ХУД-ИЙН 46-Р ЦЭЦЭРЛЭГИЙГ ХААЖ, 300-ААД ХҮҮХДИЙГ ХОХИРООЛОО

Хан-Уул дүүргийн 46-р цэцэрлэг энэ хичээлийн жил үйл ажиллагаа явуулахгүй болсноо гэнэт зарлаж олон эцэг эхийг бухимдуулж байгаа аж. Өнгөрсөн хичээлийн жил тус цэцэрлэг нийт зургаан бүлэгтэйгээр ажилласан, нэг ангид дунджаар 50 орчим хүүхэд хүмүүждэг гэнэ. Тэгэхээр 300 гаруй хүүхдийн эрх ашиг хохирч байгаа юм. Биднийг цэцэрлэгт очиход жижүүрийн ширээн дээр эцэг эхчүүд гарын үсэг цуглуулж, цэцэрлэгийн удирдлага эзгүй байлаа.

Цэцэрлэгийн цонхонд байрлуулсан тушаал шийдвэрүүдээс харвал Хан-уул дүүргийн Боловсролын хэлтсийн албан тоотод барилгыг дүүргийн ИТХ-ийн 2015 оны 12 сарын 18-ны өдрийн тогтоолоор буулгаж, шинээр барих шийдвэр гарсан тухай дурдсан байгаа юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2016 оны 1-р сард  акт тогтоосон.  Гэвч үүнээс хойш хагас жил өнгөрөөд байхад  ямар ч ажил хийгдээгүй бөгөөд НИТХ-ын дарга Д.Баттулга энэ оны 6 сарын 28-ны өдөр 130 дугаартай захирамж гарган тус цэцэрлэгийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргаж байж. Чухам энэ шийдвэрийг яагаад сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр гаргаж, үлдсэн хоёр сард цэцэрлэгийг шинээр босгож амжихгүйг мэдсээр байж хүүхдүүдийн эрх ашгийг хохироох болов гэдэг нь сонин. Дүүргийн боловсролын асуудал хариуцсан хэлтэс нь 260 хүүхдийг цэцэрлэг ашиглалтад ортол эцэг эхийн мэдэлд байлга гэжээ!

Одоогийн байдлаар зөвхөн зураг төслийг гүйцэтгэгч нь тодорсон, барилгыг буулгах, барих тендер зарлагдаагүй учир барилгын ажил хэзээ эхэлж, хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа юм. Улс цэцэрлэгийн асуудлаа гүйцэд шийдэж чадахгүй байхад 300-гаад хүүхдийг нэмээд цэцэрлэггүй болгож байгаа энэ завхралын гол буруутан нь хэн бэ, хариуцлагыг хэн хүлээх вэ, эцэг эхчүүд, хүүхдүүд ингээд хохироод үлдэх үү гэдгийн хариуг барилгын  захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ХУД-ын Засаг даргын тамгийн газраас нэхэх цаг болжээ.

Өргөдөлд гарын үсэг зурахаар ирсэн эцэг эхчүүдийн яриаг хүргэж байна.

Тендер нэрээр хүүхдүүдийн эрх ашгийг хохироолоо

Барилгыг шинээр барина гэсэн сураг хавраас дуулдаж байсан ч хавар барилгын ажил эхлээгүйгээр барахгүй цэцэрлэг цуглах үед гэнэт ийм шийдвэр гаргасан нь дэндүү хариуцлагагүй байна. Энэ олон эцэг эхчүүд хүүхдээ хааш нь өгөх нь тодорхойгүй байдалтай байна. Цэцэрлэгийн барилга нурах аюултай гэж телевизийн мэдээнд дурдагдсан ч  ийм зүйл өнгөрсөн хавар огт яригдаагүй, нурах аюултай гэсэн дүгнэлт нь тендер хойшилсныг халхавчилсан хэрэг гэж үзэж байна. Манай хүүхэд энэ цэцэрлэгт нэг жил явсан, уг нь сургалт их сайн.

Намар сургуульд орох хүүхдээ гэрт нь байлгахаас өөр аргагүй болоод байна

Хувийн цэцэрлэгт өгөх боломж үнэндээ надад байхгүй. Манай хүүхэд энэ жил бэлтгэл бүлэгт орно. Гурван жил явсан багш, ангийнхнаас нь салгаад ирэх намар сургуульд орох хүүхдээ гэрт нь байлгах болоод байна.   Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг 72-р цэцэрлэгт хуваарилсан гэсэн яриа гараад тэр цэцэрлэгт очсон ээжид удирдлагууд нь боломжгүй гэсэн хариу өгсөн сурагтай. Өнөөдөр тэр цэцэрлэгрүү очиж үзэх санаатай байна. Яг хуваарилсан талаар шийдвэр гарч бидэнд үзүүлсэн юм одоогоор алга.

Ноднин өвлөөс буулгах акт гарсаар байтал зуны гурван сард буулгаад барих боломж байсан

Зургаан сарын 1 гэхэд цэцэрлэг амарсан шүү дээ. Аль өвөл нураах акт тогтоосон байхад яагаад одоо нураах тухай яриа гарч эцэг эхчүүд бидэнд гэнэт мэдэгдсэнд үнэхээр гайхаж байна. Хамгийн гол нь 6 сарын нэгнээс 9 сарын нэгэн хүртэл бүтэн гурван сар барилгыг нураагаад барих боломж байсан шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих