Хотын дарга Унгар улсаас 25 сая еврогийн зээл авах санал гаргажээ
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Форумд Зүүн хойд Азийн 6 улсын 20 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор ирээд байгаа.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр БНУУ-ын Будапешт хотын Захирагчийн Санхүү хариуцсан орлогч ноён Др. Габор Багдитай уулзлаа.
Уулзалтаар хотуудын хамтын ажиллагааг улам илүү гүнзгийрүүлж, хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон юм. Мөн өнгөрсөн оны 12 сард байгуулсан “Хотуудын хамтран ажиллах санамж бичиг”-ийг Будапешт хотын орлогч Др. Габор Багди нийслэлийн Засаг даргад гардуулан өглөө.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, “Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнгөрсөн онд тохиож, Унгар улсын Элчин сайдын яамыг Монгол улсад байгуулсан нь хотуудын хамтын ажиллагааг улам илүү бэхжүүлэхэд чухал үйл явдал болсон. 1957 оноос эхлээд Монголын олон залуус Унгарт суралцаж мэргэжил эзэмшиж ирсэн. Энэ уламжлалыг үргэлжүүлэн Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр Унгарт суралцах оюутны тоог нэмэхээр болсонд баяртай байна. Энэ нь хотуудын хамтын ажиллагааг улам илүү өрөгжүүлэхэд түлхэц болно” гэдийг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн 2015 онд Унгар Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Будапешт хотын компанитай Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах, шугам хоолойг солих шинэчлэх зэрэг асуудлаар Ус сувгийн удирдах газар хамтран ажиллахаар гэрээ хэлцэл хийсэн. Гэрээний дагуу хамтын ажиллагаагаа үргэлжүүлнэ. Мөн Унгар улсын “Эскпорт-Импорт” банкнаас Улаанбаатар хотод 25 сая Еврогийн зээл өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Зээлийн хүрээнд нийтийн тээврийн эко автобус угсрах үйлдвэрийн төсөл, Туул голын үерийн далан, эко системийг сайжруулах, амралт зугаалгын бүс байгуулах, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Ухаалаг хотхон” байгуулах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэсэн юм.
eagle.mn
URL: