Иргэдийг хагас тэрбумаар хохироосон хэрэгт цагдаагийнхан дорвитой арга хэмжээ авахгүй байна гэв

4ojaqj07s6sv751bn3i2hcav9rИргэдийг залилан мэхлэх хэрэг даамжирсаар нэгэн доор 100 орчим хүнийг луйвардаж 520 сая төгрөгийг нь залилсан хэрэг гарлаа. Улмаар хохирогчид хохирлоо барагдуулж чадах эсэх нь эргэлзээтэй цаашлаад хэрэг замхарч магадгүй байдал үүсээд байгаа аж.

Уг хэргийг гадаад худалдаа, автомашин импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх“Алтан Харилцаа” ХХК-ий захирал С.Цэвэлмаа, түүний ах С.Мягмардаш хөл залгуулах унаа хайсан иргэдийг мэхлэх замаар гардан хийсэн байна. Мөн цаашлаад бусад хүмүүс ч холбогдох үндэслэлтэй гэж хохирогчид үзэж байгаа юм.

4inlogql6ce2rd1fm7hdko5a14

Эдгээр этгээдүүд нь Dreamcar гэх фэйсбүүк хаягийн доор үйл ажиллагаа явуулж иргэдтэй Япон болон бусад орноос автомашин худалдан авч импортоор оруулж ирэх гэрээ байгуулан урьдчилгаа 30-100 хувийн төлбөрийг авдаг байсан нь баримтаар ногтлогдсон. Гэвч Японоос захиалсан гэх автомашин Монгол улсын хилээр огт орж ирээгүй төдийгүй автомашинаа хүлээсэн иргэдийг “гааль дээр асуудал гарсан”, “замдаа яваа” гэх зэргээр аргацаасаар бусармаг үйлдлээ багадаа хагас жилийн хугацаанд үргэлжлүүлжээ.

Хамгийн гол нь хохирсон иргэд хэрэг эхэлж байхад Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандсан байдаг боловч, хууль хяналтынхан үүргээ үл ухамсарлан ил үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирлын хэмжээ үлэмж нэмэгдэн өнөөдөр хагас тэрбум төгрөгийг даваад байна.

Баримтыг сөхвөл энэ оны 5-р сард эхний хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж анхааруулсан ба тухайн үед хохирогсдын тоо харьцангуй цөөн, хугацаандаа ирээгүй машин асууж сураглах хүмүүсийн тоо 10 орчим л байдаг байсан талаар хохирогчид хэлж байгаа юм. Гэвч хэрэг хариуцсан холбогдох албаныхан ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас гэмт этгээдүүд давран гэмт үйлдлээ лавшруулж дахин 60 хүнийг ганцхан сарын дотор залилсан байна. Ингэхдээ асуудал үүсгэж буй иргэдээс зугтаж дараагийн иргэдийг хохирохдоо өөр өөр байршил ашиглан төөрөгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, эхний хохирогчид шинэ хохирогчидтой тааралдалгүй байсаар 7-р сартай золгожээ. Хэрэв хэргийг цаг тухайд нь таслан зогсоож чадсан бол хохирлын хэмжээ ийм өндөрт хүрч нийгмийг цочроох өргөн хүрээний залилан гарахгүй байлаа.

Дээрх мэдээллээс харахад гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу зохион байгуулалттайгаар онц их хэмжээний хохирол учруулсан учир 10-15 жил хоригдох ял авах үндэслэлтэй аж.

Гэтэл хэрэг явдал ийнхүү хүндрээд байхад өнөөдөр цагдаагийн байгууллага асуудлыг шийдэх чиглэлд дорвитой алхам хийхгүй байна гэж хохирогчид үзэж байна. Хэдийгээр хэргийг гардан үйлдсэн гэх ах дүү хоёрыг түр саатуулаад байгаа ч зохион байгуулалттай залилангийн хэрэгт оролцсон байж магадгүй, оролцоогүй юм гэхэд болсон үйл явдлыг маш сайн мэдэж буй“иргэдтэй гардан гэрээ байгуулсан” менежерүүдийг огт байцаагаагүй аж. Мөн өнөөдрийг хүртэл иргэдийн 520 сая төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй байна.

Тиймээс хохирогчид уг асуудлаар Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн яаманд хандахаар болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих