Улаанбаатар Төмөр замд “ХУЛГАЙ” нүүрлэжээ

43Улаанбаатар Төмөр зам гэдэг “вант улс” Монгол улсын тээврийн салбарын гол үүргийг гүйцэтгэж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж явсан түүхтэй газар юм.

Харин зах зээлийн хямралын өнөөгийн үед байдал хүндхэн байгаа ч  хэдэн мянган төмөр замчдыгаа ажилтай, орлоготой байлгах гэж зүтгэж яваа. Тус байгууллагын нүүр царай болдог гэж төмөр замынхан өөрсдөө ярьдаг.  Зорчигч тээврийнх нь үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэдэг Суудлын вагон депо гэх газарт нь хулгай нүүрлээд удаж байгаа аж. Тус аж ахуйн нэгжийн захирал Н.Баттулга  гэгч нь өөрийн байгууллагаа хувийн  компани мэт удирдан танил тал,  найз нөхдөөрөө хүрээлүүлэн төмөр замын хөрөнгийг  зарцуулж суудаг сурагтай. Тухайлбал, тус депо  нь олон төрлийн бараа материаллыг хэрэгцээндээ байнга худалдан авдаг ба ингэж худалдан авалт хийхдээ хууль дүрмийг уландаа гишгэж танил тал харж ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр компаниудаас бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр авч нийлүүлдэг байна.

Төрийн болон орон нутгийн  өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай Монгол улсын хууль, Тендерийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль зэрэг олон хууль журмыг зөрчин авсан бараа бүтээгдэхүүний хэсгээс нь дурдвал:

Зах зээл дээр нэг метр куб нь 250-350 мянган төгрөгийн үнэтэй нарсан банзыг “Сурвалж” ХХК-аас 400-450 мянган төгрөгөөр олон жилийн турш худалдан авч байсан, 100 айлын барилгын материалын дэлгүүрийн лангуун дээр 20-25 мянган төгрөг байдаг усны хаалт вентиль гэхэд 60 мянган төгрөгийн үнэд хүрдэг.

Түүнчлэн илүүдэлтэй байгаа сэлбэг материал, бараа бүтээгдэхүүн, төхөөрөмжийг агуулахын үлдэгдэл байсаар байтал дахин дахин нийлүүлж үргүй зардал гаргадаг жишээ энэ мэт олон байгаа аж. УБТЗ-д мөрддөг дотоод журмаар нь бол харъяа аж ахуйн нэгжийн захирал нь таван сая төгрөгөөс дээш үнэтэй бараа үйлчилгээг худалдан авахдаа зохих зөвшөөрлийг удирдах  дээд байгууллагаасаа авч гэрээ, хэлцэлийг хийж  худалдан авалт хийх  эрх нь олгогддог байна. Гэтэл энэ захирлын гэрээ, зөвшөөрөлгүй хийсэн  худалдан авалт хийсэн үнийн нийт дүн нэг жилдээ  гэхэд л зуун сая хол давахаар байгаа бололтой. Дээрх асуудлаас илүүтэй  маш ноцтой нэг зүйл байгаа нь Улаанбаатар төмөр  зам гэдэг айл орлого мөнгө тааруу байгаа чажилчдынхаа цалинг нэг ч өдөр хоцроохгүй өгч ирсэн ба ингэхдээ орлого хомс зарим үедээ томоохон арилжааны банкуудаас богино хугацааны зээл авч тавьдаг юм байна. Гэвч захирал Н.Баттулга нь ажилчдын цалин тавь гэж дээд газраасаа өгсөн мөнгийг сэлбэг материал авахад дур мэдэн  зарцуулж харин ажилчдынхаа цалинг банкнаас зээлж олгодог байсан ба зээлсэн мөнгөний зөвхөн хүүнд (гэрээгээр бол 3-5 хоногт зээлээ буцааж  төлөхөд банкны хүү тооцдоггүй ба цааш хоногуудад  хүү тооцдог аж) гэхэд л онц их хэмжээний мөнгийг  төмөр замаараа төлүүлсэн байх юм.  Улирлын чанартай ашиг орлого нь буурч, ихэсч байдаг Улаанбаатар төмөр замд илүүдээ гарсан мөнгө хөрөнгө гэж баймааргүй л юм.

УБТЗ-ын дотоод хяналтын газрын мэргэжилтнүүд нь энэ мэт олон асуудлыг сүүлийн жилүүдэд удаа дараа шалгаж тогтоосон боловч дээд байгууллагаас  зохих шийдвэр гарахгүй байсан түүнийг саяхан албан тушаалаас нь өөрчилжээ. Харин одоо Н.Баттулга нь нэг талаас  жижигхэн ч гэж болохоор  энэ  “наймаа”-ны  хэргээ “улс төрийн шалтгаантай ” том хэрэг болгон энд тэнд ярьж шүүхдэж яваа сурагтай. Мань хүн Ардчилсан намыг засаг барьж байх үед  ээж болон худ ургийн талынхаа холбоо сүлбээг ашиглан  нутгийн зөвлөлүүдээр дамжуулан Баянхонгор, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэрийг барьж явдаг байсан бол МАН засаг барьж байгаа энэ үед эцгийнхээ талыг барьж Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрийг барьж аль ч төрийн үед нүүр алдахгүй хожоо гарган яваа сурагтай. Хамгийн сонирхолтой нь сошиал сүлжээнд нэр цэвэр, шударгаараа алдартай нэгэн эрхэм түүний хамаатнаар тодорч Н.Баттулгыг өмгөөлөн үг хэл ярьдаг болсон гэнэ. Түүний эцэг Насанбат нь мөн тус газрын захирлаар олон жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд хүүг нь ажлаас нь өөрчилсний дараа саяхан тус байгууллага дээр очиж ажилтнуудыг нь загнаж зандарсан ба өмнө нь түүнтэй хамт ажиллаж байгаад төмөр замаас өндөр насны тэтгэвэрт гарсан  нэгэн эрхэм ч бас Н.Баттулгыг өмөөрч өөгшүүлдэг байна. Түүнчлэн Н.Баттулга нь өнгөрсөн хавар хөрөнгө орлогын мэдүүлэгээ мэдүүлээгүй, нууц хөрөнгө илэрсэн хэргээр АТГ-т ч шалгагдаж байсан ч гэх мэдээлэл байна. Мөн тус байгууллагад ажилд шинээр орохын тулд их хэмжээний мөнгө өгч байж ордог гэсэн яриа хүртэл байдаг. Энэ ил цагаан баримтаар нотлогдоогүй ч ажилчид нь ам дамжин ярьдаг болоод удаж байгаа юм. Дээрх бүх нөхцөл байдлыг  УБТЗ-ын удирдлага мэдэж хэн нэгэн  “том” албан тушаалтны сейфэнд шийдвэр гаргах эрхээ “цоожлуулчихалгүй” авах ёстой арга хэмжээгээ авч ажилласан бөгөөд хариуд нь Н.Баттулга нь өөрийн хийсэн гэм буруугаа ойлгохын оронд төмөр замын удирдлагатайгаа зад заргалдан шүүхдэлцэж явна.Ямартай ч хууль хяналтын байгууллагууд УБТЗ гэдэг вант улсын энэ мэт “задарсан” газар хэлтсийг анхааралдаа авч шалган үнэн мөнийг нь олж тогтоох нь зүйтэй болов уу? Цаашид энэ хэргийн талаар болон түүнийг өмгөөлж, хамгаалан өөгшүүлдэг төрийн албан хаагч болон  Төмөр замын зарим эрхмүүдийг лавшруулан судалж зохих баримтуудыг үргэлжлүүлэн гаргах болно.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих