Гадны бизнесмэнүүд АН болон МАН-ыг буруутгав
“Монголд хөрөнгө оруулалт хийх нь” олон улсын чуулга уулзалтад оролцож буй гадаадын хөрөнгө оруулагчид өнөөгийн нөхцөл байдалд улс төрийн хоёр гол замыг буруутгаж байна. Тэдний хожил олох гэсэн буруу өрсөлдөөнөөс үүдэн эдийн засаг их хүндэрсэн гэж үзэж байна. Шоронд хоригдож буй хоёр хоригдолтой улс төрийн намуудыг адилтгав.
Хэрэв тэд бие биедээ тусалсан бол хэдийнээ суллагдах байтал тус тусдаа л арга зам эрэлхийлэн, хий дэмий бие биетэйгээ өрсөлдсөн гэсэн юм. Иймд одоогийн Засгийн газар богино хугацаанд хямралаас гарах гэж оролдохоос илүүтэй урт хугацаанд үргэлжлэх эерэг үр дүн авчрах арга замыг хайх нь зөв гэлээ.
Өөрөөр хэлбэл өнөө маргаашгүй хямралаас гарахыг бодохоос илүүтэй урт хугацаанд эдийн засаг тогтвортой байх замыг сонгох нь чухал гэж гаднын бизнесменүүд үзэж байна.
Өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулганд дотоод гадаадын маш олон компанийн төлөөлөл оролцож, танхим дүүрэн хүнтэй байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа Оюутолгой компани бидэнд автоматчилал, роботчиллын талаар суралцах сайхан боломж олгож байна гэсэн юм. Тэрээр ирэх онд эдийн засаг одоогийнхоос сайжирна гэдэгт итгэлтэй байна гээд гэхдээ бид их болгоомжтой байх ёстой гэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид намрын чуулганаар өргөн барих, засгийн газрын боловсруулах эдийн засгийн төлөвлөгөөнд ихээхэн найдлага тавьж байна. Товч тодорхой, бүх салбараа базсан төлөвлөгөөг УИХ-д өргөн барина гэж тэд найдаж байгаагаа илэрхийлэв. Эхний хэлэлцүүлэг өндөрлөлөө. Дараагийн хэлэлцүүлэг банкны салбар гэсэн сэдвээр үргэлжилнэ.
Б.Эрдэнэчимэг news.gogo.mn
Гэрэл зургийг О.Сүхбат
URL: