Алтчин тэрбумтнууд ба самарчин ард түмэн
Мөнгөөр дутахын зовлон үзээгүй, ард түмэн яаж амьдарч байгааг мэдэхгүй, тансаглалын заагийг хаагуур татахаа ч мэдэхгүй хэдэн хүнийг төрд сонгосныхоо горыг бид яс махандаа тултал амсч байна. Өөрсдийнхөө тансаглалыг танахаа мэдэхгүй байж ард түмнийхээ халаас руу хээв нэг гараа дүрэх төрийн түшээд одоо бүр байгалийн баялгаа хүртэл иргэдээс харамлаж байна. Яг үнэндээ энгийн иргэд энэ эх орны байгалийн баялгаас юуг нь хүртэж байгаа юм. Хуруу хумсаа хуйхалж байж алтны үртэс түүнэ, тэгэхээр “нинжа” гэж ад үзнэ, янз бүрийн хууль журам, дүрэм ярина.
Энэ нь иргэдэд хүртээлгүй, баячуудад өгөх ёстой гэсэн үг бус уу. Газрын баялаг болсон алтыг тэрбумтнууд хэмжээ хязгааргүй ухан авч, эцэст нь байгаль орчныг яаж бохирдуулсныг, тэдэнд хууль дүрэм хэрхэн үйлчилдгийг Орхон голын жишээгээр бэлхэнээ хар. Гэтэл ядарсан ард түмэн самар түүхээр байгаль сүйтгэлээ гэнэ. Хориглож байгаа шалтаг нь инээдтэй. Модон мунаар хуш модыг цохихоор үхээд дуусна. Монголын хушин ойн нөөцийг барчихна гэнэ. Д.Хаянхярваа гишүүний хэлснээр ёстой битгий хуц. Самар түүж байгаа хүмүүс хог тариад, тэр нь байгалийг сүйрүүлээд байгаа гэсэн. Монголын төр өнөөдөр самар түүж, амьдралаа залгуулж байгаа ядарсан иргэдээрээ тоглож байхаар жинхнээсээ байгаль орчин сүйдэлж байгаа баячуудтай хариуцлагын талаар эхлээд ярь.
Өнөөдөр Орхон гол шавар шавхайгаар урсч байна. Архангай, Өвөрхангай, цаашлаад Булган, Орхон аймгийн олон иргэд, мал амьтан цэвэр усаар ундаалах аргагүй болчихоод байгаа. Эрхэм дарга гуайнууд баахан ажлын хэсэг байгуулж, шалгаж байна л гэдэг. Өнөөдрийг болтол юу хийсэн юм бэ. Харин сая шинэ сайд Д.Оюунхорол алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг түр зогсоолоо. “Алтны магнат” гэгдэх Ц.Мянганбаяр, Б.Эрдэнэбатын “Эрэл” компаниуд Өвөрхангайд сүүлийн хэдэн жил алт ухаж, эцэст нь ийм байдалд хүргэсэн. Тэдний нэг нь алтнаас олсон мөнгөөрөө модель хүүхнүүд зугаалуулж, нөгөө нь бохир улс төрдөө цацсан. Тэд хожоод л хэвтэж байгаа. Алтыг нь аваад авдрыг нь хаяад явдаг хүйтэн сэтгэлтэй тэрбумтнуудын жишээг дурьдаад дуусахгүй.
Өвөрхангайн Уянга суманд Өлтийн гол гэж ямар сайхан гол байлаа. “Эрэл” компани хөрсийг нь хэд эргүүлээд, усыг нь дараад л хаясан. Одоо Өлт ямар байгаа билээ. Алт олборлохын тулд хэчнээн га ойг хядаж, ашигт малтмалын талбайгаа цэвэрлэж авч байгаа компаниуд дүүрэн л байна. Архангайн Цэнхэр сумын нутаг дахь Шийртийн алтны уурхайд олборлолт хийж байгаа компаниуд эхэн үедээ хэчнээн га ойг сүйтгэснийг албаны хүмүүс мэддэг. Мэддэг ч мэдээгүй дүр үзүүлдэг. Тэгвэл өнөөдөр самар түүж байгаа хүмүүс хэдэн ширхэг мод унагаасан юм бэ. Хэдэн гол ширгээж, хэдийг бохирдуулсан юм бэ.
Үгүй л байхгүй юу. Хугацаа нь болоогүй байхад түүлээ л гэнэ. Аль 10, 20 жилийн өмнө л иргэд наймдугаар сарын дундаас л самар түүдэг байсан. Гай болоогүй л байгаа биз дээ. Ингэж мунхаглаж байхаар самраа гадагш нь үнэтэй гаргадаг болох боломжийг судлаад, бодлогыг нь гаргаад, ард иргэддээ хэрэгтэй юм хийгээч. Гуравхан сая хүнээ тэжээж чадахгүй, дэлхийн шившиг болгож байгаагаа мэдэж байна уу. Нэг япон хүн Монгол гуравхан сая хүнтэй, тэд нь ядуу юм уу. Тэгвэл би нэг арал дээр тэр гурван сая хүнийг нь авчирч тэжээе. Харин тэр том газар нутгийг нь өгчих гэсэн байна хэмээн бичсэнийг нүүр номоор нэг тараасан байна лээ.
Аливаа зүйлийг утга учиргүй хориглох нь дандаа муу үр дагавар дагуулдаг. Энэ жил самар түүлгэхгүй гэж муйхарлан хорьсноос болж хэдэн цагдаа, байцаагчид, ой хамгаалагч нар л башийлаа. Өвөрхангайн хэдэн суманд төрийн зарим албаныхан иргэдийг самар түүхээр ууланд гарахад нь хориглоогүй. Зүгээр нүдэн балай оруулчихсан гэсэн. Хэд хоногийн дараа түүсэн самрыг нь очиж хураагаад, хөөгөөд явуулчих жишээтэй.
Хураасан самраа тэд улсын орлого болгоно гэж байх уу. Өөрсдөө л эд бад хийгээд, зүгээр байж байгаад мөнгөтэй болчихдог хэмээн нутгийнхан ярьдаг нь ортой биз. Харин ядарсан иргэд мөнгө төгрөг, цаг хугацаа, хөдөлмөрөөрөө “шатаад” л дуусна. Уг нь манайхнаас өөр, ухааны жижигхэн хэлтэрхийтэй хүмүүс бол ард түмний самар түүхийг хориглож мэдрэлтэж байхын оронд харин ч татвар мөнгөө хураагаад, асуудлаа шийдээд явбал дээр биш үү. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын удирдлагууд яаж байна. Самар түүж байгаа иргэдээсээ багахан татвар аваад, цугласан мөнгөөр нь хүүхдийн цэцэрлэг барьчихлаа. Яагаад энэ аргыг хангайн бүсийн, самар жимс ургадаг сумын удирдлагууд ашиглаж болохгүй гэж.
Иргэд нь хэдэн төгрөгтэй болоод, амьдрал ахуйдаа нэмэрлэчихнэ. Сумд нь ч гэсэн жаахан татвар аваад, түүгээрээ зарим асуудлаа шийдчихнэ. Бид ингэж ажиллаж, байгалийн баялгаа нийтээрээ хувааж идэх цаг болсон. Томчууд, баячууд нь Монголын өнгөтэй өөдтэй гэсэн бүхий л ашигт малтмал, байгалийн баялаг, алт эрдэнэсийг ухаж баяжиж байхад ядарсан иргэд нь ядаж самар ч болов түүж, бор ходоодоо борлуулах эрхтэй баймаар байх юм.
mminfo.mn
URL: