3-хан сая хүнийг ядуу амьдруулж байж бас байгалийн баялгаа харамлах уу
Монгол Улсын эдийн засаг элгээр мөлхлөө, хэзээ мөдгүй “амь тавих” нь. Өвчнөөр ярьвал хорт хавдрын дөрөвдүгээр шат руугаа орох гээд байна. Одоо л мэс засал хийх хэрэгтэй гэх айхтар үгийг бид сүүлийн сар гаруйн хугацаанд хангалттай сонслоо. Мэс засал хийх гээд байгаа нөхдүүд нь одоогийн эрх баригчид. Гэхдээ энд намчирхах гэсэн юм биш. Аль ч нам, хүчин нь засгийн эрх авсан ч ийм байдалтай тулж, мэс засал байна уу, эмчилгээ байна уу хийх л байсан.
Харин арга нь өөр өөр байх. Одоо бол МАН-ынхан бүх зүйлийг хэмнэх бодлого барьж эхэллээ. Зөв өө, зөв. Тэр дундаа хэтэрхий их баяжчихсан, автобусны мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй. Сарын цалингаар яаж амьдарч чадаж байгаагийн нууцыг хэчнээн тайлбарлаад ч ойлгохгүй баячууд, дээдсүүд, тансаглалдаа умбачихсан нөхдүүдийн бүсийг нь чангалаад, бэлхүүсийг нь нарийсгах хэрэгтэй. Гэвч хэмнэх бодлого тийм байж чадахгүй нь. Яах аргагүй ард иргэдийн халаас руу гар дүрээд л байна, эрх баригчид.
Түүгээр ч зогсохгүй самар, жимсээ түүж, амьдралаа залгуулж, өрнөөсөө ч болов гарах гэж зүтгэж байгаа иргэдээ боомилж, дарамталж, дарлаж байна. Өнөөдөр “Самарчидтай тэмцэнэ” гэх сүржин уриа гараад ирчихэж. Хаа сайгүй дарга нар “Самар түүхийг хатуу хорь. Болц нь гүйцэхээс өмнө битгий оруул” гэж ирээд л хангинаж байна. Хэрвээ хууль бусаар самар түүвэл сая төгрөгөөр торгоно ч гэж байх шиг. Бүр сүүлдээ дөрвөн кг-аас дээш самар түүсэн иргэнийг 3-6 сар хорино ч гэж байх шиг.
Эсвэл цагдаа нар тэр ч уулын ам руу явж, самарчдыг буулгалаа. Төчнөөн кг самар хураалаа гэж мэдээлээд л. Монголын төр үнэхээр иргэдээ дарлаж чаддаг юм байна. Байгалиа хамгаалдаг болчихож, ямар бахархмаар юм бэ. Нэгэнт очоод түүчихсэн хэдэн кг самрыг нь дарамталж, хууль журам ярьж хурааж авчихаад, түүнийгээ байгаль хамгаалсан болгож сүржигнүүлж байгаа чинь ариун явдал уу. Гэтэл цаана чинь алтны компаниуд байгалийг яаж сүйтгэж байна.
Орхон гол улаанаараа урсч байгаагийн буруутанд яагаад төрийн “төмөр нүүр” үйлчлэхгүй байна. Ажлын хэсэг байгууллаа, очиж шалгалаа, алдаа дутагдлаа засахгүй бол тусгай зөвшөөрлийг чинь хураана гэж хэлчихээд ирлээ л гэдэг. Ингэж л эрхлүүлж байна. Гэтэл ууланд гараад, ядарсан иргэдийн нэгэнт түүчихсэн самрыг нь шууд хураагаад авчихдаг. Энэ удаа явууллаа, дараа ингэж журам зөрчвөл самрыг чинь хураана гэсэн сануулга энгийн иргэдэд хэт зөөлдөх юм байна л даа.
Монголын төр өнөөдөр гуравхан сая иргэнээ сайхан амьдруулж чадаж байгаа бил үү. Сайхан амьдрах нөхцлийг нь бүрдүүлсэн үү. Хоорондоо уралцаж, эрх мэдлээ булаалдаж, ярдаг нохой шиг хэмлэлдэж, төсвийн мөнгийг хувьдаа завшиж, эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн. Ард түмнийг хэчнээн жил тэжээх боломжтой том том ордууд байж л байна. Гадаадынханд тавьж туугаад, өөрсдөө хувь хүртээд л дууссан. Тэгээд монголчууд ажилгүй, арчаагүй гэж дуудаж тавлаад л.
Өнөөдөр өгч байсан хэдэн төгрөг, хүүхдийн 20 мянгаа ч харамлаж эхэлсэн. Тийм байж байгальд байгаа самар, жимсхэн түүгээд, амьдралаа болгох гэж зүтгэж байгаа ард иргэддээ хатуу хандчихалгүй, аятайхан бодлого яагаад гаргачихаж, зохицуулчихаж чаддаггүй юм бэ. Ямар та нараас мөнгө өгөөч гэж гуйсан биш дээ. Ингэснээрээ хууль, журам зөрчиж, байгаль орчноо сүйдэлж, дураараа дургих ёстой гэж байгаа юм биш шүү. Нөгөө “Найрах арга чинь буруудаад байна” гэдэг шиг самарчид гэж харлуулаад байгаа ядарсан иргэдтэй тэмцэх арга чинь буруу байна. Өнөөдөр Монголын хушин ойн нөөц бага гэдгийг мэднэ.
Самар боловсорч дуусаагүй, гүйцэд болоогүй байхад түүх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэйг ч хэн хүнгүй л мэдэж байгаа. Дээрээс нь самар, жимс түүж байгаад гал алдаж, түймэр гарах нөхцөл ч нэмэгддэг. Ядаж л самар түүх гэж байгаа хүмүүс наймдугаар сард биш есдүгээр сарын дундуур “ажил”-даа гардаг бол дээр шүү дээ.
Мөн самар түүж яваад, модон дээрээс унаж амиа алдаж байгаа хүний тоо ихсэх шинжтэй. Гэх мэтээр асуудал бий бий, үнэн. Гэхдээ энэ бүхнийг худлаа хорьсон дүр үзүүлснээр, цагдаа нар нь иргэдийн түүсэн самрыг хурааснаар алга болчихно гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Самар түүхийг хориглоно гээд л байдаг. Гэтэл наймдугаар сарын дунд хүрэв үү үгүй юу Улаанбаатар хотын гудамжинд самар зараад эхэлдэг биз дээ. Цаашлаад ченжүүд нь энд тэнд мэр сэр самар худалдаж аваад байдаг. Гэтэл тэдэнтэй хэн тэмцэж байгаа юм.
Зүгээр л заруулаад байгаа биз дээ. Ийм байхад хүмүүс уул руу явж, самар түүхгүй гээд яах юм. 10, 20 кг самар түүж ирээд, шилэн аягалаад зарчихад 30, 40, цаашлаад 50 мянган төгрөг олчихно. Эсвэл кг-ийг нь 2-3 мянган төгрөгөөр зарчихвал шуудай гурил, хэдэн кг махны мөнгөтэй болчих л байх. Ийм байхад хүмүүс уул руу дайрахгүй гээд яах юм. Хотын төвд зарж байгааг нь хорихгүй, уул руу явж байгааг нь хорьсон маягтай байхаар яаж бүтэх вэ дээ.
Ам болгон дээр цагдаа зогсоогоод ч хэрэг байхгүй. Зарим байгаль хамгаалагч, байцаагч нь хэд гурван төгрөг аваад л хүн оруулчихаж байгаа. Түүний оронд хэзээ самар худалдаж авч эхлэх хугацаагаар нь зохицуулж өгмөөр байна. Мөн гудамжинд зарахыг хатуухан хорьчихооч. Тэгвэл самар түүж байгаа иргэдийн ууланд гарах хугацааг наймдугаар сард биш есдүгээр сард болох магадлалтай.
Өөр ямар арга байна, тэр бүхнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш баахан цагдаа гаргаж, уулын аман дээр зогсоочихоод, иргэдийг дарамтлаад байвал бүтэхгүй. Саяхан Өвөрхангай аймгийн Хужирт суманд самар түүлгэхгүй гэж хорьж, иргэдийг дарамталж, түүсэн самрыг нь хурааж байсан цагдаа нарыг зодож, уул руу дайрсан байна билээ. Тиймээс Хужирт, Бат-Өлзий сумын удирдлагууд иргэдийг самар түүхийг хориглохгүй ууланд гаргаж эхэлж. Нэгэнт хориод дийлэхгүй бол одоо байгаль хамгаалагчид нь яваад, иргэддээ зөвлөгөө өгөөд, гал алдахаас сэргийлээрэй гээд л ажиллах хэрэгтэй байх. Өнөөдөр иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Хүнд л байгаа шүү дээ.
Ядаж байхад жил бүр оюутны сургалтын төлбөр нэмэгдэж байна. Банкны зээлийн хүү хэд билээ. Иргэд арай л гэж амь амьдралаа залгуулж байна. Дээрээс нь Засгийн газрынхан нь хасна, танана, хэмнэнэ, бүсийг чинь чангална, та нар тансаг байдалд автаад байна гээд дайраад л байгаа. Ийм үед иргэдээс самар, жимсхэн харамлаад, дарамтлаад байвал цагдааг битгий хэл зодох байлгүй, ард түмэн.
Ядаж байхад Япон-Монголын хамтарсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу манай улс арлын орон руу 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргах нөхцөл бүрдээд буй. Тэр дунд хуш модны самар багтсан. Тиймдээ ч есдүгээр сарын 15-наас хойш самрын ханш тогтож, өмнөх жилүүдийнхээс илүү үнэд хүрнэ гэсэн цуурхал гарчихсан. Аль хэдийнэ энэ яриа газар авчихсан, барьж тогтоохоосоо өнгөрсөн. Тэгээд Япон руу гарах барааны жагсаалтад самар багтсан болохоор зах зээлтэй болчихлоо.
Одоо хятадууд ч өндөр үнээр авч эхэлнэ гэсэн яриа байна. Ийм байхад ард иргэдийг хорино, торгоно, самрыг нь хураана гээд юунд хүрэх билээ. Эцэстээ самарнаас болж зодоон цохион, бослого тэмцэлдээ ч хүрч эхэллээ. Ингэж муйхарлаж байхын оронд арай эвтэйхэн бодлого бариач. Ченжүүд нь самрын болц гүйцсэн үеэс эхлээд боломжийн үнээр авдаг, тэр болтол ухуулга сурталчилгаа хийх замаар иргэддээ ойлгуулах гэж үздэг болмоор байна.
Хэтэрхий хориод, цагдаад, хууль сахиулж байгаа нөхдүүд нь зүгээр сууж байгаад хэн нэгэн иргэний түүсэн самрыг хурааж авч, магадгүй цааш нь өөрөө зараад байдаг бол ямар нэмэр байна. Уг нь бид байгалийн баялаг, самар, жимсээ гадагш нь гаргаад, мөнгө төгрөг олоод, ард түмний амьдрал дээшилж л байвал сайнсан. Гэтэл самар түүх нэрийдлээр байгальд хохирол учруулж байгаа гэсэн шалтгаанаар хилээр гаргахыг хориглочихсон.
Гэтэл хориглолоо гээд самар түүхээ больсон бил үү, хүмүүс. Хятадууд авахаа зогссон уу. Харин ч хориглосон барааг бид энэ зэргийн үнээр авч байгаа нь их юм гэсэн байдлаар хандаж, үнийг нь унагаж л байгаа байх. Яг хөрсөн дээр иймэрхүү л юм болж байна даа, эрх баригчид минь. Дашрамд дурьдахад, газар дор байгаа шавхагддаг баялгаа дуусгаж байхаар газар дээрх шавхагддаггүй баялгаа мөнгө болгоё л доо.
mminfo.mn
URL: