Орон нутгийн хөрөнгийг “завшсан” этгээд “дарга” болохоор хөөцөлдөж явна

2275
Төрийн хөрөнгийг идэж шамшигдуулсан нөхдүүд эргээд төрд санаархдаг буруу жишгийг МАН давтах нь уу гэлтэй үйл явдал Ховд аймагт өрнөж эхлэсэн байна. Учир юэ гэвэл Ховд аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар 2008-2012 онд ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл гэх эмэгтэй тухайн үед ажлаасаа чөлөөлөгдсөний дараагаар буюу 2013 онд тус аймгийн Булган сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 25.0 сая төгрөг завшаад алга болсон ажээ. Уг мөнгө нь орон нутагт ажлын байр бий болгох зориулалттай байсан боловч Ховд аймгаас шилжсэн тус этгээд мөнгийг завшсанаас хойш ор сураггүй алга болжээ. Гэвч амташсан хэрээ 13 дахина гэгчийн үлгэрээр тэрбээр одоо Ховд аймгийн Хөдөлмөр нийгмийн халамжийн газарт удирдах албан тушаал горилж явна. Түүнийг тус албанд томилуулахаар Улаанбаатар хотоос нөлөө бүхий эрхэмүүд тусалж дэмжиж байгаа гэх.

Ийнхүү төр түмэн хоёрын мөнгийг шамшигдуулж ор сураггүй болсон Л.Билэгдэмбэрэл гэх бүсгүй юуны учир орон нутгаас томилдог албан тушаалд улайран шунана вэ? Уг нь бол энэ мэт ширэн нүүртнүүдэд төр төмөр нүүрээ үзүүлж өдийд хууль шүүхийн хаалга татаад хариуцлагаа үүрээд явж байх учиртайсан. Сум орон нутагтаа ажлын байрны хомсдолтой ажиллах хүчний илүүдэлтэй өнөө үед завсрын луйварчдыг төрийн албанаас холхон байлгах ёстой гэж орон нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна.

Ер нь идсэн уусан, шамшигдуулсан, шилжсэн ор сураггүй алга болсон энэ мэтийн нөхдийг төвөөс томилж ирээд байхааргүй, нутаг орноо мэддэг сэтгэл зүтгэлээ гаргадаг, ажлаа мэддэг ард түмэндээ танигдсан боловсон хүчин орон нутагт нь хангалттай л их баймаар.

Нөлөө бүхий албан тушаалтнуудаас дэмжлэг авчихвал хариуцлагаас зугатаад идсэнээ нуугаад, орон нутгийг зөөллөчилж идэж уусаар хувалз болсон нөхдийг төрийн албанаас холхон байлгаж тохирсон хариуцлагыг нь үүрүүлээд ажиллахаа өнөөгийн хэцүүхэн үед мэдэж л байлтай.

Энэ талаар бид баримт түшин эргэж мэдээлэх болно.

Ц.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих