САЙН ХУВЬЦАА” НЭРИЙДЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙГ УЛАМ ДОРДУУЛСАН
Улс төрийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 10-нд өмнөх Засгийн газар ээлжит бус хуралдаан шуурхай хийж, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авах шийдвэр гаргасан. Энэхүү ажлаа “Сайн хувьцаа” хэмээн нэрлэсэн. Олон жилийн турш “үхмэл” байсан 1072 хувьцааг тийнхүү “амилуулах” болсон гол хөшүүрэг бол мэдээж сонгууль. Учир нь, тухайн үед төсвийн зардал ихэсч өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал алдагдал 4.2 хувиар нэмэгдэж, эхний таван сарын байдлаар 860 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан үед иргэдийн хувьцааг худалдаж авах хөрөнгө үнэндээ өмнөх Засгийн газарт байхгүй байв. Үүгээр ч зогсохгүй зөвхөн 18-аас дээш буюу сонгуульд санал өгөх насны иргэдийн хувьцааг худалдан авахаар шийдвэрлэсэн нь сонгуульд зориулсан шоу гэдгийг улам бататгаж байсан билээ. Санхүүжилтийнх нь талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хувьцааг мөнгөжүүлэхийн тулд 400 орчим тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд үүнийг олохын тулд бонд босгоно гэдгийг тодотгосон. Ингэж хэлсэндээ хүрэхийн тулд их хэмжээний мөнгө хэвлэж, иргэдэд долоо хоногийн хугацаатайгаар бэлэн мөнгө олгосон. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг “Сайн” хөтөлбөрүүд сөхөрсөн эдийн засгийг өндийлгөх бус элгээр нь хэвтүүлэв.
АН зөвхөн сонгуульд ялахын тулд дээр дурдсан хөтөлбөрүүдийг хууль зөрчиж хэрэгжүүлэн эдийн засаг, төсвийн алдагдал, иргэдийн амьдралыг өнөөдрийнхөөс илүү хүнд байдал руу чирсэн нь энэ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин
URL: