Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн нээлтэд оролцлоо

2452

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцлоо. Энэ сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 62 бүлэгт 2400 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн долоон бүлэгт 303 зургаан настан элсэн орж байна.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдмийн өргөөнд цугласан хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Ерөнхий сайд хуучнаар Ажилчны районы долдугаар сургууль гэж байх үед нь тус сургуульд нэгдүгээр ангид элсэн орж, А үсэг заалгаж байснаа дурсч төрөлх сургуулийнхаа эрдмийн баярт оролцож байгаадаа баяртай байна гэж хэллээ.

2016-2017 оны хичээлийн жилд манай улсын 790 гаруй сургуульд 560 гаруй мянган сурагч суралцаж, 1300 цэцэрлэгт 225 мянган хүүхэд хүмүүжинэ. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчныг сайжруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар төлөвлөж бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаад байгаа. УИХ-д өргөн бариад буй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт олон ажил хийхээр тусгасан.

 

Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж туйлын хүнд байна. Тухайлбал, миний ирсэн “Буянт-Ухаа” цогцолбор сургууль л гэхэд гурван ээлжээр хичээллэдэг. Гурван ээлжээр хичээлдэг ийм сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, 2-6 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь манай Засгийн газрын нэг зорилго. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэдгээ эрдмийн баярын энэ өдөр та бүхэндээ амлаж байна” гэж  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих