Цахим дарангуйллын золиос

191990-05092016-1473066389-561960876-1Аманда Тоддс 15 насандаа амиа хорлосон. Эмгэнэлт хэрэг гарахаас хоёр жилийн өмнө тэрбээр долдугаар ангийн сурагч байжээ. Тэр үед аав нь түүнд зөөврийн компьютер авч өгсөн байна. Түүгээр Аманда вебкам чат ашиглан хүмүүстэй танилцдаг сайтыг идэвхтэй ашиглах болжээ.

Хүмүүс түүнийг царайлаг, хөөрхөн, гоё биетэй зэргээр магтдаг нь түүнд таалагдсан гэж хэлсэн удаатай. Энэ тийм ч гайхмаар зүйл биш. Өсвөр насныхан олон хүнээс магтаал хүртэх дуртай. Тэр дундаа танихгүй хүн гадаад үзэмжийг нь магтахад тун таатай сэтгэгдэл төрдгийг сэтгэл судлаач Д.Лхамсүрэн хэлсэн юм. Аманда Тоддсыг үгийн сайхнаар магтсан хүмүүсийн дундаас үеийнх нь царайлаг хөвгүүн хөхөө харуулахыг хүсжээ.

Гэнэн зангаасаа болж хүүхдүүд цахим орчинд золиос болж байна

Дөнгөж 13 настай тэрбээр ганц удаа хөл халтиран үгээр нь хийснээр эцэг, эх нь ганц охиноо үүрд алдах шалтгаан болсон юм. Үеийнх нь тэр хөвгүүн үнэн хэрэгтээ 35 настай Аядин Кобан гэгч байжээ.

Тэр цагаас хойш гэмт этгээд Аманда Тоддсыг цахим бэлгийн дарамтад оруулж, элдэв зүйлээ харуулахыг шаарддаг байсан. Эс бөгөөс хөхөө гаргасан зургийг нь сургуулийнхан, найзууд, гэр бүлийнхэнд нь харуулна гэж сүрдүүлдэг болжээ. Үүнээс болж Аманда Тоддс дөрвөн удаа сургуулиа сольж, нүүсэн ч даян дэлхийг хэрсэн цахим сүлжээн дэх дарамтаас нуугдах газар байгаагүй юм. Эцэст нь хар тамхи, архинд орж сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж, сургуулийнхандаа зодуулж, зургийг нь тараана гэсэн хөвгүүнтэй бэлгийн харилцаанд орж, өсвөр насны хүүхдийн үзэх ёсгүй бүхнийг үзжээ. Ийм зүйлийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч давж гарахад бэрх.

Өнгөрсөн жил Цагдаагийн ерөнхий газарт цахим гэмт хэрэгтэй холбоотой 60 гаруй хэрэг бүртгэгджээ .Үүний 60 хувь нь секстрон буюу, бэлгийн дарамтад оруулсан хэрэг байв. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдын дийлэнх нь 12-21 насны залуучууд байжээ.

Энэ дан ганц Монгол Улсын асуудал биш. Олон улсын хэмжээнд өсвөр насны охидын 71 хувь, хөвгүүдийн 67 хувь нь бэлгийн зан үйлтэй холбоотой контентыг нийтэлж, бусдад илгээдэг гэсэн судалгаа бий. Харамсалтай нь нийт эцэг эхийн дөнгөж 15 хувь нь хүүхдийнхээ цахим орчин дахь зан үйлийг мэддэг байна.

Тэгэхээр аюулын харанга танай хаалгыг ч дэлдэж мэднэ. Харин та хүүхэдтэйгээ цаг өнгөрөөж, тэднийг таньж мэдсэнээр үүнээс хамгаалах боломжтой.

Өсвөр насны хүүхдүүд интернэт хөгжихөөс өмнө хөл алдаж, ичгэвэртэй байдалд орсон ч ихдээ л сургуулийнхан нь л мэддэг байв. Харин одоо үед Монгол Улс цөөн хүн амтайг ч хэлэх үү, цахим ертөнц газар авсныг ч хэлэх үү орон даяар “ичтэл нь шэйр” хийлгүүлэх боллоо. “Дэлхийгээс зайл”, “Дэлгэцийн агшин” тэргүүтэй фэйсбүүкийн хуудас өсвөр насныхны хийсэн гэнэн томоогүй зураг, бодлогогүй хэлсэн үгийг өлгөж олонд түгээж, айдаст автуулдаг боллоо. Гэвч энэ бүхэнд хүүхдийг буруутгах аргагүй. Угтаа эцэг, эх сурган хүмүүжүүлэгчид нь тэдэнд сошиал ертөнцөд биеэ хэрхэн авч явах зөвлөгөө өгөөгүйтэй холбоотой юм.

ХҮҮХДИЙГ БУРУУТГАХ АРГАГҮЙ 

Олон нийтийн сүлжээ сайтын хэрэглээ маш богино хугацаанд тархлаа. Тиймээс ч энэ ертөнцөд биеэ хэрхэн авч явах тухай загвар, заавар алга. Өсвөр настнуудын ихэнх нь өөрийнхөө алдаанаас суралцаж байна. Тэд танихгүй хүмүүсээс үлгэр дуурайлал авч байна. Задгай хувцастай зураг тавьж болох юм байна. Фэйсбүүкээр хүнтэй танилцаж болох юм байна.

  •  Өсвөр үеийнхэн олон хүнээр магтуулах дуртай. Тиймээс ч инээсэн болгон найз биш гэдгийг хэлж ойлгуулан, цахим орчинд танихгүй хүмүүстэй болгоомжтой харьцахыг заая.
  •  Тэдний оруулсан зураг, бичсэн постыг хэн дуртай нь татаж авч, баримтжуулан түгээх боломжтой.
  •  Сошиал ертөнцөд нэр хүндтэй байхаас илүү үнэ цэнэтэй зүйл амьдралд олон бий.

Найз хөвгүүн, найз охинтойгоо үнсэлцэж, тэврэлдэж байгаа зургаа тавибал гоё юм байна гэдэг ойлголтыг хэн нэгнээс авах болжээ. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн “Цахим ертөнцөд хүүхэд өөрийн үнэлэмжийг бий болгодог. Өсвөр насныхныг ажиглахад сургуульдаа даруу төлөв байдаг, дуу цөөнтэй хүүхдүүд сошиал сүлжээг илүү идэвхтэй ашигладаг” гэв. Эдгээр хүүхэд олон нийтийн сүлжээ сайтад өөрийн ертөнцийг бий болгож, тэнд хүмүүсээр үнэлүүлж, тэндээ амьдрах дуртай байдаг.

Цахим орчинд биеэ зохистой авч явах заавар алга

Хүүхдүүд гэнэн томоогүй алхмаасаа болж өөрийн мэдэлгүй цахим шоглоом, дарамтад өртөж байгааг Д.Лхамсүрэн хэлсэн юм. Ойрын жишээ дурдвал, ерөнхий боловсролын сургуулийн хоёр найз нэгнийхээ гэрт тоглохоор очжээ. Гэтэл нэг нь нөгөөгийнхөө хувцсаа сольж байгаа зургийг аваад, муудалцсан хойноо мөнгө нэхэж дарамталсан тохиолдол манайд гарсан аж. Хүүхдүүд энэ мэтчилэн анзааргагүй, муу санаагүй болохоороо бусдын гарт явж орсон түүх тоо томшгүй. Ийм байдалд орсон хүүхэд бусдад итгэх итгэлгүй, ичимхий, айдастай болж хувирдаг.

Сургууль дээрээ дээрэлхүүлдэг хүүхэд гэртээ хариад амар тайван байдаг. Харин цахим дарамтаас зугтах аргагүй. Долоо хоногийн долоон өдөр, 24 цагийн турш, хаа ч явсан үлдэн хөөх болно. Гудамжинд танихгүй хүмүүс эргэж харах, чичлэх, шивнэлдэх гээд цахим дарамтад өртөж, олны тоглоом шоглоом болсон хүнд тайван байх боломж тун хомс. Хүүхдүүдийн бодлогогүй алхмыг сошиал ертөнцөд дэвэргэж байгаа хүмүүс нь насанд хүрэгчид. Тэдний үйлдлийг түгээж, зүхэхийн оронд насанд хүрэгчид ойр орчимд байгаа хүүхдүүддээ анхааруулж, ийм зүйлээс хэрхэн биеэ хамгаалах талаар зааж сургах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэллээ.

СОШИАЛ БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР 

Нэгэнт өсвөр насныхны дунд фэйсбүүкийн хэрэглээ их байгаа юм чинь тэднийг хорьж цааргалахын оронд зүй зохистой хэрэглээг зааж өгвөл яасан юм бэ. Бас муу санаалахыг зааж өгье. Фэйсбүүк хэдий хувь хүний орон зай ч гэсэн хэн хүссэн нь хүүхдийн зургийг татаж аваад, эвлүүлэг хийгээд олон түгээх боломжтой. Дотнын найз нь ч зургийг нь авч, бичлэг хийж, тэднээс урваж магадгүй гэдгийг. Инээсэн болгон найз биш хүүхдэд хэлэх цаг болжээ. Юуг хуваалцах, юуг хуваалцахгүй вэ гэдгийг багш, эцэг, эхчүүд зааж өгмөөр байна.

“Эцэг, эхчүүд хүүхдэдээ гар утас авч өгч, гэртээ утасгүй интернэт тавих үедээ сайтар бодолцох хэрэгтэй. ‘Чи фэйсбүүкт битгий ор’ гэж хэлэхийн оронд ‘Хамт тоглоё, гадуур зугаалъя’ гэж хэлбэл хүүхэд хүлээж авна” гэв. Сошиал ертөнцөд идэвхтэй байдаг хүмүүсийн дийлэнх нь бодит орчиндоо ганцаардмал байдгийг сэтгэл зүйчид хэллээ. Тиймээс хүүхдээ ийм байдалд оруулахгүйн тулд эцэг, эхчүүд хянамгай, тэвчээртэй байж хүүхдэдээ цаг гаргах хэрэгтэй юм. Түүнчлэн цахим ертөнцөд нэр хүндтэй байхаас илүү үнэ цэнэтэй зүйл амьдралд олон байдгийг хэлж тайлбарлаж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болж, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулагдсан. Цахим гэмт хэргийн хохирогчдын тоо өссөөр буйг ЦЕГ-ын жил жилийн статистик мэдээллээс харж болно. Үүний дотор өсвөр насны хүүхдүүд зонхилж байгаа юм. Үе тэнгийнхэн бие биенээ дарамталсан, гүтгэсэн, охид цахим ертөнцөд танилцсан хүнтэйгээ уулзах, хүчирхийлэлд өртөх, нэр төрөө гутаан доромжлуулсан байдал түлхүү ажиглагдана.

Өсвөрийнхнийг хориглох биш зааж зөвлөх хэрэгтэй байна

Хүүхэд хамгааллын тухай хуульд Хэвлэл мэдээлэл, цахим орчин дэх хүүхэд хамгааллын тухай зүйл заалт орсон. Үүнд хэн нэгнийг цахим орчинд гүтгэсэн, нэр төрд нь халдсан, дарамталсан бол 13 нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх хариуцлага хүлээнэ, 13 хүрсэн бол захиргааны, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээхээр заажээ. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд шийдэж өгсөн ч хүүхдүүдийн мэдлэг төдийлэн хангалтгүйгээс тэр бүр асуудлаа шийдвэрлүүлдэггүй.

Хүүхэд жилийн есөн сарыг боловсролын орчинд өнгөрөөдөг. Тиймээс сургуулийн багш, нийгмийн ажилтнууд цахим орчинд биеэ хэрхэн авч явах, интернэтийн эерэг ба сөрөг талын талаарх мэдлэгийг олгох ёстойг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн хэлсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хийх Боловсролын орчин дахь хүүхэд, багшийн гурвалсан гэрээ гэж бий.

Үүнд цахим ертөнцийн хэрэглээг зүй зохистой хянах, хангах тухай зүйл заалт оруулсан ажээ. Нэгэнт алдсан хойноо биш, харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Цахим орчинд хохирогч болсон хүүхдүүдийн тухай түүх, баримтат болон уран сайхны кино, нэвтрүүлэг, ном товхимол маш олон бий. Тэднээс жишээ авч, хүүхдүүдээ хамгаалах зайлшгүй шаардлагатай байна.

Олон нийтийн сүлжээ сайтын хэрэглээ нэвтрээд удаагүй байгаа тул засаж залруулах боломж байгааг сэтгэл судлаач Д.Лхамсүрэн хэллээ. Цаашид энэ тал дээр эцэг, эхчүүд гол үүргийг гүйцэтгэж, хүүхдийнхээ цахим ертөнцөд биеэ хэрхэн авч явж байгааг мэддэг, ярилцдаг байх нь зүйтэй юм. Хамгийн гол нь амьдралын утга учир, үнэ цэнэ бол алдар нэр биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй ажээ.

Г.Сайнзаяа

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих