Боловсролын салбар авлигын үүр уурхай болсон уу?

995561e40e8115df700084ddbf3e0315

Хамгийн оюунлаг байх ёстой боловсролын салбар үнэн хэрэгтээ ашиг хонжоо хайсан бизнесмэн удирдлагуудын үүр уурхай боллоо гэсэн шүүмж сүүлийн хэдэн жилд тасарсангүй ээ. Үр хүүхдийнхээ боловсролд анхаарсан эцэг эхчүүд улсын тэргүүний гэгдэх хэдэн сургуулийн нэгэнд нь багтаачих юмсан гэсэндээ ширүүн тэмцэл өрнүүлдэг болсон. Гол нь хүүхдээ нэр сүртэй гайгүй сургууль бараадуулахын тулд сая саяар нь өгөх хахуулийг дийлэх хэмжээний мөнгө танд байх ёстой. Энэ л үндсэн гол шалгуурыг хангасан эцэг эхчүүд хийгээд сургуулийн удирдлагуудын хооронд бизнесийн чанартай тохироонууд явагдаж ирсэн юм.  Уг нь улсын сургуулиуд хахууль авах ёсгүй гэдгийг хаа хаанаа мэддэг, хэлж ярьдаг ч асуудал улам даамжраад өдийг хүрчээ. Юм бас нэг хэмжээндээ тулна гэж байдаг болохоор сошиалаар уг асуудал ч их яригдаж байна. Ямартаа л 1, 23 гэхчлэн ханш өндөртэй сургуулиудын удирдлагуудыг шалгуулах нь зөв үү гэдэг асуудал бараг санал асуулгын хэмжээнд хүрээд байгаа юм.

14054850_1776078109299729_2145590065_n

1-р сургуулийн багш ажилчид мэдээлэл хийж, тус сургуулийн захирал Б.Төгсжаргалтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж байв. Тус сургуулийн математикийн багш Х.Батцэцэг хэлэхдээ “Б.Төгсжаргал нь Боловсролын тухай хууль болон Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийг тус тус ноцтойгоор зөрчиж байсан байна. Үүнд:

Сургуулийн удирдлага сонгон шалгаруулалт будлиантай явагдсан гэж үзэж байна. Учир нь 1-р сургуулийн захиралаар томилогдохоосоо өмнө 1 жил 8 сарын хугацаанд боловсролын байгууллагад ажиллаагүй. Үүнээс өмнө ажиллаж байсан сургуулийн сургалтын менежерийн ажилд тэнцээгүй, сахилгын зөрчлөөс болж халагдсан нь мэдэгдсэн.

Захирлаар ажиллаж байсан 2 жилийн хугацаанд жилд 250 хүүхэд,  хоёр жилд 500 орчим хүүхэд элсэн оруулсан бөгөөд үүнээс нэг жилд 150 гаруй хүүхэд ганцхан Б.Төгсжаргал захирлын гарын үсэгтэйгээр орж байгаа нь мөн л эргэлзээ төрүүлж байна. Өмнөх үеийн захирлууд элсэлтийн журмыг батлуулаад, элсэлтийн комисс гаргуулж, комиссоор дамжуулан бүх асуудлыг шийддэг байсан бол Б.Төгсжаргал нь ганцаараа дур мэдэн шийдсэн юм. 2 жилийн өмнө манай сургууль 2460 сурагчтай байсан бол одоо 3000 шахам сурагчтай болсон. Нэг ангид байх сурагчдын норм хэтэрч, 60-63 сурагч нэг ангид хичээллэж байгаа нь Боловсролын стандартыг ноцтойгоор зөрчиж, сурагчдын сурах, багш нарын тайван ажиллах эрхэд халдаж байна гэж үзэж байгаа юм.

2223

Б.Төгсжаргал нь ажиллаж байх 2 жилийн хугацаанд нийт 70 гаруй хоног ажилдаа ирээгүй. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалтыг удаа дараа зөрчиж байгаа хэрэг. 70 хоногийг цагаар тооцвол 560 цаг. Сараар тооцвол 4 сар ажилдаа ирээгүй боловч 2016 оны 5 дугаар сарын цалингаас бусад бүх цалингаа бүтнээр нь авч байсан. Үүнийг мөнгөн дүнгээр тооцож үзвэл ойролцоогоор 3 сая төгрөгийн цалинг зүгээр авч байсан гэсэн үг” гэж байсан юм.

Тэгэхээр улсын тэргүүний дунд сургуулиудыг удирдаж байгаа хүмүүсийн үнэн төрхийг үйлдлүүдээс нь ингээд харж болохоор байгаа юм. Боловсролын салбарыг бизнес болгосон удирдлагуудыг байлгаад байх хэрэг байдаг ч юм уу?

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих