ХЭН ЮУ ХЭЛЭВ
Б.Нэргүй: Ерөнхийлөгч хувийн хэрэгцээ, хоол хүнсэндээ төсвөөс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй
Засгийн газраас төсөв хэмнэх мэдэгдэл гаргаж, өндөр цалин дарга нарын цалинг хасах талаар ам ангайсан. Үүнтэй зэрэгцээд тэр дарга ийм цалин авдаг, тийм хангамж эдэлдэг гэх худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл цахим ертөнцөөр “тэнүүчлэх” болсон. Тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өдрийн хоолны төсөв 1.3 сая төгрөг гэх ч мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, Ерөнхийлөгчийн төсвийн шууд захирагч Б.Нэргүй тайлбар хийжээ.
Тэрбээр “Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн тань асуултад хариуцлагатайгаар хариулт өгье. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн албанд найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэр бүлд болон хувийн хэрэгцээ, хоол хүнсэнд нь төсвөөс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй, тийм зардал ч төлөвлөгдөж тусгагддаггүй юм.
Харин ч Монгол Улсын Ерөнхийлөгч бидэнд зардлаа багасгаж, төсвөө бодитой төлөвлөж, аль болох хэмнэлттэй ажиллах чиглэлийг байнга өгч ажилласнаар Ерөнхийлөгчийн төсөв жилээс жилд буурч байгаа шүү дээ. Үүнийг ойлгомжтой болгохын тулд ганцхан тоо хэлье л дээ. 2016 оны төсвийг 2013 оныхтой харьцуулахад бид нийт төсвөө 2, 3 дахин бууруулж чадсан. Үүнийг жил жилийн Төсвийн тухай хуулиас үзэж болно.
Харин Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд гадаад, дотоод арга хэмжээний үеэр зочид, төлөөлөгчдөд барих зоогийн төсөв бий. Түүнийг батлагдсан төсвийн хэмжээнд зарцуулдаг.
Энэ дашрамд ний нуугүй хэлэхэд зочдод барьсан зоог, хоолны зардлаа Ерөнхийлөгч хувиасаа төлчихдөг тойолдол зөндөө л байдаг. Иймд олон нийтийн сүлжээгээр явуулж байгаа Ерөнхийлөгч өдөрт 1,3 сая төгрөгийн хоолны төсөвтэй гэсэн худал мэдээлэл, гүтгэлгээ зогсоох хэрэгтэй. Нөгөө талаас иргэд ийм мэдээлэлд итгэх хэрэггүй юм” хэмээн ярьсан байна.
Ц.Оюунгэрэл: Зовлон шаналал, зодуур, хүүхдийн нулимсаар бичигдсэн хуулийг буцааж татлаа
УИХ-ын ээлжит бус чуулганаар таван хуулийн төслийг буцаан татах шийдвэр гаргасан билээ. Тэр дунд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль багтсан юм. Монголд гэр бүлийн хүчирхийлэл газар авч, жилээс жилд нэмэгдэж байхад энэ хуулийг эргүүлэн татсан нь олон хүнийг бухимдуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ- ын гишүүн асан Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ардчилсан парламенттай Монгол Улсын түүхэнд батлагдсан хуулийг буцааж татсан тохиолдол байхгүй. Тэр тусмаа хүний эрхийг хамгаалах заалтуудтай хуулийг буцааж татсан түүх үгүй. Хүний эрхийн маш олон дэвшилт гарсан, хүний эрхийг бүх талаас нь хамгаалах цогц тогтолцоотой хуулиудыг хэрэгжүүлэхээс татгалзаж, батлагдсаны дараа татаж авч байгаа хар түүх энэ удаагийн парламентад гарлаа.
Иймээс 2016 оны наймдугаар сарын 30-ны өдрийг хүний эрхийн түүхэнд хараар бичигдэх өдөр гэж үзэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол олон хүний амь нас, зовлон, шаналал, зодуур, хүүхдийн нулимсаар бичигдсэн хууль шүү дээ. Энэ хуулийг АН-ынхан бичээд АН-ынхан баталчихсан гэж МАН- ынхан эндүүрч боджээ. Уучлаарай тэгээгүй. Энэ хуулиуд бол аль нэг намын үзэл суртлаар бичигдсэн хууль биш. Энэ бол хүмүүнлэг сэтгэлээр бичигдэж намын харьяалал харгалзахгүй бүх эмэгтэй гишүүд дэмжиж баталсан хууль юм. Батлагдсаны дараа эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу бүх хүмүүс эрх зүйн шинэчлэлийг бушуухан хэрэгжээсэй гэж хүлээж байсан. Гэтэл гэмгүй царайтай, цагаан цамц өмсөөд, зангиа зүүсэн нөхөд харгис үйлдэл хийлээ.
С.Бямбацогт гэдэг хүн гадна талдаа сайдын төрхтэй боловч дотор талдаа хар харгис зүйлийг хийж чаддаг хүн гэдгээ харууллаа. Түүний өргөн барьсан хар тогтоолыг эсэргүүцэх чадалтай гишүүн МАН-д ганц ч байхгүйд харамсаж байна. Энэ бол эмгэнэлтэй явдал” хэмээн ярьжээ.
Д.Оюунхорол: Орхон голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийн асуудалд онцгой анхаарч эхэлсэн
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлож буй компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж Монголын хамгийн урт гол болох Орхон бохирдоод байгаа билээ. Хэдхэн жилийн өмнө бас ийм явдал гарч байсан. Гэтэл өнөө жил Орхон голыг бохирдуулсан явдал давтагдлаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярьсан байна.
Тэрбээр “Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж Орхон голыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж эхэлсэн. БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг болон орон нутгийн Байгаль орчны газар удаа дараа шалгалт хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг даалгавар өгч байгаа боловч төрийн байгууллагуудын шаардлагыг үл ойшоож, үйл ажиллагаагаа урьдын адил хууль зөрчиж явуулсаар байна. Орхон голын эхэнд олборлолт явуулж буй 15 аж ахуйн нэгж байгууллагын хоёроос бусад нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл хийлгээгүй, нэгээс бусад нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэд нь одоо болтол батлагдаагүй байгаа тул байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байгаа. Энэ шаардлага, албан бичгээ тухайн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох эрх нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Гэвч байдал өөрчлөгдөхгүй, ужгирсан байдалтай байгаа учраас асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.
Энэ долоо хоногийн сүүлээр Цэнхэр сумын Орхон багийн ард иргэд, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ынхны хамтарсан өргөн хэлэлцүүлгийг бид газар дээр нь зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллаж, хамтын хүчээр асуудлыг шийднэ” хэмээжээ.
Ц.Цогтбаяр: Олимпийн тосгонд Д.Дагвадоржтой мэндлэхэд муухай харчихаад л явсан
Монголын Чөлөөт бөхийн холбоо дотроо хагаралтай, эрэгтэй тамирчдаа ялгаварлан үздэг хэвээрээ байгааг өнгөрч байгаа долоо хоногт болсон үйл явдал харууллаа. Монголын хоёр дасгалжуулагч тамирчнаа өмгөөлж, дэвжээн дээр хувцсаа тайлж челленж шидсэн үйлдлийг Монголын Чөлөөт бөхийн холбооноос бүдүүлэг үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дасгалжуулах эрхийг хассан шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.
Түүний дараа дасгалжуулагч нар нөхцөл байдал ямар байгаа талаар, Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж ямар хандлагатай байгааг ярьсан юм.
Ц.Цогтбаяр дасгалжуулагч “Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын чадвар чансаа сүүлийн жилүүдэд эрс дээшилж байгаа. Тэр дундаа 2015 оны дэлхийн аваргаар найман жингийн тав нь дэлхийн аваргын медалийн төлөө барилдсан. Гурав нь медаль авч, хоёр нь шагналт тавдугаар байрт орж байсан. Бидний хоорондын атаа жөтөө, тэмцэл юунаас болоод үргэлжлээд яваад байгааг би ойлгохгүй байна. Өнгөрсөн жилийн буюу Чөлөөт бөхийн Олимпийн эрх олгох дэлхийн аваргын тэмцээний өмнө МЧБХ-ны Ерөнхийлөгч гээд байгаа Д.Дагвадорж гэдэг нөхөр шигшээ багийн дөрвөн багшийг шүүхэд өгсөн. Бид тэмцээний өмнө шүүх дээр өнжиж байсан. Найм, есдүгээр сард бид байнга шүүх, цагдаагаар явсан. Заримдаа аргаа барахдаа бусад багш нарт хүүхдүүдээ захиж үлдээдэг байлаа. Тийм учраас л бид Чөлөөт бөхийн холбоо эрэгтэй тамирчдын амжилтад ямар ч хамааралгүй шүү гэж хэлж байсан юм.
Түүнээс хойш, хүн бүр сэтгэлээ өгч байгаа Олимпийн наадмын өмнө холбоо бидэнд тусалсан бил үү. Ирж уулзаагүй, утсаар яриагүй. Олимпийн бэлтгэлд гарчихсан байхад “Олимп” баазад ирж уулзсан нэг ч хүн байгаагүй. Риод Олимпийн тосгонд очоод, Д.Дагвадорж гэдэг нөхөртэй мэндэлэхэд муухай харчихаад л яваад өгсөн. Бид яах юм бэ. Айдастай байна шүү дээ бид.
Дээрээс нь, миний ойлгож байгаагаар Г.Мандахнаран луйвардуулна, Монгол Улс медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагвадорж, Н.Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн. Яагаад гэвэл, эрэгтэй тамирчдын дөнгөж хоёр нь барилдсаны дараа Д.Дагвадорж “Бүх юм зүйл дууслаа. 0-ээс нь эхлэх хэрэгтэй юм байна” гэж мэдэгдсэн. Гэтэл цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах гээд үлдсэн байсан шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Дээрээс нь баг тамирчдаа хаяад явчихсан” хэмээн ярьсан юм.
Н.Пунцагболд
URL: