Цалин хасах нь хэмнэлт бус хэлмэгдүүлэлт болох вий…

11Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын олон нийтэд өгсөн мэдээллээр бол Засгийн газар агентлагийн дарга болон түүнээс дээш албан тушаалтан буюу УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

Ирэх Даваа гарагт ээлжит бус чуулган зарлаж, хуралдвал төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Засгийн газар энэ саналаа УИХ-д оруулж ирнэ.

Төрийн өндөр алба хашдаг хэмээн нүд үзүүрлэх маягтай гаргасан мэт харагдах Засгийн газрын энэ шийдэл зөв шийдвэр мөн үү гэдэг нь өдгөө олон нийтийн дунд халуун сэдэв болж байна.Хэдийгээр хашиж буй албан тушаал нь арай том ч тэд ч бас төрийн албан хаагч. УИХ-ын гишүүний сарын цалин сая зургаан зуун мянган төгрөг.

Үүнээсээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөөд, 30 хувь хасуулаад, үлдсэн цалингаа сардаа хоёр хувааж авахад иргэдийн дундаж орлого хавьцаа л мөнгө гар дээрээ авна гэсэн үг.

Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтан гэх 260 орчим хүн байдаг. 

Ийм байхад УИХ-ын гишүүн гэж цалинг нь хасах нь тэр хүмүүсийг хэлмэгдүүлж байгаагаас ялгаагүй мэт.

Тэдний дунд цалингаараа амьдардаг хүмүүс олон бий. Бүгдээрээ хувийн том компанитай, олон компанийн хувьцаа эзэмшдэг биш л бол хавтгайруулж цалингаас нь хасна гэж шийдвэрлэх нь зөв гарц биш ээ, Ерөнхий сайд аа.

Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтан гэх 260 орчим хүн байдаг. Энэ тооны төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 бууруулах нь тэгээд ч төсөвт дорвитой хэмнэлт болж, эдийн засаг хямралаас гарахад нөлөөлж чадахгүй. Тийм байхад төрд ажиллаад авч буй сая хэдэн зуун мянган төгрөгийн цалингаар нь оролдох хэрэгтэй гэж үү.

УИХ-д орж ирсэн компанийн захирлуудад, хувьцаа эзэмшигчдэд цалин хэрэггүй байж болно.Сангийн сайдад цалин хэрэггүй байж болох ч цалингаараа амьдардаг хүмүүст харин сарын сая зургаан зуун мянган төгрөг нь хэрэгтэй.

Төрийн өндөр албан тушаалтан гэж баалан төрийн албан тушаалтнуудаа цалинг нь хасч шийтгэн, хээл хахууль авах арга зам руу түлхэж байхаар төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудын хэтийдсэн тансаглалд хяналт, хязгаар тавих хэрэгтэй юм.

Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Эм Жи Эл, Эрдэнэс оюутолгой гээд бичээд байвал төсөвт мөнгө оруулж ирэхгүй, алдагдалтай ажилладаг мөртлөө олон тэрбумыг үрдэг, цалин урамшуулалдаа авдаг төрийн өмчит компаниуд хэдэн зуун мянгаараа байна.

Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаас гаргасан шиг ийм компаниудын удирдлага сард 30 сая төгрөгийн цалин авч байвал түүнийг хасах нь зөв. Харин төрд ажиллаад авч буй төрийн албан хаагч, УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан цалинг хасч торгох нь хэмнэлт бус хэлмэгдүүлэлт болж хувирах вий.


Д.Батжаргал: ХҮНИЙ ОРЛОГО РУУ ХАЛДАЖ БОЛОХГҮЙ

-Цалин бууруулна гэдэг байж болохгүй зүйл. Эдийн засгийн байдал хүнд байгаа үед хүний орлого руу халдана гэдгийг ойлгохгүй байна.

Ямар ч эдийн засгийн боловсролгүй хүмүүс хийж байгаа юм шиг л харагдаж байна.

Ажлын байраа хадгалж үлдэхийн тулд цалин бууруулах гэж байгаа мэтээр тайлбарлаж харагдсан. 

Ажлын байраа хадгалж үлдэхийн тулд цалин бууруулах гэж байгаа мэтээр тайлбарлаж харагдсан.

Гэхдээ хэмнэлт хийх өөр олон арга бий. Тухайлбал, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талд анхаарч болно. Манай улсад уул уурхайгаас өөр салбар байдаггүй юм шиг аяглах хэрэггүй.

Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой. Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэгч, бизнесийнхнийг дэмжсэнээр төсөвт төвлөрөх орлого нэмэгдэнэ. Засгийн газар нийгэмд буруу дохио өгч валютын ханшийг өсгөчихлөө. Үүгээрээ хорлон сүйтгэх ажиллагаа хийчихлээ гэж харж байна.

Иргэн Ц.Мягмарсүрэн: МЭРГЭШСЭН БОЛОВСОН ХҮЧНЭЭР ТӨРИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Бусад улс оронд хүмүүсийн цалинг нэмдэг жишиг байдаг юм билээ. Гэтэл манайх хүмүүсийн цалинг бууруулах тухай шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Гэхдээ төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах нь зөв гэж бодож байгаа. Манайд цалин хөлсний ялгаа хэт өндөр юм шиг санагддаг.

Дарга нар иргэдтэйгээ адил цалин авдаг болбол зүгээр л байх. Харин жирийн хөдөлмөр эрхэлж байгаа хүн 300-500 мянган төгрөгийн цалин авч байна. Өмнөх Засгийн газрын үед төрийн албан хаагчийн тоо эрс өссөн. Тиймээс төсөвт дарамт учруулж байсан гэж боддог. Тэгэхээр мэргэшсэн боловсон хүчнээр төрийн албыг бэхжүүлэх хэрэгтэй.

Б.Өлзийбаяр: ЦАЛИНГ БУУРУУЛАХ НЬ САЙН АРГА БИШ

-Манайханд байдаг гол алдаа нь орлогодоо тааруулж зарлагаа тооцоолдоггүй. Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөгийн орлого олох боломжтой вэ гэдгээс илүүгээр хэдийг зарлагадах вэ гэдэг улстөрийн шийдвэр гаргадаг. Ер нь төсвийн зарлагын задаргааг харж байхад 2013 оноос эхлэн төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ нэмэгдсэн байна. 2013 оны гүйцэтгэлийг харахад 2012 оны цалингийн хэмжээнээс даруй 17.3 хувиар өссөн байгаа юм.

Ингээд жил ирэх тутам нэмэгдсээр ирсэн. Тэгэхээр үүний цаад шалтгааныг тогтоох хэрэгтэй. Хэрэв ашиггүй, Хэрэгцээгүй ажлын байр нэмсэн бол цомхотгох шаардлагатай. Тоон үзүүлэлтээс илүү чанарын үзүүлэлт чухал.

Ажлын бүтээмж бол цалин, урамшуулалтай шууд холбоотой учир цалингийн хэмжээг бууруулна гэдэг сайн арга биш. Төрийн үйлчилгээ авч байгаа иргэний хувьд үйлчилгээ түргэн шуурхай, мэргэжлийн төвшинд байх нь чухал. Түүнээс чадваргүй, цалингийн хэмжээндээ сэтгэл дундуур. ажлын бүтээмж муутай, хүнд сурталтай албыг татвараар тэжээмээргүй байна.

Б.Жаргалсайхан: 30 БИШ ТАВИН ХУВИАР БУУРУУЛ

-Дарга, сайд нарын цалинг 30 биш 50 хувиар бууруулах хэрэгтэй. Тэдний тансаглахыг танах ёстой. Жирийн хөдөлмөрчин цалингаа ч авч чадахгүй байгаа шүү. Тиймээс тэднийг оролдох хэрэггүй.


URL:

Нэр: Баагий Огноо: 19 August 2016

Цалин бууруулах нь сайн арга бишийг хамгийн сайн мэдэж байгаа ч Ердөө хэлбэрдсэн, авилгыг чөлөөт байдлаар өрнүүл гэсэн МАН-ын бодлого шиг харагдаж байна даа .Авилгад өртдөг албан тушаалтнуудын цалин өндөр байж, нөгөө талаасаа тэднийг хянах хяналтын механизм хүчтэй байх ёстой.Эс тэгвэл тэд бууруулсан цалингаасаа хэд дахин их буюу төсвийн хэмнэлтийг нь ганц хүн л албан тушаалаа ашиглан залгиж хэмнэлт нь 260 дахин алдагдал болно.260 авилгач, хулгайч ажиллаж эхэлнэ дээ.

Сэтгэгдэл бичих