Тахарын талаар шүүхийнхэн юу хэлэв…

4f056cfde88b8f885f319a2ca6506d73Б.Нармандах: Шүүхийн шинэтгэл ухрахыг үгүйсгэхгүй 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч

2013 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Тахарын алба шинээр байгуулагдаж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Гэвч 2016.07.21-ний өдөр хүчингүй болгож, тус албыг татан буулгасан. Тахарын алба 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш их үр дүнтэй байсан. Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг бүрэн хангах, шүүхээс эрэн сурвалжлагдаж байгаа болон албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн эрх зүйн актын биелэлт сайжирч түргэн шуурхай хэрэг маргааныг шийдвэрлэх боломжийг бүрдүүлж дэвшилттэй ажиллаж байсан. Одоо цагдаагийн байгууллагатай нэгтгэж байгаа нь шүүхийн шинэтгэл ухрахыг үгүйсгэхгүй юм.

Т.Мөнгөнчулуун: Шүүгчийг нүүдэллэж ажиллах үед хамгаалалт зайлшгүй шаардлагатай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч

Тахарын байгууллагаас өмнөх үед цагдаагийн байгууллага нь шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа гэрч, шинжээч, хэргийн оролцогчид болон сэжигтэн, яллагдагчдыг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг шүүгчийн захирамж гарсан даруйд түргэн, шуурхай арга хэмжээ авч ажилладаггүй байсан. Мөн шүүгчийг хөдөө орон нутагт нүүдэллэж ажиллах үед хамгаалалт зайлшгүй шаардлагатай байдаг.

Х.Ганболд: Тахарын алба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хурдны хувьд сайн үр дүнг авчирсан

Дорноговь аймаг дахь СДЭХАШ шүүхийн ерөнхий шүүгч

Тахарын алба татан буугдсан нь бидний хувьд их гэнэтийн үйл явдал болсон. Тахарын алба бол цоо шинэхэн байгууллага бөгөөд олон жилийн өмнө эзэнгүй байсан эзэнтэй болгосон маш том алба. Урьд нь цагдаагийн байгууллагын хийж байсан ажил маш хязгаарлагдмал байсан ба алдаг оног шүүх хуралдаанд журам сахиулдаг төдийхөн л байсан. Харин Тахарын алба байгуулагдсанаас хойш шүүхээс оргосон, дуудаад байхад ирдэггүй хүмүүс ирдэг болсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хурдны хувьд сайн үр дүнг авчирсан. Тахарын албаны офицерууд 24 цагаар харуулд гарч шүүхийн байрны аюулгүй байдал маш сайн хангагдсан. Мөн шүүх хуралдааны оролцогчдын дэг сахих, шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүсэхгүй байх гэх мэт маш олон дэвшилтэд давуу тал байсан. Ийм чиг үүрэг бүхий дагнасан байгууллагыг татан буулгаснаар Цагдаагийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирж ажиллах алба хаагч нарыг сургах шаардлага гарах байх. Цагдаагийн байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль сахиулах их ажлын араас шүүхийн аюулгүй байдлыг хангах боломж хэр билээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зарим алба хаагч нарыг шилжүүлсэн нь ажил эзгүйдэх асуудлыг үүсгэх асуудал гарч байна. Тахарын албаны гүйцэтгэж байсан ажлыг Цагдаагийн байгууллага хэрэгжүүлнэ гэж хуульчилсан хэдий ч тахарын албаны журмыг Цагдаагийн байгууллага тэр чигээр нь хэрэгжүүлэх боломж байгаа нь эргэлзээтэй байна.

Б.Цэнд: Цагдаагийн байгууллага Тахарын хэмжээнд ажиллана гэдэг эргэлзээтэй

Дорноговь аймаг дахь ЗХАШ шүүхийн шүүгч

Тахарын албаны асуудлын талаар нэгэнт тахарын албаны хууль хүчингүй болоод байгууллага нь татан буугдчихсан тул энэ байгууллагын талаар ярих нь илүүц бизээ. Тахарын алба байхад шүүн таслах ажиллагааны аюулгүй байдал хараат бусаар ажиллах боломжийг бүрэн хангасан байсан. Энэ байгууллагаа цаашид авч үлдэхийн тулд энэ хэлэлцүүлгийг өмнө нь хийгээд санал авсан байсан бол тахарын албыг үгүйсгэсэн санал шүүхийн зүгээс гарахгүй байсан байх, мөн энэ албыг хэвээр авч үлдэх магадлал байх байсан байх. Тахарын алба ажиллаж байсан хугацааны хувьд маш давуу талтай байсан. Шүүхийн аюулгүй байдал тал руугаа хандсан мэргэшсэн алба байгуулагдаж төлөвшиж байсан ба одоо байхгүй болсонд харамсаж байна. Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд тахарын албаны гүйцэтгэж байсан ажлыг энэ хэмжээнд гүйцэтгэнэ гэхэд эргэлзээтэй байна.

Т.Баясгалан: Тахарын алба зөвхөн шүүхийн хүрээнд биш иргэдийн дунд үйл ажиллагаа явуулж байсан

Дорноговь аймаг дахь шүүхийн эвлэрүүлэн зуучлагч

Тахарын алба нь шүүгчийн болон шүүхийн аюулгүй байдлыг хангаж сайхан ажиллаж байсан. Өмнө нь цагдаагийн байгууллага байх үед ямар хэмжээнд байсныг хүн бүр мэдэж байгаа. Нэг хариуцагчийг эрэн сурвалжлуулахад 1-2 жилийн дараа шаардаж байж нэг албан бичиг авдаг байсан. Харин Тахарын алба нь зөвхөн шүүхийн хүрээнд биш иргэдийн дунд үйл ажиллагаа явуулж байсан. Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах асуудлууд байдаг. Иймд Тахарын албан нь шүүх дээрээ байрлаж үйл ажиллагаагаа явуулах нь илүү ач холбогдолтой.

Б.Бээжин: Тахарын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлээд явах байх 

Дорноговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга

Тахарын алба нь байгуулагдсанаар шүүн таслах ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн. Шүүхийн хамгаалалтад албан ёсны мэргэжлийн хүмүүс ажилласан нь шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүсэхгүй байх нөхцөл бүрдсэн байсан. Дорноговь аймгийн шүүгч нар нь хөдөө орон нутагт томилолтоор ажиллах шаардлага их гардаг, мөн шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар сумдуудад сургалт зохион байгуулдаг ба энэ бүхэнд тахарын албаны алба хаагч хамгаалалтаар явж байсан учир тэдгээр нөлөөлөх гэсэн сөрөг үйлдэл гараагүй. Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал гарсан ба Шүүгч, шүүхийн байрны аюулгүй байдлыг хангах тасаг болж байгуулагдсан. Иймд тахарын албаны үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлээд явах байх гэж бодож байна.

Г.Хишиг 

Эх сурвалж “Өдрийн сонин” 2016 оны 08 сарын 18-ны №188/5881/

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 18 August 2016

та нар өөрсдийгөө хамгаалуулах эрх ямба эдлэх гээд байна аа даа ард энийг чинь ялгаж салгана ойлгосоон та нараас төр буюу ард түмэн асуух шаардлага байхгүй одоогоор та нарын хангалт монгол улсад хангалттай

Сэтгэгдэл бичих