ИРГЭДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛД ТӨЛӨХ МӨНГӨ НЭМЭГДЭНЭ
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын даргад төсвийн тодотголын төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд багтаж байгаа юм. Тэгвэл тэдний дунд иргэдийн нийгмийн даатгалд төлөх мөнгөн дүн нэмэгдүүлэхээр тусгасан нь олон хүний анхаарлыг татаж байна.
Тодруулбал Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр үе шаттай нэмэгдүүлэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулахаар тусгажээ.
Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх замаар алдагдалгүй болгохын тулд шимтгэлийн одоогийн хувь хэмжээг 10-12 орчим пунктээр нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол байгаа аж. Шимтгэлийн хувь хэмжээг огцом, өндөр нэмэхгүй байх, ажил олгогч болон иргэдэд очих санхүүгийн дарамтыг бууруулах үүднээс тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх, тэтгэврийн сангийн зарлагыг нэмэгдүүлэх үр дагавартай гарсан зарим шийдвэрийг хүчингүй болгох замаар зардлын ачааллыг давхар бууруулах боломжтой. Иймд шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгох, уг шилжилтийг 2017-2018 онд тус бүрд 1 хувь, 2019 онд 0.5 пунктээр нэмэгдүүлэхээр тооцжээ.
URL: