Буян буцаж ирдэг /гайхалтай түүх/
20-р зууны эхээр Шотландын нэгэн фермер намагтай газрын дэргэдүүр өнгөрөн, гэр рүүгээ харьж явжээ. Гэнэт тэрээр тусламж гуйн хашгирах дуу сонсов. Фермер эр дуу гарсан зүг рүү гүйн очиход нэгэн жаал хүү намагт шигдсэн байж. Хүү намгаас гарахаар зүтгэн хөдлөхөд намаг түүнийг улам сорж, хүү айсандаа чангаар орилж байлаа. Фермер эр тэр дор нь бүдүүн мөчир хөрөөдөн унагаад живж буй хүү рүү болгоомжтой дөхөн ойртууллаа. Ингээд хүү аврагдав! Тэрээр айсандаа чичирсэн хэвээр, нулимс нь урссаар байлаа.
- Манайх руу очъё, чи хувцсаа хатааж, тайвширч ав хэмээн фермер өгүүлэхэд,
- Үгүй, үгүй. Аав маань намайг хүлээж байгаа, сэтгэл нь их зовж байгаа байх гэж хүү татгалзан, толгой сэгсэрлээ. Ингээд хүү аврагчаа талархсан харцаар мялаагаад гүйн одов…
Маргааш өглөө гэр рүү нь нэгэн баян хөсөг тэрэг ирж явахыг фермер харлаа. Сүйх тэрэгнээс нэгэн баян жентлмен эр бууж ирснээ:
- Өчигдөр миний хүүгийн амийг аварсан хүн та мөн үү? хэмээн асуулаа.
- Тийм ээ, би гэж фермер хариулав.
- Би танд хэдийг өгвөл болох вэ?
- Намайг гомдоох хэрэггүй, ноёнтон минь. Та надад юу ч төлөх шаардлагагүй. Би жирийн л хэн нэгний хийх ёстой үйлийг хийсэн.
- Үгүй ээ, миний хүү надад маш үнэт эрдэнэ учраас үүнийг би зүгээр орхиж чадахгүй. Та хүссэн тоогоо л надад хэлчих хэмээн баян эр шавдуулав.
- Би тантай энэ сэдвээр дахин ярьмааргүй байна. Баяртай хэмээн фермер хэлээд гэртээ орохоор эргэтэл түүний хүү гэрээс үсрэн гарч ирэв.
- Энэ таны хүү юу?- хэмээн баян эр асуулаа.
- Тийм ээ – гэж фермер эр бахдалтайгаар хариулаад хүүгийнхээ толгойг илэв.
- Тэгвэл ингэе. Би хүүг тань Лондон руу авч яваад, төлбөрийг нь төлөөд сайн боловсрол эзэмшүүлье. Хэрэв хүү тань аав шигээ ийм сайхан сэтгэлтэй бол хожим нь та ч, би ч энэ шийдвэртээ харамсахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Үүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Фермерийн хүү дунд сургууль, дараа нь Анагаахын Их сургууль төгсөв. Удалгүй бидний сайн мэдэх пенициллин тариаг нээн, дэлхий дахинаа нэр нь алдаршлаа. Түүнийг Александр Флемминг гэдэг байв.
Дайны өмнөхөн нөгөө баян жентлмений хүү хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа тусан Лондонгийн нэгэн тансаг эмнэлэгт хүргэгджээ. Энэ удаа түүний амийг юу аварсан гэж бодож байна? Нөгөө Александр Флеммингийн нээсэн пенициллин шүү дээ.
Флеммингийг боловсролтой болгож тусалсан баян жентлмен эрийг Рандольф Черчилль гэдэг байсан бөгөөд харин намгаас аврагдсан түүний хүү бол Уинстон Черчилль байжээ. Хожим нь, Уинстон Черчилль Английн ерөнхий сайд болсныхоо дараа “Чиний үйлдсэн буян хэзээ нэг цагт чамд эргэж ирдэг” хэмээн өгүүлж байсан аж.
Орчуулсан Д.Мигаа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
gaihaltai