Тэнгисийн урдах барилгаас дахин “АЛХ” унажээ
Барилгын салбарын балаг нь дуусахгүй атал байс гээд л байшин барих дуртай нийслэлчүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа үл мэддэг хэдэн нөхдөөс улбаатай хүний амь эрсэдсэн олон тохиолдол буй. Тэр дундаа, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо хавиархи газрууд чөтгөр шүгэлсэн үү гэмээр олон муу зүйл тохиолддог газар. Эргэн сануулахад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж байгаа барилга дээрээс 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тулгуур төмөр унаж иргэн Чойжилсүрэнг цохиж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Түүний дараачаар 2014 онд Тэнгис кино театрын баруун урд талд байрлах “Макс Тауэр”-ын барилга дээрээс төмөр унаж, зам дээр машинтайгаа явж байсан жолоочийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан бол уг бүсээс уржигдархан мөн л алх дээрээс нисч унасан байх юм. Азаар хүн амьтан бэртээгүй ч алх бол цагаа тулвал хүний аминд хүрдэг хүйтэн зүйлийн нэг.
Энэ талаар сошиалд Nyambayar Jamiyan хэрэглэгч сэрэмжлүүлэх үүднээс бичсэн байсныг энд сийрүүлье.
Сийрүүлбэл, “Пүрэв гариг 6 цаг 25 минут үед Тэнгис кинотеатр -н урд талд баригдаж байгаа барилга дээрээс алх нисэж ирээд байлээ шөө. дахиад хүн үрэгдлээ гэхэд гайхах зүйлгүй санагдсан. тэрүүгээр явахдаа болгоомжтой аль болох холуур тойрч гараарай. ” гэсэн байсан юм.
Бодвол хэм ам ихтэй хийснээ нууж чаддаг, усан оргилуур барих нэрийдлээр сүндэрлэсэн олон давхар барилга барьж буй гүйцэтгэгчид унагасан алхаа хайсан байх гэж найдая. Аягүй бол, хүн дээр унаагүй юм чинь гээд тоохгүй өнгөрсөн байж ч магад.
Ж.ЭРДЭНЭ
URL: