Зөвлөх чадваргүй зөвлөхүүдийн цалинг хасъя

2496

Сангийн яамнаас гаргасан энэ оны долоон сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрчээ. Хагас жилийн гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрсэн төсвийн алдагдал ганцхан сарын дотор 900 тэрбум  төгрөг болж өсчээ. Гэрлийн хурдаар өсч буй төсвийн алдагдлыг багасгахын тулд шинэ Засгийн газар төсвийн зардлыг бууруулах зарим арга хэмжээг авч явуулж байгаагийн нэг нь төрийн зарим албан хаагчдын цалинг бууруулах шийдвэр юм байна. Үүнтэй холбогдуулан авах бас нэг арга хэмжээ бол яамдын зөвлөхүүдийн цалинг хасаж, орон тоог цөөлөх явдал.

 

Дэлхийн Банкны тайлангаас харахад Сангийн яаманд лавтай 40 гаруй зөвлөх “ажилладаг” болох нь ойлгогдоно. Зөвлөхийн тоо нь мэрэгжилтнээсээ илүү газар хэлтэс ч бий. Энэ бол төрийн яамны дампуурал, үйл ажиллагааны гажуудлын нэг тод илрэл. Эрхэм зөвлөхүүдийн цалинг үндсэн гол ажлаа хийдэг, Төрийн албаны тухай хуулиар зарим нэг эрхээ хязгаарлуулсан, ажилдаа алдаа гаргавал хариуцлага тооцуулах үүрэгтэй төрийн албан хаагчдын цалинтай харьцуулбал 4-5 дахин их аж. Гэвч тэд авч буй өндөр цалингийнхаа хэмжээнд ажиллаж байгаа нь үнэхээр эргэлзээтэй. Тэд сайн зөвлөж байсан бол төсвийн байдал ингэтлээ хүндрэхгүй байсан биз. Энэ зөвлөхүүдээс улс орны төсвийг ийм их алдагдалтай болж байхад хаана юу зөвлөж явсан бэ гэдгийг асуумаар байна. Тэдэнд хариуцлага тооцдог ямар механизм байдаг юм бол.

 

Хамгийн сонирхолтой нь дээрх зөвлөхүүдийг Дэлхийн Банк болон бусад зээлийн хөрөнгөөр цалинжуулдаг аж. Улсын төсөв, зээлийн хөрөнгийг оновчтой зарцуулахын тулд сангийн бодлого барьдаг мэргэжлийн байгууллага Сангийн яам ажиллаж буй билээ. Гэвч эдгээрийг бусдаас хамгийн үр ашигтай зарцуулах ёстой энэ яам зээлийн хөрөнгөөр олон тооны зөвлөх цалинжуулдаг энэхүү хэт үрэлгэн байдлыг хэн ч шүүн хэлэлцэхгүй байсаар иржээ.

 

Зөвлөхүүдэд дор хавсралтад дурдсан өндөр цалин өгөхийг өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө Сангийн сайд байх цөөхөн сарын хугацаандаа баталжээ. Тэрбээр Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 тоот тушаалаар “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх”  журам баталж, түүний 6 дугаар хавсралтаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын ажлын хөлсний жишиг тогтоосон байна. Зээлийн хөрөнгөөр цалинждаг “зөвлөх” гээд байгаа нөхөд юу бодож суудаг юм бол? Юу хийдэг, ямар үр дүнтэй ажилладаг нь үл мэдэгдэх зөвлөхүүдийн цалингийн зардлыг бид, бидний үр хүүхэд ирээдүйд төлөх юм шүү дээ. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг Засгийн газар тогтоодог ба Сангийн сайд ийнхүү дур мэдэн цалин хөлсний жишиг тогтоосон нь хуульд хэр нийцсэн үйлдэл юм бол.

 

1990-ээд оноос хойш Монгол Улсад Дэлхийн банк болон бусад донор орнуудаас авсан зээлийн хөрөнгөөр санхүүждэг олон тооны төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хамгийн олон төсөл хэрэгждэг БОЯ, БСШУЯ, НХЯ, ЭМЯ зэрэг яамдад дээрх хэмжээний зөвлөхүүд байдаг гэж тооцох юм бол төрийн байгууллагууд зөвлөхөөр дүүрч, үр ашиггүй зардал хэрээс хэтэрсэн нь тодорхой. Үр дүнгүй, өндөр цалинтай зөвлөх ажиллуулж байснаас тогтвор суурьшилтай, туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаа дэмжих нь чухал байна.

 

Өнөөдөр 100 ажилтантай сургуулийн санхүүгийн ажилтан 600.0 төгрөгийн цалинтай байхад төсөл нэрийн дор дунджаар 5-10 хүнтэй багийн санхүүгийн ажилтан 3 сая төгрөгийн цалин авч байгаа нь шударга ёс уу? Эдийн засаг хямарч, төсөв хүндэрсэн энэ үед энэ зөвлөхүүдийн цалинг хасах, орон тоог цөөлөх, ерөөс зээлийн хөрөнгөөр үр ашиг нь тодорхойгүй төсөл хэрэгжүүлж буй асуудлыг зогсоох нь зүйтэй бөгөөд ирэх өдрүүдэд Засгийн газар  үүнийг хэрхэн шийдвэрлэхийг харцгаая.

 

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын АЖЛЫН ХӨЛСНИЙ жишиг

 

  Албан тушаал Сарын үндсэн ажлын хөлсний хэмжээ
(төгрөгөөр)
Төслийн зохицуулагч 4,000,000
Төслийн менежер/Дэд зохицуулагч 3,500,000
Санхүүгийн ажилтан 3,000,000
Худалдан авах ажиллагааны ажилтан 3,000,000
Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан 3,000,000
Нарийн мэргэжлийн ажилтан 4,000,000
Орчуулагч 2,200,000
Бусад 1,500,000
Жолооч 1,200,000

 

А.Дөлгөөн

Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/content/read/472956.htm


URL:

Сэтгэгдэл бичих