Хүлээлтээс зөрсөн махны экспорт

6Hap, хур тэгширсэн наймдугаар cap. Max бэлтгэх мөчлөг ёсоор энэ бол махны татан авалтын өмнөх үе. Хэр хэмжээний мах авах, өгөхөө малчин, махны үйлдвэр хоёр хэдийн тохирчихсон.Малчид захиалга ёсоор малынхаа махыг нийлүүлэхээр зэхэж байдаг цаг.

Харин өнөө жил “Махны захиалгаа хэзээ өгөх вэ?” гэх дуудлага малчдаас тасралтгүй ирж байгааг махны үйлдвэрийн захирал нэгэн танил маань ярилаа. Өмнөх жилүүдийн жишгээр бол дээрх асуулт арай өөр, тодруулбал, “Захиалсан махаа хэзээ авах вэ” гэж баймаар, уг нь.

Гэвч энэ жил махны захиалга хийгээд бэлтгэл оройтож буйг малчдаас ирж буй утасны дуудлага баталсаар. Монголын махны холбооноос ч үүнийг давхар баталгаажуулав. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас одоогоор мах бэлтгэлийн нэгдсэн дүн ирээгүй гэж мэдэгдлээ.

Махны захиалга яагаад хоцров? Энэ асуултыг махны компанийн захирал найздаа тавилаа. Түүний тайлбарлаж буйгаар санхүүгийн байдлаас болсон аж. Мөнгөгүйгээс махны бэлтгэл хоцорч байгаа хэмээн тэрбээр учирлав. Мөн Засгийн газраас олгох 100 тэрбум төгрөгийг хүлээсээр цаг алдсанаа ч хэлж байна.

Малчид захиалга ёсоор малынхаа махыг нийлүүлэхээр зэхэж байдаг цаг.

Засгийн газраас махны компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн. Тухайн үед салбарын яамнаас тавдугаар сарын 23 гэхэд санхүүжилт олгоно гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл одоогоор байдлаар энэ санхүүжилтийн 10 орчим хувь нь үйлдвэрлэгчдэд хүрчээ. Үлдсэнийг махны компаниуд хүлээж байгаа аж. Тиймээс махны захиалга, бэлтгэл ч хүлээгдэж, гацчихсан байна.

Гэхдээ нөгөө талаас ийм асуулт бий. Махны компаниуд яагаад төрийн гарыг харах ёстой гэж. Бас бизнес нь гацсаны бурууг яагаад төрд тохох ёстой гэж.

Тэрслүү гэмээр энэ асуултыг тэдэнд тавьтал ийм боломж тун хомс болохыг учирлав. Монголын махны холбооноос мэдээлснээр мах бэлтгэл, экспорт нь өндөр зардалтай.

Тухайлбал, 1,000 тонн мах бэлтгэхэд дөрөв орчим тэрбум төгрөгийн зардал гардаг байна. Ийм хэмжээний өндөр өртөгтэй махны экспортыг нэмэгдүүлэхэд зайлшгүй төрийн дэмжлэг шаардлагатай болохыг хэлэв. Тиймээс махны компаниуд, малчид хүлээсээр, орлого олох учиртай махны экспорт ч хүлээстэй хэвээр байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 5.4 мянган тонн мах экспортолсон байна.

Харин үүнээс хоёр дахин их хэмжээний мах хилийн чанадаас худалдан авсан болохыг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээнээс харж болно. Хачирхалтайн дээр харамсалтай байгаа биз. 60 орчим сая тоо толгой малтай Монгол Улс экспортоосоо хоёр дахин их мах худалдан авч байна.

Уг нь урд, хойд хөрш хэмээх уудам зах зээл манайд улам л нээлттэй болж буй. Монголын баруун бүсээс малын мах худалдан авахаа ОХУ, Хятадын талаас мэдэгдсэн. Одоо төвийн бүсийг мах нийлүүлэх боломжтой, эрүүл бүс болгон хүлээн зөвшөөрүүлэхээр зэхэж байна. Хятадын албаныхан энэ сарын эцэс, есдүгээр сарын эхээр ирж, манай төвийн бүстэй танилцах товтой байгаа аж.

Энэ үеэр тэдний шаардлага хийгээд шалгалтад тэнцвэл бид Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгаас мал, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно гэж Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий эпидемиологич Б.Цолмон хэлж байна.

Мөн орон даяар малын 22 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийж байгаа. 

Үүнтэй зэрэгцэн манай зүүн бүсэд малын шүлхий өвчин гарчихаад байгаа.

Шүлхийн голомт болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр болон ойролцоох Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын малыг шүлхийн эсрэг вакцинд хамруулаад байна. Үүнээс гадна голомт тойрсон бусад аймаг, сумын малыг вакцинжуулах бөгөөд ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн шүлхий өвчний тархалтыг зогсоохын тулд хяналтын цэгүүдийг нэмж, үйл ажиллагааг нь чангатгажээ. Тухайлбал, Улаанбаатар хот орчмын Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, 22 -ын товчоонд хяналтын цэг байгуулаад буй. Ингэснээр зүүн бүсээс мал, малын гаралтай бүтээгдэхүүн Улаанбаатар хотод нэвтрэхгүй, дамжин өнгөрөхгүй гэж үзэж байна.

Мөн орон даяар малын 22 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийж байгаа. Энэ ажлын явц 75 хувьтай байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээлэв. Энэ хүрээнд давхардсан тоогоор 45 сая малыг хамруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих