36 сарын тэтгэмжээ хэн хасуулах вэ?

Төсвийн тодотгол тойрсон зарим асуудал  төрийг түмэн олонтой нь улам ойртуулж байна. Урьд нь төр бодлогоо танилцуулж, түмэн олон түүнийг нь хүлээн зөвшөөрөөд амьдрал үргэлжилдэг хэвийн өдрүүдээс нэг л өөр жишгээр явж байх шиг. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, татвартай холбоотой шийдвэрүүд иргэдийг эрх баригчдын унагах үг хийгээд цэнхэр дэлгэц, хэвлэлийн хуудаснаас салгахаа байв. Тэр дундаа Сангийн сайдын нэгдсэн чуулганд танилцуулсан цалин, тэтгэмжийг бууруулах багц хуулийн төсөл, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулиуд олны анхаарлыг татаж хүлээлтийн байдалд шилжүүллээ.

3021

 

Тодруулбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг онцлог гэж үзэж 36 сарыг 24 хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан харин бусад салбарын албан хаагчид тэтгэвэрт гарах­даа 12 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор өөрчилсөн.

 

Эдгээр заалт иргэдийг нэг туйлд аваачсан гэхэд болно. Ар гэр, ах дүү хамаатан саднаа өмгөөлсөн хүмүүс төрийн шийдвэрийн эсрэг талд зогсч байна. Үнэндээ зав чөлөө, цалин хөлс хомс төрийн албан хаагчдын нийгмийн асуудлаа шийдвэрлэдэг гол хөшүүрэг нь 36 сарын тэтгэмж байдаг. Ажиллаж байх хугацаандаа амьдралд хүрэлцэхгүй шахам цалинтай хүмүүс ар гэр, үр хүүхдийнх ирээдүйг нэг удаагийн тэтгэмжид даатгадаг гэхэд хол зөрөхгүй. Түүнчлэн цалин, татвар зэргээр төсөв хэмнэх нэрийдлээр иргэдийн халаас руу орлоо гэж байгаа. Гэхдээ 36 сарын тэтгэмжийн асуудал халаастай огт хамаагүй. Иргэдийн хэтэвч, халаас руу өнгийх биш амьдралынх нь баталгааг үгүй хийж байгаа явдал. Хэмнэх, танах гэсэн тодотголын дор 36 сарын тэтгэмжээсээ хасуулж байгаа хүмүүс яг үнэндээ хэн бэ.

 

БОЛОВСОН ХҮЧНИЙ ДУТАГДАЛД ОРЖ ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛД ОРОХ ЭРСДЭЛТЭЙ

 

Монгол Улс төрийн дархлаа, Үндэсний аюулгүй байдлаа эр цэргүүддээ даатгасан. Гэтэл яагаад эх орныг ард түмэнтэй нь хамгаалж, улсын 8200 гаруй км  хилийн зурвасыг  өдөр шөнөгүй, нойр хоолгүй манаж байгаа цэргүүдийнхээ амьдралын баталгаа аягатай хоолноос халбагадах гэж. Тэд эмч, багш нар шиг эрхээ хамгаалж үг хэлэх эрхгүй.  Хуулиар эрхээ хязгаарлуулсан хүмүүс. Өөрөөр хэлбэл, цэргийн албан хаагчид эвлэлдэн нэгдэж жагсч, өөрийнхө эрх ашгийн төлөө үг хэлж болохгүй. Төр төмөр нүүрээ харуулаад тэтгэмжийг нь хаслаа гэхэд хуулиа биелүүлээд дуугүй л зогсох үүрэгтэй.

 

Мөн хилийн отряд, заставуудад цэцэрлэг, сургууль хомс. 3-5 жил ажиллуулаад өөр газар томилно. Үүнээс болж хүүхдүүд нь олон сургууль дамжина. Нутаг ус, хамаатан саднаасаа хөндийрнө гээд тоочоод байвал зовлон их. Гагцхүү улс орон цэргийн албан хаагчдын амин чухал асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед эх орны дөрвөн зүг, найман зовхист буй хилчид чих тавин суугаа. 1990 оны үед зах зээлийн нийгэмд шилжиж төрийн байгууллагын тэтгэмж байхгүй болох үед олон хүмүүс хил хязгаараа орхиод хувийн бизнес эхлүүлээд явсан сургамж бий. Үүнтэй адил боловсон хүчний дутагдалд орж тусгаар тогтнол аюулд орох эрсдэлтэй ч байж мэдэх.  Цэргийн албан хаагчидтай холбоотой чухал асуудал хэлэлцэгдэж  байгаа энэ үед бид ХХЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаяртай уулзсан юм. Тэрээр  “Байнгын хороо хуралдаад цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийг хасах гэж байсныг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасанд олон хүн талархаж суугаа. 36 сарын тэтгэмж бол хилчдийн нийгмийн асуудлыг шийддэг гол хүчин зүйл. Гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн бүсгүйчүүд эр нөхрөө дагаад зах хязгаар нутагт амьдарч туслах  ажил төдийхэн хийдэг. Цэргийнхэн тэтгэвэрт гарахдаа дүрэмт хувцас, цэргийн хэдэн найзаас өөр юмгүй. Тэгэхээр тэтгэврийн дэмжлэгээ аваад гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. Хамгийн гол зүйл бол олон жил сургаж бэлтгээд мэдлэг туршлага нь хуримтлагдаж байтал орхиод явчихвал улс оронд хэцүү. Байгууллага боловсон хүчний хомсдолд орно. Дор хаяж дахиад таваас дээш жил гадаад дотоодод сургана. Тэтгэмж байхгүй болчихвол залуу хүмүүс хувийн бизнес хийнэ гэнэ. Чадварлаг хүмүүс халагдаад явна. Орос, Хятад цэргийн албан хаагчдаа тэтгэвэрт гарахад нь орон сууцыг нь бэлтгэх зэргээр маш их анхаардаг юм билээ. Тэтгэмж буурах сургаар  олон хүн бидэн рүү утсаар ярьж үнэн худлыг нь асууж байна. Өргөдлөө өгөөд тэтгэвэрт гарах саналтай хүмүүс ч байна” гэсэн юм.

 

ЗАРИМ ЭМЧ, БАГШ НАР ТУШААЛАА ГАРГУУЛААД ЭХЭЛЖЭЭ

 

Иргэдийн эрүүл мэнд, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх хариуцлагатай албатай эмч багш нарт ч тэтгэмж бууруулах асуудал хүндээр тусч байна. Цалин бууруулах асуудалд хамгийн түрүүнд өртдөг мөртлөө сүүлийн хэдэн жил цалингаа нэмнэ гэж уриа лоозон барьж тэмцээд ч тусыг олоогүй эмч, багш нар төсвийн тодотголын сургаар сандралдаад эхэлжээ. Тэтгэврийн нас нь болсон ч ажлаа үргэлжлүүлэн хийж байсан эмч, багш нар цалин тэтгэмжийг бууруулах багц хуулийг батлагдахаас өмнө 36 сарын тэтгэмжээр тушаалаа гаргуулж эхэлсэн байна. Эх сурвалж “Хууль нэгэнт батлагдчихвал 1-12 сарын тэтгэмж авна. Тиймээс тэтгэвэрт гарах хугацаа арай болоогүй ч болдогсон бол  өмнө нь тушаалаа гаргуулаад тэтгэвэрт гарчихмаар байна. Манай эмнэлгийн зарим эмч нар тушаалаа гаргуулаад эхэлсэн. 36 сарын тэтгэмж бол тэтгэвэрт гарсныхаа дараа бизнес эхлүүлэх, үр хүүхдийнхээ боловсролд зарцуулахад том дэмжлэг үзүүлдэг” хэмээн ярив.

 

Б.Алтанхуяг: НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖ НЬ НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ

 

УИХ-аар хэлэлцэж байгаа Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаххуулийн төсөлд цэргийнхэн ямар саналтай байгаа талаар ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга,хурандаа Б.Алтанхуягаас тодрууллаа.

 

 

-Цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийг бууруулах тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Үе, үеийн УИХ, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Засгийн газар батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ анхаарч, бие бүрэлдэхүүний албаа хаах, тогтвор суурьшилтай ажиллах аятай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Энэ хэмжээгээр  Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад харилцаа өргөжиж, тэр хэмжээгээр олон улсад нэр хүнд нь өсч, цэргийн албыг сонирхох залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна гээд Зэвсэг хүчний үйл ажиллагаатай холбоотой олон сайхан мэдээ бий.

 

Энэ цаг үед Засгийн газраас 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулж УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцүүлж байна. Мэдээж Монгол Улсын төсөв алдагдалтай, хүнд байгааг манай салбарынхан ойлгож байгаа. Гэхдээ цэргийн алба бол Төрийн албаны тусгай алба, эх орон ард түмнээ амь бие үл хайрлан батлан хамгаалахаа батлан тангарагласан үүнийхээ төлөө цаг наргүй ажилладаг онцлогтой хүмүүс. Манай алба хаагчид эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээсээ гадна  гамшиг осол, үер ус, гал түймэр, цас зуданд хүн хүч, машин техникээр дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг гэдгийг олон нийт сайн мэднэ.

-

Дэлхийн орнуудын практикаас харахад цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьжшийдвэрлэдэг юм билээ?

 

-Тийм байдаг. Тийм ч байх ёстой. Алба хаагчдын ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах, чин үнэнчээр зүтгэхэд хамгийн том хөшүүрэг бол нийгмийн асуудал болоод бусад хангамж байдаг.

 

Цэргийн анги байгууллагын мэдлийн орон сууцанд амьдарч байгаа офицер, ахлагчийн орон сууцны хөлсийг 30 хүртэл хувиар хөнгөлнө. Орон сууцаар хангаагүй бол орон сууцны үнэлгээт хөлсний 30 хүртэлх хувьтай тэнцэх тусламжийг анги байгууллага олгоно. Офицер, ахлагчид байнга оршин суух газартаа амины орон сууц барихад нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөлт үзүүлнэ гэж хуулиар зааж өгсөн ч өнөөдөр энэ заалт хэрэгжиж чадахгүй байна. Нуух аргагүй. Мэдээж энэ нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байдаг асуудал.  Ер нь манай салбарын бие бүрэлдэхүүний 70 хувь нь орон сууцгүй гэсэн судалгаа гарсан. Харин офицер, ахлагч нар тэтгэвэрт гарахдаа төрөөс олгодог нэг удаагийн тэтгэмжээр орон сууцныхаа нөхцлийг сайжруулах, өөрийн гэсэн хувийн орон сууцтай болдог. Гэтэл үүнийг нь бууруулах тухай яригдаж байгаа нь салбарын удирдлагуудын хувьд санаа зовоосон асуудал болоод байна.

 

-Цэргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх ямар боломж нөхцөл байна гэж харж байна вэ?

 

-Цэргийн алба хаагчийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүйгээр хөдөлмөрлөж, бэлэн байдалд ажиллаж байгааг онцлох ёстой. Энд нэг зүйл тодотгоход, цэргийн алба хаагч нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан эдлэх эрхүүдээ хязгаарлуулсан байдаг. Үүнийг дагаад тэдний гэр бүлийн тогтвор суурьшилтай ажиллах, суралцах эрх нь ч давхар зөрчигддөг. Насны эцэст байнгын томилолтоор ажилласны хувьд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, орон гэргүй үлддэг нь нууц биш. Түүнээс гадна цэргийн алба хаагчийн эзэмшсэн мэргэжил нь Зэвсэгт хүчинд л ажиллах боломжтой байдаг бөгөөд тэтгэвэрт гараад мэргэжлээрээ ажиллахад хүндрэл үүсдэг. Эх орныхоо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хариуцан цаг наргүй ажилладаг алба хаагчидтай Монголын төр, засаг онцгой анхаарч, нийгмийн асуудлаа шийдвэрлэж чаддаг тэтгэвэр, тэтгэмжийг нь бууруулахгүй байхын төлөө шийдвэр гаргах байх гэж харж байна.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих