Су.Батболд сэтгүүлчдийг доромжлов
УИХ-ын байнгын хорооноос Газрын тухай багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Су. Батболд сэтгүүлчдийг шалтгаангүйгээр доромжлов. Хуралдаанд оролцож байсан мэргэжилтнээс хариулт авсныхаа дараа тэрээр “Би ерөөсөө хариулт авч чадсангүй. Зүгээр л нэг, сурвалжлагчид өгч байгаа юм шиг ийм хариултыг би хүсэхгүй байна” гэх нь тэр.
Яахав, хэл нь хальтраад хэлчихсэн байлгүй дээ гэж бодож суугал тэрээр өнөөх үгээ дахин давтлаа.
Түүний хэлснээр, “сурвалжлагчид зориулсан” гэж голоод байгаа хариултын асуулт үнэндээ ямарч сурвалжлагч тэр тохиолдолд асуухгүй, хариулт нь ойлгомжтой байсан юм. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийж байсан.
Хот байгуулалт газрын харилцааны бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нараас тэрээр, “Цөлжилт, хуурайшилт, үер устай холбоотойгоор газар маш их эвдэрч байгаа. Хөдөө орон нутагг энд, тэндгүй гуу, жалга үүсчихсэн. Үүнд хариуцлага ер тооцдоггүй. Энэ бүгдийг яаж хариуцлагажуулахаар заасан бэ?” гэж хадуурав.
Байгаль орчны нөхөн сэргээлт, ялангуяа цөлжилт, хуурайшилт, үер уснаас болоод эвдэрсэн газрын асуудал Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд биш, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хамаатай. Тэгэхээр ямар асуудал аль салбарт хамаатайг мэддэггүй хүн энэ УИХ-д байна.
Бас болоогүй, тэрээр чанга дуугаар “Газар хэний өмч юм бэ. Хэний мэдэлд байна вэ. Эзэн нь хэн байхыг энэ төсөлд яаж оруулсан юм” гэж асуув. Газрын тухай хууль болон Үндсэн хуульд, “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн мэдэлд байна” гэж заасан байдгийг Су.Батболд гишүүн бас л мэддэггүй байх нь.
Ямар сайндаа л Х.Баттулга сайд түүнд, “Газар эзэнтэй л дээ. Бид л эзэнгүй болгочихоод байгаа болохоос биш” гэж хариулах вэ.
Эцэст нь байнгын хороо Газрын тухай багц хуулиудын шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулахаар болов. Ажлын хэсгийн ахлагчаар, газар хэний мэдэлд байдгийг, цөлжилт, газрын доройтол барилга, замын салбарт биш байгаль орчны сайдад хамаатайг мэддэггүй Су.Батболдыг томилсон юм.
Б.Номин
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: