Н.Баяртсайхан та улстөрд үйлчлэхгүй байж чадах уу?
Уг нь улсын төсөв гээчийг үйлдэх процесс бүтэн жилийн туршид явагдах ёстой. Төсөв батлагдсны маргаашнаас эхлээд л бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дараагийн жилийнхээ төсвийн сахилга бат, эрүүл саруул байдлын төлөө анхаарч орлого, зарлагынхаа тэнцвэрийг зохистой төвшинд барихад ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ гэдэгт шийдвэрээ хандуулах ёстой ч, тэгдэггүй. Хэтэрсэн алдагдал, дүүргэх тодотголын тухай ярьсаар байгаад таардаг. Одоогийн нөхцөл байдлын тухайд төсвийн алдагдал 1 их наяд төгрөгөөс давжээ. Ирэх оны төсөв батлагдахад 4 сарын л хугацаа үлджээ. Хямралтай байгаа тул ихээр хэмнэсэн төсөв батлахгүй бол горьгүй нь гэцгээж байна. Гэвч ярьсан шигээ хийх эсэх нь гол асуудал.
Эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд төсөв, мөнгөний бодлогын зөв уялдаа хэрэгтэй байна гэдэг асуудлыг ярихгүй биш ярьцгаадаг ч, яг алхмууд хийгдэж байна уу гэдэг нь асуултын тэмдэг дагуулсан хэвээрээ. Манай эдийн засгийн 40 гаруй хувийг төсвийн бодлогоор, 60 хувийг мөнгөний бодлогоор зохицуулдаг учраас анхаарах нь зайлшгүй билээ. Эдийн засаг дахь мөнгөний урсгалыг хадан цохио руу, биш зөв гарцууд руу удирдан чиглүүлэх үүрэгтэй төв банкнаас тодорхойлдог мөнгөний бодлогыг, засгийн газраас гардан гүйцэтгэдэг төсвийн бодлоготой хэрхэн уях вэ гэдэг дээр эдийн засагчид өөрсдийн санаа оноогоо харамгүй л хэлж байгаа. Ер нь бол манай төв банкны бодлого дөмөгхөн шиг байх хэрэгцээ, шаардлага эдийн засагт байгаа гэдгийг бид санах учиртай байна. Гэтэл төв банк нь засаг төрөөс шууд хамааралтайн хувьд улстөрийн угшилтай шийдвэрүүд эдийн засгийг залуурдаж таараад байдаг. Түүнчлэн Монголбанкинд Засгаас хараат бусаар ажиллах боломж бий юү? гэдэг асуулт тавигдаж ирснийг хэлэхэд хэтрүүлэн нуршсан хэрэг болохгүй биз ээ.
Монголбанкны экс Ерөнхийлөгч нэгэнтээ “Төв банкны үйл ажиллагаа улс төрчдийн мэдэлд байсан цагт ДНБ-ий өсөлт тогтворждоггүй төдийгүй инфляци дорвитой буурдаггүй нь нэгэнт нотлогдсон зүйл. Гэтэл манайд дэлхий нийтийн хандлагыг сөрж, бусдын алдаанаас суралцахыг хүсэхгүй байгаа үзэгдэл илэрч буй нь харамсалтай.Аливаа төв банк бол зөвхөн нийгмийн эрх ашигт үйлчилж байх үүрэгтэй институт юм. Харин энэхүү өндөр үүрэг хариуцлагыг ёс төртэй биелүүлэх баталгаа нь төв банкны хараат бус үйл ажиллагаа билээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк зарим тохиолдолд хүнд хэцүү арга хэмжээг зайлшгүй авах ёстой болдог. Ийм тулгамдсан арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг байхын тулд төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргаж байх зайлшгүй шаардлага урган гардаг. Гэтэл үүнийг сүүлийн үед зарим УИХ-ын гишүүн хүртэл үгүйсгэж ярих болсныг анхаарахгүй орхиж болохгүй юм. Хариуцлагагүй улс төрд үйлчилж буй мөнгөний бодлого юунд хүргэдгийг Зимбабве улсын жишээнээс тод харж болно…” хэмээн хэлж байсныг энд зориуд тэмдэглэе. Тэгэхээр төв банкны шинэ Ерөнхийлөгч Н.Баяртсайхан та улстөрд үйлчилдэггүй удирдлага байхын тулд хичээж ажиллах хэрэгтэй биз ээ.
Уг нь ганц уул уурхайд уягдаж биш солонгын өнгөт төрөлжсөн эдийн засгийг цогцлоож урагшлах тухай бид нэлээн хэдэн жил ярьж байгаа. Иргэдийн тухайд эдийн засгийн төрөлжилт буюу диверсификаци гэхчлэн үг хэллэгүүдийн талаар сонсохоос илүүтэй зөвхөн уул уурхайн салбарт бус бусад салбаруудад ч өөрийг нь, үр хүүхдийг нь багтаж шингээх ажлын байр, тогтмол орлогын эх үүсвэр бий талаар, улс оронд нь олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн үйлчилгээ, хаа ч гологдохгүй боловсрол олгох систем нутагшсан талаар сонсохыг хүсдэг гэдэгтэй маргах хэрэггүй биз.
Э.Болор Эх сурвалж:Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Амжилт хүсэе. Чамбай ажилтай залуу