ГИШҮҮДИЙГ ХУРАЛД НЬ УРЬДАГ МЕССЕЖНИЙ ТӨЛБӨР, Ц.НЯМДОРЖ ГИШҮҮНИЙ ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛГИЙГ ТӨРӨӨС ДААДГИЙГ БОЛИУЛЪЯ
“Зууны мэдээ” сонин “Тансаглалаа таная” булангаараа дамжуулан Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлье гэж УИХ-ын эрхэм гишүүдэд уриалаад байгаа билээ.
Энэ удаад эрхэм гишүүдтэй холбоотой зарим зардлуудыг онцолж байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн дагуу нэлээд зардлыг гаргадаг ажээ. 2016 оны наймдугаар сарын 1-29-ний хооронд нийт 17 захирамжаар нэлээд зардлыг гаргасан байна. Захирамж нь голдуу зардал гаргах, буцалтгүй тусламж, дурсгалын зүйл гардуулах, эмчилгээний зардал олгох гэсэн утгатай. Эдгээрээс гурвыг онцолъё.
1. 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зардал гаргах тухай 524 тоот захирамж гаргажээ. Уг захирамжид “…УИХ- ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд хуралдааны зар болон мэдээлэл хүргэх зорилгоор тусгай дугаараас мессеж илгээх үйлчилгээний төлбөр 1 449 000 /нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийг 2016 оны урсгал төсвийн зохих зардлаас гаргаж, “Мобиком корпораци” ХХК-тай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст даалгасугай” гэжээ.
2. Мөн наймдугаар сарын 3-ны өдөр зардал гаргах тухай 457 тоот захирамж гарган “…УИХ- ын 2016 оны долдугаар сарын 29-ний өдрийн чуулганы хуралдаан ажлын цагаас сунаж хуралдсан тул УИХ-ын гишүүд болон Тамгын газрын тухайн үед ажилласан хэлтэс, алба, төвийн ажилтнуудад зориулж, Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолбороос захиалсан хоолны төлбөр 1 520 000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийг УИХ-ын 2016 оны урсгал төсвийн зохих зүйлээс гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэсэн байна.
3. Дурсгалын зүйл гардуулах тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны наймдугаар сарын 2-ны 451 тоот захирамжид “…УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулдан баяр хүргэж, дусргалын зүйл /мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ оролцуулан/ гардуулахад шаардагдах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэжээ.
Ийн ганцхан сард гарсан 17 захирамжаас гурвыг нь онцлоход энэ. УИХ-ын гишүүд “Хуралдаа ир” гэж заавал төсвөөс 1 449 000 төгрөг гаргуулан байж, мессежээр уриулах шаардлага бий гэж үү. Тэдний үндсэн үүрэг нь товын дагуу очиж хуралд л суух шүү дээ.
Бас чуулганы хуралдаан оройтож, ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар эрхэм гишүүд хийгээд Тамгын газрынхан 1 520 000 төгрөгөөр ганц орой хооллож суух нь бас л хэмнэж болох зардал.
За тэгээд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 нас хүрсний төрсөн өдрийн бэлгийг заавал төрөөс, төсвөөс даах ёстой гэж үү? Захирамжид Ц.Нямдорж гишүүний бэлгэнд хэдэн төгрөг зарлагадсаныг бичээгүй байгаа юм. Юутай ч түүнд өгөх бэлгийн мөнгөн аяганы үнэ нэг, хоёр зуун мянгаар тогтохгүй нь ойлгомжтой.
Энэ мэтчилэн хэмнэж болох зардлуудыг гаргачихаад хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмжээс танаад суугаа нь хэр зэрэг оновчтой шийдвэр юм бол доо…?!
Дээр дурдсан эрхэм гишүүдийн нэг оройны хоолны үнэ, тэднийг хуралдаа ирнэ үү гэж дуудахаар “Мобиком”-д төлдөг төлбөр нийлээд 150 хүүхдийн нэг сарын мөнгө нь болж байгаа юм.
Б.Баяр
URL: