Эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх нь зүйтэй

4Замын цагдаа нар “Хяналт шалгалт” хэмээх арга хэмжээг өнгөрсөн сарын 29-нөөс зохион байгуулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаа.

Ингэхдээ автомашинд заавал байх ёстой галын хор, ослын зогсоол буюу гурвалжин тэмдэг, эмийн сан байгаа эсэхийг нь шалгаж байгаа юм.

Харин гэнэтийн гэх үү энэ шалгалтад ундуйцаж, дургүйцсэн жолооч нар олон байна. Тэдний зарим нь энэ үйл явдлыг “Эдийн засаг хямарсан гээд иргэдийнхээ халаасыг тэмтрэх зорилгоор гэнэт ийм шалгалт хийж байна” гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь “Зөв зүйтэй ажил байна” хэмээн дэмжиж байсан юм.

Даваа гарагийн үдээс хойш буюу ажил тарах цагаар замын түгжрэл ид үүссэн байлаа. Жолооч нарын ихэнх нь л яаруу сандруу яваа харагдана.

Тэднээс явагдаж байгаа хяналт шалгалтын тухайн асуухад “Сүүлийн үед цагдаа нар ширүүн байгаа” гэж нэгэн жолооч хэлсэн юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны байдлаар 789 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Эдгээр тээврийн хэрэгслийг насжилтаар нь аваад үзвэл 80 орчим хувь нь 10-аас дээш жил болсон буюу хуучирсан тээврийн хэрэгсэл. Үлдсэн 20 хувь нь 10 жил дотор буюу бидний хэлж заншсанаар он залуу автомашин байгаа юм. Гэтэл өндөр хөгжилтэй оронд 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг техникийн шаардлага хангахгүй буюу бүрэн бус тээврийн хэрэгсэл гэж үздэг юм байна.

Тэгвэл манай хотын гудамжаар яг ийм “оноштой” 630 орчим мянган тээврийн хэрэгсэл холхиж байна гэж ойлгож болох нь. Эндээс харахад нийслэл хотын төвд ийм тооны тээврийн хэрэгсэл явж байна гэдэг ардаа асар том эрсдэл дагуулж буй билээ.

Гэтэл өндөр хөгжилтэй оронд 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг техникийн шаардлага хангахгүй буюу бүрэн бус тээврийн хэрэгсэл гэж үздэг юм байна. 

Хамгийн наад зах нь бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүний эрүүл мэнд, амь нас энэ бүхэнтэй холбоотой. Тиймээс ядахдаа тээврийн хэрэгсэл дотор зайлшгүй байх ёстой галын хор, ослын зогсоол, эмийн санг жолооч нар хэн нэгнээр шалгуулж, шаардуулахгүй, торгуулах дээрээ тулахгүйгээр ухамсраараа аваад тавьчих хэрэгтэй.

Хуульд зааснаар бол эдгээр гурван зүйлийг авч яваагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог юм байна. Харин бодит байдал дээр манай жолооч нар сануулга авч, зарим нь торгуулж аваад замын цагдаагаас мултардгийг албаны хүмүүс хэлж байна.

Жолооч нар аюулгүй байдлыг хангахдаа зөвхөн замын цагдаагийн албан хаагчийн нүд хуурах төдийхнөөр хандаж байгаа нь харамсалтай.
Өнгөрсөн жил Энхтайваны гүүрэн дээр автомашин юу ч үгүй шатаж орхисныг санаж байгаа байх. Тухайн үед жолооч автомашинаа халаахаар хөдөлгүүрийнхээ доор ил гал тавьж байгаад гал алдсан байдаг.

Хэрэв энэ үед жолоочид галын хор байсан бол машинаа юу ч үгүй шатаахаас сэргийлэх боломжтой байв. Мөн Хүй долоон худагт бас л нэг автомашин шатсан явдал саяхных. Тэр үед ойр орчимд явж байсан олон жолооч нар машин шатахыг зүгээр л хараад л зогсож байж.

Тэдний хэнд нь ч галын хор байгаагүй гэдгийг замын цагдаагийн алба хаагчид хэлж байв. Тиймээс жолооч нар эрхээ эдлээд замын хөдөлгөөнд оролцож байгаа бол үүргээ бас биелүүлдэг байх хэрэгтэй.


“ЖОЛООЧ НАРААС МӨНГӨ АВАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ”

Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Х.Одбаяраас тодрууллаа.

-Автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах хяналт шалгалт эхэлсэн байна. Ямар учраас энэ шалгалтыг хийж байна вэ?

-Жолооч нар жилд нэг удаа автомашинаа заавал оношилгоонд оруулах ёстой байдаг.Харамсалтай нь манай жолооч нарын дийлэнх нь заасан хугацаанд ном журмын дагуу оношилгоо үзлэгтээ хамрагддаггүй. Мөн иргэдээс “Утаа ихтэй тээврийн хэрэгсэл маш их байна” гэсэн санал гомдол олноор ирж байна.

Тиймээс бид наймдугаар сарын 29-нөөс энэ сарын 30 хүртэл нэг сарын хугацаатай “Хяналт шалгалт” нэртэй нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Урьд өмнө ч гэсэн ийм хяналт шалгалт хийдэг байсан. Дүрмээ баримтлаад явж байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй шүү дээ.

-Гэнэт хийгдэж буй энэ шалгалтад жолооч нар төдийлөн таатай хандахгүй байна. Мөн тэдний дунд мөнгө хуримтлуулах зорилгоор албаар энэ ажлыг зохион байгуулж байна гэсэн хардлага гарсан байна?

-Энэ бол гэнэт хийж байгаа ажил биш. Жолооч нараас мөнгө салгах гээд байгаа ч юм биш. Тиймээс ташаа мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Замын цагдаагийн газраас урьд өмнө ч нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар ийм хяналт, шалгалт явуулж байсан. Бүтэн жилийн төлөвлөгөөнд тусгасан ажлын нэг нь эдгээр өдөр болж байна. Түүнээс биш ямар нэг улс төрийн захиалгаар энэ ажлыг хийгээгүй.

-Утаа ихтэй тээврийн хэрэгсэлд ямар арга хэмжээ авч байна вэ. Олон жилийн насжилттай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай заалт бий юү?

-Бид Авто тээврийн үндэсний төвтэй хамтран явуулын оношилгоо хийж байна. Замын цагдаа нар утаа ихтэй тээврийн хэрэгслийг зогсоосон тохиолдолд явуулын оношилгоог газар дээр нь дуудаж, тухайн машины утааг хэмжинэ.

Тогтоосон стандартаас хэтэрсэн утаа хаяж байгаа тээврийн хэрэгслийг илрүүлбэл бичиг баримтыг нь хураан авч, зөрчлийг нь арилгуулж, дахин оношилгоонд хамруулан, тэнцсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцох эрх олгоно.

Тээврийн хэрэгсэл дээр 12 жилээс дээш насжилттай нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулахыг хориглодог. Түүнээс биш суудлын болон бусад төрлийн автомашинд хориглосон заалт байхгүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих