Шведэд монголчуудыг баривчилжээ

Шведийн нийслэл Стокхольмын дагуул хот Юурдбруд байдаг нийтийн хоолны үйлдвэрт цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийсний дүнд гадаадын 32 иргэнийг баривчилж саатуулжээ. Шведэд хуурамч бичиг баримттайгаар хууль бусаар амьдарч байгаа хэмээн сэжиглэгдэж буй тэдгээр хүмүүсийн дунд монголчууд байсан байна. Шведийн хамгийн том “Aftonbladet” сонин өнөө өглөөний дугаартаа мэдээлснийг үзвэл уг үйлдвэрт Монголын иргэдээс гадна Узбекистан, Казахстан, Зүүн Европын орнуудаас ирсэн хууль бус цагаачид ажиллаж байжээ. Шведийн хилийн цагдаагийн албаны дарга Стэфан Хагбэргийн хэлсэнээр цагдаагийнхан тэднийг хүний наймааны золиос болсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

“Eat Food Factory Europe AB” хэмээх уг үйлдвэр нь Шведийн агаарын тээврийн SAS компани, SJ төмөр зам, COOP, “Lidl” зэрэг хэмээх томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бутерброд, хөнгөн зууш бэлтгэж нийлүүлдэг бөгөөд энэ салбартаа Скандинавт томд ордог үйлдвэр ажээ.

Цагдаагийнхны ярьсанаар, баривчлагдсан хүмүүс үйлдвэрийн ажлын нөхцөл туйлын муу байдаг талаар гомдоллож байсан байна. Харин үйлдвэрийн эзэн, тэднийг хууль бус цагаачид гэдгийг мэдээгүй, үйлдвэрийн ажиллагаа Шведэд мөрддөг бүхий л стандартад нийцдэг байсан гэжээ. 10 мянга гаруй хүнтэй Юурдбру нь Стокхольмын төвөөс урагш 25 километрт оршдог жижигхэн хот юм.

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.


URL:

Сэтгэгдэл бичих