Ж.Эрдэнэболд: Фэйсбүүкээр ХУЛГАЙН утас худалдан борлуулж байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдон аймаг, нийслэл, сум дүүргийн хүн амын нягтаршил сууршил ихэсдэгээс үүдэн гэмт хэрэг, захиргааны зөрчил хүндрэх хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байгаа ажээ.
Мөн сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс сэргийлэх зорилгоор:
- “School Police” үйл ажиллагаа
- Нутаг дэвсгэр хариуцаж байгаа цагдаагийн байгууллагууд хөдөлгөөнт болон явган эргүүлүүдийг идэвхжүүлэх
- Хяналтын камерийн системээр хийж буй хяналтын үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран “Оюутан тээвэр”
- Монголын Сурагчдын Холбоо, Оюутны холбоотой хамтран “Хичээлийн шинэ жил” гэсэн нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байгаа юм байна.
“School Police” үйл ажиллагаа есдүгээр сарын 1-н гэхэд хэрэгжих тухай бүх сургуулиудад мэдэгдэл өгсөн байна.
Бэлтгэл ажлуудыг сургуулиудтай хамтран зохион байгуулж, холбогдох техник хэрэгслээр хангаж ажиллаж байна.
АЛБАН ЁСНЫ БУС ЦАХИМ ХУУДСААР ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
ЦЕГ-аас сүүлийн үед гарсан гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд эдгээр гэмт хэргүүдийг цаг тухай бүрт нь илрүүлэн, шалгаж ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд ”Гар утасны дэлгүүрээс хулгай хийх гэмт хэрэг их гарч байна. Гурваас дөрвөн газраас нийт 100 гаруй гар утас алдагдсан байна. Эдгээр утсыг фэйсбүүкээр “Гар утасны худалдаа явуулах хуудас” нээж худалдан борлуулдаг байдал тогтоогдсон бөгөөд үүнтэй холбогдуулан ийм сүлжээ, цахим хуудас зэргийг хаасан” гэв.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсээс Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг үйлддэг гурван бүлэг этгээдийг илрүүлсэн байна.
Эдгээр бүлэг этгээд Улаанбаатар хотын хэмжээнд 40 гаруй орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг шалгаж байгаа аж.
“Хулгайн гэмт хэрэгт ихэвчлэн зурагт, компьютер, электрон бараа алдагддаг. Эдгээр эд зүйлийг хулгайлан барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбарданд бага үнээр өгсөн нь тогтоогдсонбайна.
Тиймээс барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах шаардлагатай байгаа тухай ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд хэллээ.
Г.ЦЭНД-АЮУШ, IKON.MN
URL: