Засгийн газар “гэнэтийн осол”-оор явчих шахав даа
Аливаа Засгийн газар яах аргагүй онош нь тодорсон хүнд өвчний улмаас явчихдаг нь парламентын засаглалтай улс оронд байдаг л үзэгдэл.
Харин Монголын Засгийн газруудын унасан хувь заяаг тоолоход онош нь тодорсон хүнд өвчний уршгаар бус, голдуу л зориудаар зохион байгуулсан гэнэтийн ослоор талийчихсан байдаг байна.
1996-2000 онд ялагдаж үзээгүй талийгаач МАХН анх удаа цөөнх боллоо. Тэдний толгойлогч нь Засгийн газруудыг унагаад байх тактик сонгов. Энэ тактик нь сүүлдээ бүүр санаатайгаар Засгийн газрыг гэнэтийн осолд оруулах талаар гаршсан мэргэжилтэн бий болгов. Тэр үед Засгийн газрууд ээлж дараалан гэнэтийн осолд орсны тоогоор МАХН түүний хайрт удирдагчийнх нь нэр хүнд дээшилдэг байлаа. Дээрх дөрвөн жилд гурван Засгийн газар унаж, дөрвөн Ерөнхий сайд тавигдаж байсан түүх бий. Засгийн газрыг санаатайгаар түлхэн унагааж, гэнэтийн осолд оруулагч маань өөрөө бүх Засгийн газруудыг унагачихаад дараа нь төрөө тогтвортой болгоно, хямралаас гаргана гэж ичихгүй уухайлдаг байгаа. Энэ гашуун түүхийг манай улстөрчид лав мартаагүй байх. Засгийн газруудыг унагах операци маш энгийн технологитой. Олон жил улс төр ажигласан хүнд бол мэдэгддэг юм. Дараалал нь энгийн. Эхлээд өөрийн мэдлийнхээ, хэвлэл мэдээллээр ганцхан зүйлийг л хэдэн зуун мянга давтаад ёстой нэг зай завгүй бөмбөгдөж өгнө. Энэ удаа Оюу толгойн гэрээ гэдэг өгүүлбэр барьсан байна билээ. Дараа нь хүн нэг бүртэй тулж ажиллана. Дараагийн Засгийн газарт чамайг сайд болгоно гээд нэг сайдын орон тоон дээр гурваас дөрвөн хүнд хэлчихнэ. Ийм үг дуулсан хүн их зоригтой болдог шиг байгаа юм. Чив чимээгүй суудаг хэн гуай ч гоцолж өгнө дөө. Үүнийг сэтгүүлчид хоёрдугаар ээлж, гуравдугаар ээлж хоолондоо гэж нэрлэдэг юм. Хоолонд хүрээгүй хэсэг нь албан тушаал авах гэж жигүүр мэгүүр байгуулж намаа рекэтэлнэ. Засгийн газар унагагч маань хэнийг ашиглахаа сайн мэднэ. Сонгуульд нэр дэвших боломжоо алдагсад бол Засгийн газрыг гэнэтийн осолд оруулах машины мотор гэсэн үг. Өнөө Засгийн газруудын эрлэг маань одоо гудамжнаас удирдаж байна л даа. Тэр дугаар хорооны иргэн ч гэсэн өөрийн хэвлэл, мэдээллийн хүчирхэг хэрэгслээрээ МАН, АН-ын Засгийн газрыг, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг өдөр шөнөгүй балбалаа. Ард иргэд одоо бодож байгаа, энэ Засгийн газар чинь ямар балай хулгайчууд байдаг юм бэ, унавал таарна гэж. Горьдогсод, гомдогсод, түүнд үнэнчээ харуулах гэж дугаарлан хаалганы гадна зогсоно. Хоёрдугаар, гуравдугаар ээлжийнхэн ингэж хоолонд хүрдэг. Тэд бэлэн байна. Зүүн аймгаас сонгогдсон нэг бөхийн рейтинг навс унажээ. Тэр толгойлов. Одоо эрх барьж байгаа намын хуучин дарга, дараагийн сонгуулиар Хөвсгөлд нэр дэвшин очих сургаар тэндээс амь дүйж гарсан, Даваа хэн билээ нэг нөхөр бас Сангийн сайд болохоор горьдчихсон тууж явна. Тэд Засгийн газрыг гэнэтийн ослоор явуулна гээд нам нь дангаараа засгийн эрх барина гээд л. Жам ёсны стандартын Засгийн газар байгуулах нь зөв гэж зүй ёсны шаардлага тавин оролцож байгаа гишүүд бас бий.
Засгийн газрыг унагахад гарын үсэг цуглуулдаг юм. Энэ гарын үсэг нь Засгийн газар унагах санал хураалтын кноп дарна гэсэн нэг ёсны гэрээ бичиг болдог. Энэ үйл явцыг их нуудаг боловч андашгүй дээ. Сэтгүүлчдэд баригдчихдаг. Эрхэм гишүүд энд тэнд хоёр гурваараа цуглана. Баар саванд сэм уулзана. Дараагийн Засгийн газрын гишүүдийнхээ тохироогоо хийнэ. Хоёрдугаар ээлжийнхэн бол бас их шатна даа. УИХ-ын чуулган гол асуудалдаа анхаарал тавихаа болино. Хэвлэл, мэдээллээр тэр хоёр муудсан энд хэрэлдсэн гэж бор шувуу нисгэнэ. Энэ намрын чуулган эхэлмэгц Засгийн газрыг гэнэтийн осолд оруулах даанч танил хуучны технологи давтагдаад ирлээ. Харин хоёр хоногоос хүч нь арай саарчихав уу даа. Яагаад саарав гэвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргыг, УИХ-ыг бүрдүүлдэг намуудын дарга нарыг, намуудын бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзсан. Улс төрийн байдал ингэж хурцдаад ирэхэд анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай л намуудын дарга нарыг дуудаад уулзаад учирлаад гуйгаад, эвлэрсэн хойно чинь гаргана гээд өрөөндөө түгжчихдэг байсан гэдэг. Түүнээс хойших Ерөнхийлөгч нар намуудын дарга нартай бараг уулзаж, учирлаж загнаж айлгаагүй. Бүүр хагаруулах гээд ард нь хор найруулаад сууж байсан Ерөнхийлөгч ч байсан юм шүү.
Харин сая Ц.Элбэгдорж учраа ол гээд хатуухан үглээд гаргачихаж байна билээ. Ц.Элбэгдорж бол хат суусан улстөрч. Хоёр удаа Засгийн газар толгойлоод яг ийм гэнэтийн ослоор явсан болохоороо Засгийн газрын толгой залгигчийн технологи өөрт нь даанч танил харагдаж байгаа биз. Засгийн газар гэнэтийн ослоор явчих шахав даа.
udriin sonin
URL: