их хүсэж байв. Цээмаа ээж “Охин хүүхэд байж, их идэж болохгүй” гэж үглэнэ. Харин аав нь юу ч дуугарахгүй. Өлсөж, ядарсан охин бас хаяад явсан ээждээ, хайхарч хардаггүй аавдаа гомдон охин шөнө дэрээ нортол уйлдаг байлаа.
Наймдугаар ангид орсон тэр жил Гэрэлмаа гэрээсээ оргов. Үеийнхээ хэдэн хүүхдүүдтэй нийлж,өдөр шөнөгүй дэмий тэнэнэ. Боломжийн амьдралтай нэг хүүтэй үерхэж, үй зайгүй дотносож, гэртээ ч орохоо байв. Хичээл сургуулиа бүр хаячихсан байлаа. Нэг өдөр орцны үүдэнд хүүхдүүдтэй тамхи татаад зогсож байтал аав нь хаанаас юм гараад ирлээ. Эцгийн нүд уур хилэнгээр дүүрэн байгааг харсан охин айж байсан ч айгаагүй дүр үзүүлэн “Би гэртээ харихгүй. Танай авгайд чинь дахиад дээрэлхүүлж чадахгүй” хэмээн хашгирчихав. Аав нь юу ч дуугарсангүй. Түүнийг ганцхан угз татаад шууд л машинд суулгачихаж билээ. Чимээгүй давхисаар л … Зодож, загнана л биз. Ёстой тэр авгайгийнх нь үнэн дүр төрхийг илчлээд өгнө дөө гэж бодож байсан охин аавыгаа дуугаа хураан чимээгүй болох тусам айж сандарч байлаа.
Аав нь хар цагаан дуугүй давхисаар… Хотоос гарч оршуулгын газарлуу дөхөж ирээд машинаа зогсоов. Гэрэлмаа учрыг нь ч олсонгүй. Аав руугаа зориг муутайхан харвал саяхан л уурлаж, дүнсийж байсан эцгийн царай ч, дуу ч зөөлөрчихөж.
-Миний охин буугаад ир гэх нь тэр. Гэрэлмаа ч аавыгаа үг дуугүй дагалаа. Тэд явсаар нэгэн оршуулгын дэргэд ирэв. Аав нь чимээгүйхэн өвдөглөж сууснаа, Гэрлээг ч бас суу хэмээн хуруугаараа зангав. Энэ ээжийн чинь газар. Ээж чинь чамайг төрүүлэх гэж аарцагны ясаа гэмтээчихсэн юм. Гурван жил хэвтэрт байж байгаад талийгаач болсон. Чиний төлөө биеэ эрэмдэг болгож, чиний төлөө шаналж байсаар байгаад нас барсан юм шүү дээ. Чи ээждээ ямар том охин болсноо, бас санаа зовох хэрэггүй гэдгийг хэлж сэтгэлийг нь амраа гэснээ шуухитнан уйлж эхлэв. Үнэндээ Гэрэлмаад хэлэх үг олдсонгүй. Хий дэмий л “Ааваа, ээжээ” хэмээн уйлж байлаа. Аав нь уйлж, уйлж тайвширсан бололтой.“Чи минь охиноо хар даа. Хачин том болсон. Яг чамтай адилхан хөөрхөн охин болсон. Удахгүй сургуулиа төгсөнө. Онц сурч байгаа. Охин маань гадаадад сураад мундаг эмч болно” хэмээн үглэж эхлэхэд Гэрэлмаа бүр ч чангааар уйлав. Гэртээ бараг сар хариагүйгээ, бас хичээлдээ яваагүйгээ, гурван ч хичээл дээр муу гарчихсан, багш нь сургуулиас хөөнө” гэж загнаж байсныг санан санан уйлж байлаа.
Тэр өдрөөс хойш охин гэрээсээ гарсангүй. Хатуу муухай ааштай Цээмаагийн хий гэсэн бүхнийг хийж, өдөр шөнөгүй бөгтөлзөж,хоол унд муутай өлсөж цангаж байсан ч хичээлээ давтан үүр цайтал нойргүй хонодог байлаа.Гэрэлмаа “Заавал их сургуульд орно. Заавал эмч болно. Тэгээд энэ гэрээс аавыгаа аваад бүр мөсөн явна. Хэзээ ч энэ ааштай авгайн царайг дахиж харахгүй дээ” хэмээн шүд зуун боддог байлаа. Тэр үнэхээр санасандаа хүрч. Гадаадад сургууль төгсөж, цол авч, янз бүрийн шагнал урамшуулал ч их хүртсэн. Тэр гэрт дахиж очоогүй. Харин тэр аавыгаа л авч чадаагүй юм. Хөөрхий аавыгаа хажуудаа авах гэж олон удаа ятгасан ч ирсэнгүй. “Аав нь нас өндөр болсон хүн.Орон гэр, хань ижлээ байхад охиндоо дараа болоод яахав” хэмээн зөрүүдлээд өдий хүрсэн байлаа.
Онгоц газардах дөхөж байлаа. Тэр аавруугаа улам бүр яарч байв. Харин олон жил уулзаагүй Цээмаа авгайн царайг яаж харах вэ? хэмээн баахан бодов. Өдөр шөнөгүй шал зүлгүүлдэг байсныг, бас хоолтой хоолгүй явдаг байснаа, тэр айлын бүхий л хар бор ажлыг ганцаараа нугалж, байнга загнуулж өссөнөө санах тусам түүнтэй уулзмааргүй санагддаг байлаа.
Мөрөнгийн жижигхэн нисэх онгоцны буудал… Ногоон дэвсэг, нарийхан цагаан зам яг л нүүрэн дээр нь тулаад ирэх шиг болоход тэр сая л онгоцны цонхноос харцаа салгав.
Аав нь охиноо ирсэнд догдолж байгаа нь илт. Гэрэлмааг тэвэрч үнсчихээд нүүрээ шударч, амьхандаа л нулимсаа нууж харагдав. Аавынхаа энгэрт зүүгдсэн бүсгүй ачаагаа авахаар эргэхдээ л Цээмааг ирснийг анзаарав. Дуу нь тас тас хийдэг өндөр туранхай шар бүсгүй хөгширч, нүүрэнд нь үрчлээ суун,нуруу нь бөгтийснийг хараад гэнэтхэн Гэрэлмаа өрөвдөв. “Хүүе. Ээж ирчихсэн байсан юм уу?” хэмээн өөрийн мэдэлгүй уулга алдан Цээмааг тэвэрч авав. Бүсгүйн цээжинд хурчихаад байсан гомдол цаг хугацааны эрхээр нимгэрч, сэмэрч элэгдэж байсныг тэр анзаараагүй явж.
Онгоцны буудлаас гэрлүүгээ хөдлөж байхдаа Гэрэлмаа “Хөөрхий дөө. Нээрээ Цээмаа ээжийг байгаагүй бол би ажил хийж сураагүй, өл дааж чадахгүй, хүнээс үг сонсож тэвчдэггүй арчаагүй амьтан л байх байсан даа” хэмээн бодож инээмсэглэлээ. Түүний цээжинд аавыгаа, ээжийгээ гэх хайр оргилон буцалж байгааг тэр сая л анзаарав.
URL: