Бөхөд хайртай хүний үг

527-147087891448741_91871Хүршгүй тэнгэрт гараа гозолзуулаад юу яриад байна гэж бүү чамлаарай. Би Монголын эрийн гурван наадмын гайхамшгийн нэг монгол бөхдөө хайртай, түүнийг шүтэн биширдэг, бас өв уламжлалыг нь хамгаалж, улмаар зөв сайхан хөгжилд нь хувь нэмрээ оруулахсан гэсэн эрхэм хүсэлтэй, монгол бөхийн мэргэн шүүгч, үзэн баясч сэтгэлийн их тэнхээг амсагч жирийн эр хүн билээ.

Сүүлийн хэдэн жил монгол бөх, Бөхийн өргөө, монгол наадам, тэр бүү хэл сум, аймгийн наадам тойрсон бөхтэй холбоотой асуудлыг зориудаар судалж, бөхийн амьдралын эргэн тойронд болоод байгаа зүй бус, монгол бөхийн удамшилд хор нөлөө үдүүлж асуудалд худал хуурмагаар хандаж, мөнгө өнгөөр монгол бөхийн эрхэм дээд цолонд хүрэхийн дон тусталаа “өвчилсөн” бурангуй будлиу буруу үйлдэл, зарим талаар гэмт явдлын улбаатай асуудлыг монголчууд бид төвшитгэх, жудагтай болгоход анхаарах цаг нэгэнт болсныг сануулахаар мулгуй би бөх, бөхчүүдийнхээ асуудлыг хөндөхөөр санаа шулуудсан минь энэ билээ.
Монгол бөх, эрийн гурван наадмын хамгийн ариун манлай, цэвэр тунгалаг, монгол ээж төрүүлсэн, монгол эцгийн цэвэр удмын цусны уусмал бодигал, бяр, хүч, ухаан тэгширмэл гайхамшигт амьд биеийн ариуныг биедээ тээгч их эрч, эр зориг, ухааны цугларал, хуримтлалын амьд бие мөний хувьд монголчууд бид хүү төрвөөс бөх гэхийн учир оршдог билээ.
Олныг үл нуршин бөхийн ариун биед бөхчүүдийн зөв замд түүхэн ч гэж хэлж болох, гутамшигт муу гэвч багадам доорх ажиглалтыг эх сурвалж түшин хэльюу.
-Өнөөдөр Монгол бөхөөр наймаа хийдэг болсон нь туйлын үнэн.
-Монгол бөхийн эрхэм нандин цол хэргэмийг мөнгөөр худалдаж авах болсон нь нууц биш
-Монгол бөхөд найраа гэгч нууц биш. Ил авлига нь зарим талаар хүнийг хүнд, чадалтай бяртайг нь бяр ухаан муутайд нь мөнгөөр наймаалцах мөнгөний хэрэгсэл болгон хувиргасан нь илтэд явдаг олон хүний зохион байгуулалттай сүлжээ болсон нь тодорхой байна.
-Цэвэр цус, ариухан итгэл, эрүүл эрч хүчтэй сайхан бие бялдартай хайр татам гоё эрчүүдийг маань залуу зандан нас, бяр хүч тэгшрэх сайхан үед нь “допинг” гэгч удам, цус, хүч бохирлогч хэрэгслээр хэм хэмжээг нь өсгөн хэрэглэгч болгож, нас бие тэгшрэх үед нь эргэж нөхөгдөшгүй хохироож байна.
-Үүнийг харсан ч хараагүй, үзсэн ч үзээгүй мэт аашлан монгол генийг сөнөөж байгаа тэр хорт зуршлыг таслан зогсоохын оронд шинжилгээнд нь өөр хүний амьд ус (“шээс”)-ыг өгдөг, орлуулдаг, гаднаас тэр хортой бодисыг оруулж ирэхийг дэмждэг, авч хэрэглэдэг нь одоо бүр ил болсон асуудал юм.
-Монгол бөхийн юугаар ч хамаагүй өндөр цолонд (заан, харцага, гарьд, арслан, аварга) хүрэх гэж допинг хэрэглэн бөхийн цолны наймаа сүлжээнд орж, бүр зохион байгуулагчид нь бөхчүүд хоорондын сүлжээтэй, нутаг хошуу, аймаг сумын төвшний томоохон “ажил” болж, бөхийн цолны төлөөх өгдөг авдаг нь тарифтай болсон нь ч нууц биш юм. Үүнийг бүр монгол бөхийн манлай ахмад үеийн бөхчүүд зохион байгуулж, зааж зааварлан зөвлөж, хутгуур хошуучлагч болсон нь бас үнэн.
-Монгол бөхөд аймаг, улс хошуугаар ялгарч, нутаг, гол ус, дов жалга, тэр бүү хэл халх дөрвөд баядаар ялган бөхөд бөөрөлхөл, дээрэлхэл үүсгэж шударга бусаар шүүх, түүнийг турхирагч бүлэглэл зохион байгуулдаг болсон ноцтой үйлдлийг өөгшүүлэн дэмждэг нь бас ил болж байна.
Маш товчоор хэлбэл, дээр дурдсан ноцтой, хортой хэдхэн баримт нь монгол бөхийг, бөхийн алтан дэвжээг бузартан булингартуулж, бохирлон гутааж байна.
Бөх, бөхчүүдийн ёс зүй ч маш их доройтлоо. Бөхчүүдийн холбооны үйл ажиллагаа ч горьгүй байдалд автан үндсэн дүрэм, дэг жаяг ч хэрэгжихгүйд хүрлээ. Монгол бөхийн холбоо, Бөхийн өргөөнд тухлагсдын хуучирсан хоцрогдсон үзэл бодол аюулын зэрэглэлд дөхөж байна. Иймийн учир монгол бөхөө аваръя гэж уриалаад дараахь саналыг өргөн мэдүүлье.
1. Монгол бөхийн дэг жаяг шинэчлэлд  шамдаж, монгол бөхийг дүрэм журмаар бус хуулиар зохицуулдаг болгож, монгол бөх, монгол бөхийн удмын хамгаалалтыг төрийн мэдэлд хурдан шилжүүлье.
2. Монгол бөхийн өргөөг шинээр барьж, зөвхөн бөхчүүдийг барилдуулж мөнгө цуглуулдаг биш монгол эрчүүдийн хөгжлийн төв, бөхчүүд дасгал сургуулилтаа хийж, эрүүл мэндээ хамгаалж, бие бялдраа сайжруулдаг, монгол бөхийн уламжлалт арга мэхийн сургуультай болгон бэхжүүлэх талбар болгоё.
3. Бөхийн цол олгох асуудалд судалгаа дүгнэлт хийж, хавтгайрсан найрааны бус жинхэнэ бяр хүч, авьяас ухаанаараа шударга хүртдэг манлай сайхан цолтон төрөхөд бодитой өрсөлдөөнийг үзүүлж, зөв замд оруулъя.
4. Бөхчүүд ялангуяа өндөр цолонд хүрэхийн төлөө юу ч хийдэг, бурангуй оролдлогоор найраа, мөнгө өгч авалцдаг, хүч тамирын бодис хэрэглэдгийг таслан зогсоох гол аргыг эрэлхийлж, энэ хорт үйлдлийн эсрэг хуульд тодорхой хэрэгжих үндэстэй хуулийн заалт оруулж хориглон хэрэгжүүлдэг болгоё.
5. Бөхийн шүүгчдийг бөх байсан, цол чимэгтэй ахмад үеийн бөхчүүдээс бус жирийн иргэдээр, тусгай сургалтаар бөхийн дэг жаягийн засуул, шүүгч, хөлийн Цэц хийх эрх авч тэнцсэн хүнээр бүрдүүлж хэрэгжүүлэх нь онцгой анхаарах асуудал. Ерөнхий, дээд, тусгай дунд ойр буюу бага засуул, шүүгч гэж гурван шатлалттай шүүлтийн хэлбэрийг зохион байгуулж журамламаар байна.
6. Бөхийн холбоо гэгч төрийн бус олон нийтийн байгууллага ажиллахыг үгүйсгэхгүй ч одоогийн Бөхийн холбоо шиг өөртөө тохирсон дүрэм журамтай, ямар ч ардчилалгүй, хэт хуучинсаг, биеэ тоож, өөрсдийгөө өндөрт боддог хэсэг хүний цугларал, хуйвалдааны талбар байхыг хориглон Монгол Улсын начнаас дээш цолонд хүрэх бөхчүүдэд албан ёсны цалин хангамж олгодог, төрийн хайр халамж анхааралд оруулж, ёс зүйн хариуцлагын тогтолцоотой эзэнтэй хүн бөх болгох нь зүйтэй мэт.
7. Бөхчүүд өндөр цолтой болох зорилгодоо хүрэхийн тулд буруу үйлдэл хийж, найраа бөхийн авлигад оролцохгүй байх, хортой хүчтэй бодис биедээ ууж тээхгүй, зөвхөн өөрийнхөө төрмөл, үүсмэл бие эрчимжүүлэн хөгжүүлэх шинжлэх ухаан уламжлал хосолсон сургалт дасгалаар бөхийн оргилд хүрэх нөхцөлөөр хангах нь одоо цаг үеийн амин чухал асуудал болж байна.
8. Бөхчүүдийг баг, сум, дүүрэг, аймаг, хотын, заал танхимын бүх шатны барилдаанд барилдуулахдаа тэдэнд олгох гурван шатлалтай мөнгөн урамшууллын одоогийн хэмжээг улсын төсвөөс олгож нэмэгдүүлэх ялангуяа жилд ганцхам болдог Улсын баяр Цагаан сарын барилдаан, тэмдэглэлт ой, байгууллага, аж ахуйн нэгжийн нэрэмжит ойн баяр зэрэгт олгох шөвгийн 16, 8, 4, үзүүр түрүүний бөхөд олгох мөнгөн урамшууллын хэмжээг өндөр тогтоож, хуульчлах цаг болсон.
9. Бөхийн өнгө үзэмжтэй чанартай зодог шуудаг, өмсгөл малгай, дээл, гутлын үйлдвэрийг Бөхийн ордон дотор байгуулж, шагнал урамшилд нь олгодог журамтай болгомоор. Өөрөөр хэлбэл, ажилчдад хамгаалах хэрэгсэл хувцас олгодогтой адилтган тодорхой хугацаатай олгодог болох нь зүйтэй юм.
10. Бөхийн гэргийг хүүхдээ өсгөх, төрүүлэх, ар гэрээ авч явах cap жилд нь нийгмийн даатгалд хамруулах ч юмуу амьдралд нь нэмэр тус болох дэмжлэг үзүүлдэг хэлбэрийг нөхөр бөхийн авсан цолтой нь уялдуулан хэрэглэх нь зүйтэй санагдана.
11. Монгол бөхийн удирдлага-зохион байгуулалт, одоогийн төвшин, бодит байдал, тогтолцооны хэлбэрт гүн гүнзгий судалгаа хийж, үндэсний өв соёлоо дэлхийд бүртгүүлсэн шигээ хурдан анхааралдаа авч, энэ сайхан уламжлалт нандин зүйлээ төрийн хайр халамжид авч, мөрдөж баримтлах хуультай болпох цаг болжээ.
Дашрамд хэлэхэд, Монгол төрийн баяр наадмын иж бүрэн хуультай болж бөх, сур, морь гурваа төрийн хараатай, төрийн зохицуулалттай, төрийн бүртгэл хамгаалалттай, төр засгийн өндөр шагналтай болгох цаг нэгэнт болсон баймаар юм.
Монгол бөхөө хамгаалъя, аваръя.
Сэтгүүлч Ц.Ядамсүрэн
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих