ГУНИГ СЭМЛЭХ ЭЛСТИЙН АР /Өгүүллэг/

13906807_867781303353889_4948202601414564302_nМөрөнгийн төвийн чанх урд Элстийн ар гэж олноо нэрлэгдсэн нэгэн газар бий. Намхан бор уулын ард байх энэ газрыг зарим нь хогийн хонхор гэж ад үздэг. Яг л тэр Элстийн арын өвөр энгэрт хэн бүхний нүдэнд тороод байдаггүй хэдэн нүхэн агуулах байх. Намайг бага байхад Зам ангийнхны тэсэлгээний бодисыг хадгалж байсан энэ агуулах руу дүрсгүй хүүхдүүд нэвтэрч, гол дээр тэсэлгээ хийн загас барих гэж байгаад гэмтэж бэртсэн тухай мэдээлэл бяцхан сууринд дорхноо тарж, амнаас ам дамжин яригдсаар манай гэрт ирэхдээ нүүх шийдвэртэй цуг ирсэн юмдаг.

Тухайн үед Зам ангийн нярваар ажиллаж байсан ээж маань агуулахаа муу харж хандсан хэмээн донгодуулж, өөрийн биеэр тэсэлгээнийхээ бодисыг манаж байх үүрэг авчээ. Ийнхүү манайх Мөрөнгийн урд зах, Элстийн ар хэмээх газар руу нүүлээ. Шинэ юм бүхэн хүүхдэд онцгой гүн сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ манай нүүж очсон газар үнэхээр үгээр хэлэхийн аргагүй содон газар байсан даа. Аав ээж хоёр маань цөөн хэдэн хонь ямаа авч, саалийн хоёр үнээндээ хашаа саравч барьж, манайх гэдэг айл хотын захад өөрсдийн гэсэн цомхон хэрнээ тов хийсэн аж ахуйтай айл болон тохижлоо. Хэдийгээр хажуудаа ганцхан айлтай, эрх нь дэндсэн ач хүүтэйгээ хамт амьдардаг хоёр хөгшнөөс өөр хань бараасах зүйлгүй ч гэсэн шинэ газар биднийг дороо л өөртөө уусгаад авлаа. Аав, ээж хоёр өглөө эрт ажилдаа явна. Би дүү нартайгаа нийлэн хэдэн ямаагаа бэлчээрт гаргаад л тоглож эхэлнэ. Тэр үед айл бүр л орондоо хөшиг унжуулж, гэрээ гоёдог байсан цаг. Манайх улаан торгон хөшигтэй. Хөшгөө хуу татан авч нүцгэн биеэ ороосон дөрвөн сахилгагүй охин ямааныхаа хашаанд өөрийн гэсэн хаант улсыг захирч, үлгэр зохион өдөржин тоглоно.
Ямааныхаа саравчны дөрвөн буланг нэг нэгээр нь өмчилсөн охид өөрсдийнхөө эзэмшил газрыг гоёх зах хязааргүй их ажилтай өдрийг өнгөрүүлнэ. Үнэндээ тэндээс тоглоом хайх гэж ядах юм байхгүй. Өнгө өнгийн жижигхэн шилэн савнууд, гарын алганд багтах төмөр жижигхэн таваг, аяга хаа сайгүй хөглөрнө. Гар хөл нь тасарсан ч гоё ганган төмөр хүүхэлдэйнүүд, чамин гоё хийцтэй эд энд тоо томшгүй их…Тоглож тоглож ядарсан хүмүүс орой нар шингэхийн алдад гэрийнхээ сүүдэрт суун ээж, аавыгаа хүлээнэ. Тэртээ алсаас ээжийн цэнхэр дээл тун ч содон. Ээжийнхээ барааг харангуут гэрээ цэгцлэн яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, дөрвөн охин яарч сандран хоорондоо мөргөлдөн гүйцгээж, том савтай ус цацан нэг нь шалаа арчиж, нөгөө дэхь нь буулгаж орхисон орныхоо хөшгийг татах гэж сандран, цай гал дээр тавих гэж тогоогоо хайн эрэл сурал болно. Гэвч хэн нь ч хийж байсан ажлаа дуусгахгүй, ээжийнхээ өмнөөс гүйдэгсэн. Уулын уруу бараг л 1 км газар хар эрчээрээ гүйсээр…
Тосон гүйх охидуудаа харсан ээжий минь биднийг ирэхийг хүлээн замын хажууд сууж байна. Түрүүлж хүрсэн томчууд нь бөөн хөөр болж, хоцорсон нэг нь шарандаа уйлж, нус нулимстайгаа хутгалдан ээж дээрээ очно.
-Халуун байна. Наршна. Ээжийгээ хараад яах гэж ийм хол газар гүйж ирдэг юм бэ. Дүү нараа хараад гэртээ байж бай гэж хэлдэг биз дээ хэмээн ээж зэмлэвч харц нь хайраар, нүүр нь инээмсэглэлээр дүүрэн байдаг байж билээ. Гэвч бид ямар ч халуунаас, бас ямар ч хүйтэн борооноос халширахгүйгээр орой болгон ээжийгээ тосон гүйнэ. Ээж өдөржин ажиллаж, бид өдөржин тоглоод хэн хэн нь ядарсан ч гэсэн сүүдэр хүүшилсэн зуны ногоон тал дээгүүр хөтлөлцөн гэр рүүгээ алхдагсан.
Ээжийтэйгээ өнгөрүүлсэн сайхан дурсамжуудыг минь нэвт хадгалсан Элстийн ар…Миний хувьд үлгэрийн орон шиг л санагддаг байж билээ.
Он цагийн салхи эргэж, ардчилсан хувьсгал ялж, ээж маань 37-хон насандаа тэтгэвэрт гарч, тэсэлгээний агуулах сахих шаардлагагүй болсон тэр хаврын нэгэн зэвэргэн өдөр манайх тэндээс нүүхээр болдог юм байна. Тэр хаваржин Мөрөнгийн төвөөс уут шуудай үүрсэн хүмүүс Элстийн ар руу хөлхөж, төмрийн хаягдал түүж байна гэсээр зарим нь манайд ирж цай уугаад явцгаана. Гэтэл нэг өвгөн бидний ямааны хашааны ард хураасан тоглоомыг юу ч үгүй онгичин шуудайлж, бага дүү маань эхэр татан уйлж, ээж маань “Хүүхэд тоглодог зүйл биш гэдгийг би мэднэ. Гэхдээ охиныг минь уйлуулж яах нь вэ? Настай хүн байж та болиоч’ гэхэд хир тортог болсон дээл өмсөж, нарийн мяндас бүсэлсэн бараан царайтай үрчгэр өвгөн хараал ерөөл урсган бидний тоглоомыг шуудайлж байхдаа нүд нь улаан цагаанаар эргэлдэж байж билээ. Удалгүй манайх тэндээс нүүсэн. Хэдэн жилийн дараа Элстийн араас хэлмэгдэгсдийн булшийг ухаж гаргаж байна гэдэг мэдээлэл орон даяар цацагдаж, олон хүний зүрхийг шимшрүүлж билээ.
Тэр үед л би Мөрөнгийн хүрээ,Тариатын хүрээ, Бүгсийн хүрээ зэрэг том, том хүрээ хийдийг буулгаж, бурхан тахил, элдэв эд өлгийн зүйлсийг нь ачиж авчиран Элстийн арын элс рүү булж, тэнд 10000 гаруй хүнийг буудан хөнөөсөн гэдгийг сонсож мэдсэн юм. Өнөөдөр эргээд бодоход буудуулсан хэлмэгдсэн бурхдыг бид өлгийдөн, эвдэрч хэмхэрсэн зулын цөгц, тахилын тавгийг аяга, таваг болгон өрж тоглодог байж… Бидний тоглоомын хамгийн чамин нь болох хоёр хурууны дайтай жижигхэн шилэн савнууд бүгд таглаатай, дотор нь элс орсон юм шиг харагддаг байсан юм. Гэтэл лам нарын хөөргийг До яамныхан булааж авч, хамрын тамхиа шилэн саванд агуулдаг байсан гэдгийг хожим мэдээд хоолой зангирч билээ. Элстийн ард булаатай үлдсэн гэм зэмгүй олон мянган хүний цогцосыг гаргаж авч чадаагүй. Нойтон элсэнд бүрэн бүтнээрээ хадгалагдсан цогцоснууд гарч ирэн ялзралд орж, цаашид ухаж гаргаж авах ямар ч боломжгүй учраас буцааж хөндөхгүйгээр орхисон гэдэг. Баригдсан, буудуулсан, сураггүй алга болсон, алга болоод Элстийн ар хэмээх энэ л газар элсэнд булаатай чигээрээ үлдсэн олон хүн энд бий. Өнөөдөр тэднийг үгүйлэх хүн өдрөөс өдөрт цөөрсөөр л байгаа. Харин тэнд хаягдаж үлдсэн сүм хийдийн эд зүйлс ашиг хайгчдийн гараар дамжин ихэнх нь төмрийн хаягдал нэрээр урд хөршийг даван алга болсон.
Саяхандаа нутагтаа нэг очихдоо хэрэг болгон Элстийн арыг зорьж очлоо. Ээжийгээ тосон гүйдэг байсан цэлгэр тал айлуудаар дүүрч, хэлмэгдэгсдийг үүрд булшилсан Элстийн ар их хог новшиндоо дарагдан үлдсэн байсан. Хорь гаруйхан жилийн дотор олон зүйл өөрчлөгдөж, харин сэтгэлд минь хадгалагдаж үлдсэн дурсамж л яг хэвээрээ хоцорсон байж билээ.
Өр өвтгөм ийм л намтартай, өвгөдийн цус, нулимс шингэсэн хөрс шороон дээр өнө эртний түүхийг хадгалсан эд өлгийн зүйлсийг эвлүүлж дэвлүүлэн, хайр дүүрэн ээжийнхээ дэргэд аз жаргалын үлгэрээ өөрсдөө зохиож, зохиосон үлгэртээ итгэж бид хүн болсон юм…

 

 

Б.Цоожчулуунцэцэг

URL:

Сэтгэгдэл бичих