Д.Батцэнгэл: Шүлхий өвчнийг хэмжээнд нь барих вакцин бий

190696-16082016-1471309165-908923847-mal_urjilУлсын мал эмнэлэг үржлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд өчигдөр малын цэцэг болон шүлхий өвчний талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Улсын мал эмнэлэг үржлийн газрын дарга Д.Батцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Шүлхий өвчний тархалт манай улсад хэр байна вэ? 
-Өнгөрсөн сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчин байж болзошгүй гэсэн дуудлагын дагуу төв лаборатори шүлхий өвчин гэдгийг баталсан. Оношийг баталгаажуулахаар ОХУын шүлхийн лавлагаа лаборатори руу дээжийг илгээсэн. Нийт 184 малд вакцин хийсний 144 нь үхэр, 40 нь бог мал байсан. Нэмэлт өвчлөл одоогоор бүртгэгдээгүй.

-Ойролцоо аймгуудад ямар арга хэмжээ авч байгаа вэ? 
- Холбогдох байгууллагууд гурван удаа газар дээр нь очиж зөвлөмж өгсөн. Энэ удаагийн шүлхийн өвчлөл нь гурван аймгийн зааг нутагт гарсан. Тийм учраас Мал эмнэлэг үржлийн газраас Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгийн 145 мянган орчим малыг шүлхийн вакцинжуулалтад хамруулсан.

-Вакцины нөөц хэр байгаа вэ? 
- Улсын нөөцөд 169.8 тун вакцин байгаа. Шүлхий өвчнийг энэ хэмжээнд нь бариад байх боломжтой.

-Товчоодод хяналт тавьж байгаа юу? 
-Улаанбаатар хот руу орж, гарч байгаа тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлтийг Баянзүрх, Нисэх, 22- ийн товчоонуудад хийж байгаа. Ачиж яваа малын тоо, хаанаас ирж байгаа гэх зэргээр тодорхой бүртгэл мэдээллийг хянадаг. Мөн мэргэжлийн хяналтын байцаагч, авто тээврийн хяналтын байцаагч хамтарсан хяналтын пост ажиллаж байгаа.

-Малчдад өгөх сэрэмжлүүлэг, зөвлөгөө? 
-Малчид малаа вакцинжуулалтад хамруулдаггүй, өвчин илрэхэд шуурхай мэдэгддэггүй, хариуцлагагүй ханддаг тал ажиглагддаг. Тиймээс өвчний шинж тэмдэг гарвал яаралтай мэдэгдэх, малаа байнгын хариулга маллагаатай байлгаж хорио цээр тогтоосон газраас хол байлгах хэрэгтэй байна. Мөн малдаа байнгын үзлэг хийж, вакцинжуулалтанд нь хамруулах хэрэгтэй.

Б.Энхжин

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих